Categories
мэдээ цаг-үе

Д.Ууганбаяр: Хар тамхи, мансууруулах бодисыг хэрэглэж байгаа гол хүмүүс нь оюутнууд байдаг

“Шүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн” өчигдөр боллоо. Энэ үеэр Нийслэл, хөдөө орон нутгийн бүх шатны шүүхийн тамгын газруудын үйл ажиллагааны үр дүнг танилцуулсан юм. Тухайлбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 онд нийт 16961 хэрэг хүлээн авч, 11387 хэргийг нь шийдвэрлэсэн байна. Уг үзүүлэлтийг өмнөх оныхтой харьцуулахад хэрэг хүлээн авсан байдал нь 5.3 хувиар нэмэгдсэн бол шийдвэрлэсэн хэрэг нь 2.3 хувиар буурчээ.

Харин Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны гуравдугаар улирлын байдлаар нийтдээ 13000 орчим хэрэг хүлээн авч, 9600 гаруй хэргийг шийдвэрлэсэн байна. Улсын хэмжээн дэх иргэний хэрэг маргааны 27 хувийг Баянгол, Хан-Уул, Сонгинрхайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэдэг ажээ. Тиймээс нэг шүүгчид ногдох хэргийн тоо 25 хувиар нэмэгдэж, ачаалал нь ихэссэн байдалтай байгаа гэж энэ үеэр яригдаж байлаа. Мөн эл гурван дүүргийг хариуцсан анхан шатны шүүх дээр ирүүлж буй хэргүүдийн дийлэнх нь гэр бүлийн маргаан, хөдөлмөрийн эрх зүйтэй холбоотой байжээ.

Түүнчлэн орон нутгийн шүүх байгууллагын энэ оны нөхцөл байдал, хэрэгжүүлсэн ажлын үр дүнгийн талаар танилцуулагдаж байсан тул Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны шүүхийн тамгын газрын дарга Д.Ууганбаяртай ярилцав.

-Танай аймагт энэ жил хэрэг бүртгэлийн хэрэг хэр байв?

-Дархан-Уул аймаг хүн амын төвлөрөлт өндөртэй гэдэг утгаараа иргэний хэрэг маргаанууд нэлээд өсөлттэй байна. Тухайлбал иргэд хоорондын зээл, төмөр болон авто замын хөгжил өндөртэй учир энэ төрлийн маргаан, хэрэг зөрчлийн хэрэг энэ онд зонхилсон. Одоогоор анхан шатны журмаар 1200 орчим хэрэг хянан шийдвэрлэгдсэн. Үүний 10 орчим хувь нь буюу 120 гаруй хэрэг нь давж заалдах шатандаа гомдол гаргаж, хянууллаа. Мөн ОХУ-руу явдаг А зэрэглэлийн зам манай аймагт байдаг учраас авто тээвэр журмын эсрэг гэмт хэргүүд буюу авто тээврийн осол, машины хулгай, дээрмийн хэргүүд урьд жилүүдийнхээс өссөн. Тээврийн хэрэгслийн хулгайн гэмт хэрэг манай аймагт гурван жилд хоёр удаагийн тохиолдол бүртгэгддэг байсан бол 2018 онд энэ төрлийн гэмт хэрэг есөн удаа үйлдэгдсэн.

-Бүртгэгдсэн хэргүүд дотор өөр ямар төрлийн хэрэг зонхилсон бэ?

-Танхайрах, дээрмийн гэмт хэргүүд тус бүр 10 хувиар нэмэгдсэн. Эрүүгийн хэрэг анхан шатны журмаараа жилд 500 орчим хэрэг шийдвэрлэгдсэн. Анхан шатны журмаар шийдвэрлэгдсэн хэргийн 10 орчим хувьд нь давж заалдах гомдол гардаг. Энэ нь эрүү, иргэн, захиргааны хэргүүдэд бүгдэд нь хамаатай. Сүүлийн жилүүдэд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргүүд Дархан-Уул аймагт өсөлттэй гарсан. Яагаад гэвэл хар тамхины төрлийн ургамал энэ суурьшмал бүсэд ургадаг. Үүнийг түүж хэрэглэх, хадгалах хандлага иргэдийн дунд их байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс хавар, намрын үед мансууруулах төрлийн ургамлыг устгах ажиллагаа хийгддэг.

-Хар тамхины хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн насны тухайд?

-Дархан-Уул аймагт улсын 16 сургуулийн салбар бий. Тэнд жилд дунджаар 20 гаруй мянган оюутан суралцдаг. Хар тамхи, мансууруулах бодисыг хэрэглэж байгаа хүмүүс нь ихэвчлэн оюутнууд байдаг. Энэ жилийн тухайд шүүх дээр хар тамхитай холбоотой гурван хэрэг шийдвэрлэгдсэн. Оюутнуудаас гадна насанд хүрээгүй сурагчид холбогдогч болсон тохиолдол байхгүй ч энэ төрлийн хэрэгт холбогдох эрсдэл бий. Тиймээс насанд хүрээгүй хүнийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг байнга хийж байгаа. Дархан-Уул аймагт ургадаг хар тамхины төрлийн өвснөөс өөр төрлийн мансууруулах бодис худалдаалсан тохиолдол бүртгэгдээгүй.

-Хүүхдүүд ямар гэмт хэрэг ихээр үйлдэж байна вэ?

-Насанд хүрээгүй хүн гэмт хэрэгт холбогдох үндэслэл нь санамсар болгоомжгүй, гэнэн байдлаасаа болоод хүний биед хөнгөн болон хүндэвтэр гэмтэл учруулах тохиолдол гардаг.

-Хүчингийн хэрэг их байна гэж яригдаж байгаа. Танай аймагт ийм төрлийн гэмт хэрэг ямархуу байна?

-Яг энэ төрлийн гэмт хэрэг нь улс орны эдийн засаг хямарснаас болоод ажлын байрны хомсдол, ажилгүйдэл их байгаатай шууд холбогдож байна. Учир нь ажилгүй хүмүүсийн дунд архины хэрэглээ нэлээд өндөр байдаг. Согтуурч ухаангүй болсон үедээ гэр бүлийнхээ хэн нэгнийг зодсон тохиолдол олон гарсан. Хүчингийн хэрэг голдуу анхан шатны хэргийн журмаар шийдвэрлэгддэг. 2018 онд найман удаа хүчингийн хэрэг шийдвэрлэсэн. Хохирогчдын гурав нь насанд хүрсэн, тав нь насанд хүрээгүй байсан. Харин эдгээр хэрэгт үйлдэгчээр арван хүн холбогдож, хуулийн хариуцлага хүлээсэн.

-Энэ жил хүний амь насыг хохироосон гэмт хэрэг гарсан уу?

-Хүний амь насыг санаатай болон санамсаргүй байдлаар хөнөөсөн гэмт хэргүүдийн тоо мөн өсөлттэй буюу арваннэгдүгээр сарын байдлаар гурван хэргийг шийдсэн.

-Ер нь шүүх байгууллагад ажилладаг хүний хувьд шүүгчийн ёс зүйг ямар байна гэж харж байна?

-Шүүгчийн ёс зүйн асуудал дээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс болон холбогдох байгууллагуудаас нэлээд анхаарч ажиллаж байна. Дархан-Уул аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхэд нийт 21 шүүгч ажилладаг. Шүүгчийн ёс зүйтэй холбоотой асуудлаар энэ онд хоёр шүүгч дээр гомдол ирсэн. Гомдлууд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай болон зан харилцаатай холбоотой байсан. Үүнийг ёс зүйн холбоо нь хүлээж аваад журмын дагуу шалгаж үзэхэд ёс зүйн гомдлын хэрэг үүсгэх үндэслэлгүй байна гэж үзсэн тул хэрэг үүсгэж хянан шийдвэрлэгдсэн тохиолдол одоогоор байхгүй. Ер нь шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчдыг мэтгэлцэх боломжоор хангаж өгөхөөр иргэдийн гомдол бага гардаг. Мэдээж иргэний журмаар болон захиргааны журмаар маргалдаж байгаа талууд шүүхийн шийдвэр гарах явцад аль нэг тал нь гомддог. Учир нь аль нэг талд нь хэргийг шийддэг учир гомдсон тал хэргээ хуулийн дагуу дараагийн шатанд шилжүүлэх эрхээ эдлэхээсээ илүү хэргийг шүүсэн шүүгчийн зан харилцаатай холбоотой гомдол гаргах байдал ажиглагддаг. Тэгэхээр энэ нь хэргийн хянан шийдвэрлэгдсэн байдал өөрт нь таалагдаагүй учир иргэд гомдол гаргаад байна уу даа гэсэн зүйл ажиглагдаж байна.

-Шүүхийн байгууллагуудад улс төрийн нөлөөлөл хэр ажиглагдаж байна вэ?

-Өнөөдрийн байдлаар улс төрийн юм уу, албан тушаалтан ингэж нөлөөллөө гэсэн зүйл байхгүй.

-Ямар тохиолдолд шүүгчийг огцруулж болдог юм бол?

-Хуульд зааснаар хэд хэдэн үндэслэлээр шүүгчийг огцруулж болдог. Шүүгч гэмт хэрэгт холбогдсон нь нотлогдсон бол, нас барсан болон ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдвол шүүгчийг огцруулж болдог. Дархан-Уул аймагт 2007 онд хэрэг шийдвэрлэсэн шүүгчдийг ёс зүйн зөрчил гаргасан тул бүрэлдэхүүнээр нь буюу гурван шүүгчийг гурвууланг нь огцруулж байсан тохиолдол бий. Үүнээс хойш ийм зүйл гарсан тохиолдол алга.

-Зарим сэжигтэнг гэм буруутай нь тогтоогдох хүртэл хорьж, саатуулдаг. Гэтэл сэжигтэнг хэрэгт холбогдолгүйг нь тогтоочихоод хоригдож байсан хугацаан дахь нөхөн төлбөрийг нь олгодоггүй гэж ярьдаг. Үүнийг ер нь хэрхэн шийдвэрлэх ёстой юм бол?

-Гэм хорын хохирлыг яг ингэж тогтоогоод, олгоно гэсэн хуулийн зүйл заалт байхгүй. Энэ нь сүүлийн үед нийгмийнхээ шаардлагыг дагаад яалт ч үгүй гарч ирж байгаа зүйл. Хэдийгээр өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймагт ийм зүйл гараагүй байгаа ч улсын хэмжээнд энэ төрийн гомдол, хэрэг гарч байна. Гэхдээ хуулинд нэхэмжлэх эрх байгаа гэж заасан хэрнээ үүнийг тооцох тооцоолол нь байдаггүй. Өөрөөр хэлбэл, үндэслэлгүйгээр хоригдсон хүний хоригдсон хугацаанд гарсан сэтгэл санааны болон гэм хорын хохирлыг яаж тооцоолох тооцооллыг гаргаагүй учраас шийдвэрлэхэд нэлээд түвэгтэй. Үүн дээр хууль тогтоох гүйцэтгэх байгууллагууд анхаарах л хэрэгтэй. Энэ төрлийн тохиолдол нь голдуу эрүүгийн хэрэг дээр яригддаг. Тэгэхээр эрүүгийн хэрэг дээр хянаж шийдвэрлэх процесс нь байдаггүй учир хохирогч иргэний журмаар шүүхэд хандан гомдол гаргаж, шийдэх боломжтой.

-Шүүхийн байгууллагын нэр хүнд яагаад сэргэхгүй байна вэ?

-Шүүх байгууллагаас гаргаж байгаа шийдвэр нь тухайн шүүн таслах ажиллагаанд оролцож байгаа иргэдийн нэгийг баярлуулж, нөгөөг гомдоож гарч байгаа учраас л тэр.

З.МӨНХСУВД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *