Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөг батлалаа

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөг батлаад байна. Дээрх асуудлыг өчигдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр танилцуулж хэлэлцүүлсэн юм.

Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайг нэмэгдүүлнэ

Тэрээр, “Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөө байхгүйн улмаас хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлж, нягтруулах, шилжүүлэхийн зэрэгцээ эзэнжүүлж, арчлах ажил хангалтгүй байсан”-ыг хэлэв. Тэгвэл тус төлөвлөгөөг хэрэгжүүлснээр ногоон байгууламжийг газар олголт, инженерийн шугам сүлжээ, хот төлөвлөлт, хотын ландшафт дизайнтай уялдуулан шинжлэх ухааны үндэслэлтэйгээр төлөвлөн бий болгох, түүнийг арчлах цогц менежмент мөрдөх боломж бүрдэх юм.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нэг иргэнд 0.3-4.6 ам метр ногоон байгууламж ногдож байна. Тодруулж хэлбэл, Сүхбаатар дүүргийн нэг оршин суугчид 4.6 ам метр ногоон байгууламж ногдож буй бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага буюу 0.3 ам метр байгааг албаныхан онцлов. Харин Хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөг хэрэгжүүлснээр дээрх үзүүлэлт 14-126.3 ам метр болж нэмэгдэнэ гэдгийг хэлж байв. Төлөвлөгөөг дөрвөн чиглэлээр хэрэгжүүлэх талаар танилцууллаа. Хамгийн эхэнд хууль, эрх зүйн орчныг сайжруулж, хэрэгжүүлэх оновчтой тогтолцоо бий болгох аж. Дараагаар нь хотыг цэцэрлэгжүүлэх санхүүгийн тогтвортой эх үүсвэрийг бий болгохоор төлөвлөсөн байна.

Мал эрхлэх бүсэд өөрчлөлт оруулав

Мөн НИТХ-ын өчигдрийн хуралдаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мал аж ахуй эрхэлсэн бүсийн хязгаарт өөрчлөлт оруулах санал орууллаа. Өнгөрсөн 2017 оны наймдугаар сард долоон аймгийн 24 сум, нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин дэгдсэн. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга захирамж гарган, нийслэлийн суурьшлын бүсэд мал адгуулахыг хориглож, мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан юм.

Улаанбаатар хотын ерөнхий менежрээр ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд захирамжийн хэрэгжилтийг хангуулж, мал бүхий иргэдийг хотын гадагш нүүлгэн шилжүүлсэн. Ингэхдээ инженерийн дэд бүтэцгүй газруудад цахилгааны дэд станц бариулж, гүний худаг гаргуулсан байдаг. Заримаас нь дурдвал Сонгинохайрхан дүүргийн хоёр байршилд 325 өрхийг эрчим хүчээр хангах 10 кВ-ын агаарын шугам, 250 КВА хүчин чадалтай гурван дэд станц бариулжээ. Баянзүрх дүүрэгт мөн ийм хүчил чадалтай дэд станц бариулсан нэгийг бариулж, иргэдийг нүүлгэн шилжүүлсэн гурван байршилд гүний есөн ширхэг худал гаргажээ. Үүний зэрэгцээ 400 гаруй өрхөд газар олгосон байна. Нүүлгэн шилжүүлсэн өрхүүдийн амьдрах орчныг сайжруулахын тулд автобусны буудал бариулж, ус зайлуулах хоолой хийсэн талаар холбогдох албанаас мэдээллээ.

Гэвч мал бүхий зарим өрх, иргэд Улаанбаатар руу буцаж ирэх зөрчил гарч буй ажээ. Тиймээс холбогдох албаныхан Бяанзүрх дүүргийн XI хорооны шалган нэвтрүүлэх товчоо, Ногоон зоорь, Туул зөрлөг, “Ургах наран” хороолол, Сонгинохайрхан дүүргийн XXXII хорооны нутаг, “Мал бордох”, Баруунтуруун, 384 дүгээр гарам, Хан-Уул дүүргийн XII хорооны Малчин, Өлийн ам, Таван толгой, Цоохор, Цагаан эргээс бусад хэсгийг хэсэгчилж, хориглосон бүсэд хамруулах санал гаргав. Мөн Сонгинохайрхан дүүргийн XXI хорооны Шар цэцэгтийн хэсгийг зөвшөөрсөн бүсэд оруулах санал гаргалаа. Дээрх бүсүүдэд Сонгинохайрхан дүүргийн 128 өрхийн 5375, Баянзүрх дүүргийн 69 өрхийн 3474, Хан-Уул дүүргийн 58 өрхийн 1573 буюу нийтдээ 255 өрхийн 10 422 толгой малыг шилжүүлэхээр төлөвлөжээ. Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцээнд тогтоол баталсан талаар НИТХ-ын ХМОНХТ-өөс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *