Categories
мэдээ нийгэм

“Тэс Петролиум” ХХК зуны түлш зарснаас болж 50 зорчигчтой автобус хөдөө хээр хоносон уу

Related image

Улаанбаатар-Цагаан хад чиглэлийн 50 орчим зорчигчтой автобус энэ сарын 06-ны өдөр 21 цагийн үед Ханбогд сумаас хөдлөхдөө “Тэс Петролиум” ХХК-ийн ШТС-ын дизель түлшээр дүүргэж гарчээ. Шөнийн 00 цагийн үед Манлай сумыг өнгөрч явтал автобус унтарч асахаа байжээ. Тухайн үед автобусан дотор зорчиж явсан хүмүүс “Тэс Петролиум” компани зуны түлш шахсанаас болж -30 гаруй градусын хүйтэнд түлш нь царцаж унтарлаа гэсэн дүгнэлтэд хүрчээ. Зорчигчид ч гэсэн “Маш их гомдолтой байгаа” хэмээн фэйсбүүкт юу болсон талаар нийтэлсэн байсан. Иргэд амьд гарахын тулд бүгдээрээ цамц, куртикаа бамбарлан шатааж автобусны түлшний савыг гаднаас нь халааж царцаж, хөлдсөн түлшийг гэсгээн өглөөний 09 цагийн орчимд автобусаа асааж Дундговь аймагт иржээ. “Өвлийн сар эхэлсэн, цочир хүйтэрсэн байхад зуны түлш зарсаар байгаа, зуны түлш шүү гэж анхааруулаагүй зарсан, маш хариуцлагаггүй олон хүний амь нас эрсдэх нөхцөл үүссэн. ШТС-уудын түлш, шатахуунд хяналт шалгалт хийдэг газар байвал очиж шалгах хэрэгтэй, Олон хүний ажил, цаг зав, эрүүл мэндийг үрсэн амь насанд халтай үйлдэл боллоо, цаашид хол замд явж байгаа хэдэн ч машинд зуны түлж зарсанг мэдэхгүй юм, Маш их гомдолтой байна” гэсэн зүйлийг тус автобусан дотор сууж явсан иргэд хэлж байгаа юм. Нялх хүүхэд, өндөр настай ээжтэйгээ хамт зорчиж явсан Б.Тэрбиштэй утсаар холбогдож тодруулга авлаа.

АВТОБУСАН ДОТОР ЯВСАН ЗАЛУУЧУУД ЦАМЦ, ПОДВОЛКОО ШАТААЖ БАЙГААД ТҮЛШИЙГ НЬ ГЭСГЭЭЖ АВТОБУСАА ХӨДӨЛГӨСӨН

-Энэ сарын 06-ны өдөр Улаанбаатар-Цагаан хад чиглэлийн автобусанд зорчиж явсан юм байна. Тухайн үед яг юу болсон талаар бидэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

Улаанбаатар-Цагаан хад чиглэлийн хот хооронд явдаг автобус оройны 21:00 цагийн үед Ханбогдоос хөдөлсөн юм. Манлай сум хүртэл 100 км байдаг. Энэ хооронд автобус нь бөглөрөөд сайн явахгүй байсан л даа. Тэгсэн жолооч нь “Ингэж бөглөрөөд байвал түлшин дээрээ таван литр бензин хийчихвэл зүгээр болчихдог” гээд Манлай суманд түр зогсч бензин хийсэн. Гэтэл өмнөхөөсөө ч дор болсон. Оройны 22:00 цагаас үүрийн 06:00 цагийн хооронд 100 км замыг л туулсан. Энэ хугацаанд автобус нь бөглөрөөд маш удаан явсан. Гурван минут яваад л бөглөрөөд дахин, дахин зогссон. Хамгийн ихдээ таван минут л явж байсан. Сүүлдээ түлш нь хөлдөөд таг зогсчихсон. Автобусан дотор явж байсан залуучууд цамц, подволкоо бамбардаж байгаад шатааж хөлдсөн түлшийг нь гэсгээж автобусаа хөдөлгөсөн.

Автобусан дотор хэдэн хүүхэд зорчиж явсан бэ. Тэднийгээ осгож бээрэхээс яаж хамгаалав?

-Би хоёр хүүхэдтэйгээ, ээжтэйгээ хамт явж байсан. Бага маань ой гарантай. Манай хүүхдээс гадна ой гаран бас нэг хүүхэд байсан. Хоёр хүүхдээ бид өөрсдийнхөө дулаан хувцасаар хучсан. Ээж маань гадуур өмсөж байсан куртикаа тайлаад хүүхдүүдээ хучсан. Ядаж байхад бид хаалганы дэргэд суусан байсан болохоор ээж маань маш их даарсан. Хөлдөхөөр хүйтэн байсан болохоор гадуур хувцасаа тайлж хүүхдүүдээ хучихаас өөр арга байгаагүй.

Тухайн автобус түлшээ “Тэс Петролиум” ХХК-ийн ШТС-аас авсан гэж фэйсбүүкт бичсэн байсан. Энэ үнэн юм уу?

Үнэн, үнэн түлшээ Ханбогд суманд байрладаг “Тэс Петролиум” ХХК-ийн салбараас авсан. Жолооч нь өөрөө зуны түлш гэж үзээд байгаа. “Хөхөө өвлийн хүйтэнд зуны түлш зардаг яасан хүний мөсгүй юм бэ” гэж бодоод хоёр хоногийн өмнө “Тэс Петролиум” ХХК-ийн захирал н.Батчулуунтай очиж уулзсан. Гэтэл “Манайх зуны түлш зараагүй ээ. Өвлийн түлшээ зарж байгаа. Ямар ч түлш -35 градусаас дээш хүйтэнд царцаад байдаг юм. Хэрэв та бүхэн хүсвэл шалгуулж болно” гэж хэлсэн.

-Авто тээврийн газар болон автобусны жолооч гээд холбогдох газрын хүмүүс та бүхэнтэй эргэж холбогдсон уу?

Холбогдоогүй ээ. Тэр автобусны жолооч тухайн үед арга хэмжээ авсан ч гэсэн хол замд саатаад зогсоход шаардлагатай арга хэмжээ авах багж хэрэгсэл огт байгаагүй. Аль, аль талдаа л буруу байна. Өвлийн хүйтэнд холын замд явж байж нөөц түлш байхгүй, гал хэрэгтэй болоход гал байгаагүй. Үүнийг авто тээврийн компани нь анхааралдаа авна биз ээ.

Тухайн автобусыг ямар компанийн харьяалалтай байсан юм бэ. Авто тээврийн үндэсний төвөөс энэ асуудлыг тодруулахад мэдээгүй байна лээ?

-Хот хоорондын том оврын автобус. Ямар компанийн автобус гэдгийг сайн мэдэхгүй байна. Уг нь тэр автобусны жолооч авто тээврийн үндэсний төв рүүгээ хэлсэн гэж ярьж байсан.

-Автобус зогссон үед хөл, гараа хайрсан, хөлдөөсөн хүн бий юу?

Хөл, гараа хөлдөөсөн, хайрсан хүмүүс байхгүй л дээ. Гэхдээ хэт их даарснаасаа болоод ханиад хүрсэн хүмүүс байгаа. Жишээбэл, манай ээж хууч өвчтэй л дөө. Даарснаас болж шүд нь өвдөж халуурсан. Манай хоёр хүүхдийн хоолой нь өвдөж, ханиад хүрсэн. Яг одоо эмийн сангаас эм аваад л зогсож байна. Ер нь манай монголчууд амьд гарсан юм чинь яахав, яахав гээд л зүгээр өнгөрөөдөг. Үүнээс болоод шат шатандаа ямар ч хариуцлага хүлээдэггүй. “Тэс Петролиум” ХХК дээр очиж уулзахад шууд өөрсдийгөө өмөөрч “Манайх өвлийн түлш зарж байсан. Шалгуулдаг газраа шалгуул. Цаад авто тээврийнхээ компанитай ярь” гэсэн хариултыг л өгсөн.

-МАНАЙ КОМПАНИ АВТОБУСНЫ ЖОЛООЧ ДЭЭР ГОМДОЛ ГАРГАНА-

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс “Тэс Петролиум” ХХК-ийн олон нийттэй харилцах албаны н.Чинбаттай холбогдож энэ асуудалд хариу тайлбар авлаа.

-Танай компанийн Ханбогд суманд үйл ажиллагаагаа явуулдаг ШТС зуны түлш зарсны улмаас 50 орчим зорчигчтой автобус хөдөө хээр хоносон гэх мэдээлэл бидэнд ирсэн юм?

-Ханбогд суманд үйл ажиллагаагаа явуулдаг манай салбар ШТС ганцхан автобусанд үйлчилдэггүй. Ханбогдын салбараар өдөрт 400 орчим хүн үйлчүүлж шатахуун авч байна. Гэтэл ганцхан тэр автобусанд асуудал үүссэн байна. Ганцхан өдөр хулхи бараа зарж ашиг олчихоод маргааш нь алга болдог байгууллага биш шүү дээ. Үйлчлүүлэгч нараа өдөр бүр манайхаас үйлчилгээ авдаг болгохын тулд байнга хяналт тавьж шалгадаг. 12 дугаар сар гарсан энэ үед зуны түлш зарах ямар ч үндэслэл байхгүй. Биднийг дээрээс шалгадаг байгууллага байдаг юмаа.

Тэгэхээр танай компани зуны түлш зараагүй гэсэн үг үү?

Манайх тухайн үед хямдралтай үйлчилгээг хэрэглэгчиддээ үзүүлж байсан. 100 мянгаас дээш төгрөгт түлш худалдаж авбал 100 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байсан юм. Тухайн үед очиж түлш авчихаад одоо ингээд гүтгээд байна. Манай компани монгол орон даяар 100 гаруй салбартай. Өдөрт ойролцоогоор 35 мянган хүн үйлчлүүлдэг. Хэрэв зуны түлш зарж байсан бол манайхаар үйлчлүүлсэн бүх иргэд гомдол гаргах байсан. Зуны түлш зарах ямар ч боломжгүй. Хөрсөн дээр -12 хэм хүрэхэд шууд зарцдаг. Өвлийн түлш зарж эхлэхэд Стандарт, хэмжил зүйн газар, МХЕГ-аас ирж шалгадаг юмаа. Манай компани тэр автобусны жолооч дээр гомдол гаргана гэж бодож байгаа.

-ӨВЛИЙН ДИЗЕЛЬ ТҮЛШ -35-40 ХЭМД ТЭСВЭРТЭЙ БАЙДАГ-

“Тэс Петролиум” ХХК-ийн захирал “Ямар ч түлш -35 градусаас дээш хүйтэнд царцаад байдаг юмаа” хэмээн иргэн Б.Тэрбишт хэлсэн байсан. Бид МХЕГ-ын олон нийттэй харилцах албатай холбогдож дараах тайлбарыг хэлсэн юм. Тодруулбал, “Дизель түлшийн шинж чанарыг тодорхойлдог олон үзүүлэлт байдгаас голчлон царцах, булингартах температураас нь хамааруулан өвлийн зуны гэж ангилан ялгадаг. Зуны дизель түлш нь -5-10 хэмд царцдаг. Өвлийн дизель түлшийн хувьд -35-40 хэмд тэсвэртэй байдгаараа онцлогтой. Өвлийн түлшийг гарган авахын тулд хөлдөөх, хөргөөх технологийг ашигладаг. Өөрөөр хэлбэл, дизель түлшийн дотор агуулагдаж байгаа царцах чанартай бодисууд буюу парафинуудыг хөлдөөх замаар салгаж авдаг гэсэн үг. Тэгж байж хүйтэнд тэсвэртэй өвлийн дизель түлшийг үйлдвэрлэдэг” гэсэн тайлбарыг өгсөн.

“Тэс Петролиум” ХХК зуны түлш зарсан эсэхийг мэргэжлийн байгууллагууд шалгаж үзсний дараагаар тодорхой болно. Мөн 50 зорчигчтой автобус хөдөө хээр хоносон байхад Авто тээврийн үндэсний төв мэдээгүй байсныг хэлэх нь зүйтэй болов уу.

Эх сурвалж: medee.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *