Монгол Улсын стандарт хэмжил зүйн газрын харъяа Үнэт металлын сорьцын хяналтын газар, Монголбанк, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой бичил уурхай” төсөлтэй хамтран алтны нийлүүлэлтийн сүлжээг боловсронгуй болгох, алтны худалдааны төвлөрлийг сааруулах зорилгоор өнөөдөр Дархан-Уул аймагт алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төвийг байгууллаа. Тус нэг цэгийн төвийг аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн байранд байгуулсан юм.
Энэ ажлын хүрээнд Монголбанк болон “Тогтвортой бичил уурхай” төслөөс нийт 395 сая төгрөгөөр санхүүжүүлэн алтны сорьц тогтоох сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг тус нэг цэгийн үйлчилгээний үнэт металлын сорьцын лабораторид хандивлажээ.
Орон нутагт энэхүү төвийг байгуулах цаашид тоог нэмэгдүүлэх нь хууль бус хилийн худалдааг бууруулах, Монголбанкинд тушаах алтны хэмжээг нэмэгдүүлэх гол ач холбогдолтой гэж албаны төлөөлөл үзэж байгаа аж.
Бичил уурхай эрхлэгч иргэн олборлосон алтаа Монголбанк болон арилжааны банкинд тушаахад Үнэт металлын сорьцын хяналтын газраар сорьц тогтоолгох шаардлагатай болдог. Алтны олборлолт ихтэй орон нутагт энэхүү нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагаа эхэлсэнээр алтны нийлүүлэлтийн сүлжээний албан бус шат дамжлага багасах, бичил уурхайн алтыг газар нь худалдан авах, алтны бүртгэлийг сайжруулах, олборлолтын хэмжээг хянах тогтолцоох бүрдүүлэхийн дээр алтны нийлүүлэлтийн сүлжээг бүхэлд нь ил тод болгох, албажуулах нөхцөл бүрдэж байгаа гэж Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцоллоо.
Алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төвөөр Дархан-Уул аймгийн иргэд ААНБ-ууд үйлчлүүлэх бус Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл, Төв аймгуудын алтны компаниуд, бичил уурхай эрхлэгчид үйлчлүүлэх аж. Цаашид Монголбанк болон бусад холбогдох газраад хамтран Говь-Алтай, Өвөрхангай аймгуудад тус нэг цэгийн үйлчилгээний төв байгуулахаар зорилго болгон ажиллаж байна.
Тус нэг цэгийн үйлчилгээний төвийн нээлтэд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын удирдлагууд, Швейцарийн хөгжлийн агентлагийн төлөөлөл, Стандарт хэмжил зүйн газар, Үнэт металлын сорьцын хяналтын газар бусад холбогдох албаны төлөөллүүд оролцлоо.
Дашрамд Дархан-Уул аймгийн хэмжээнд 2018 оны нэгдүгээр сарын байдлаар 160 гаруй алт арилжаалагч (ченж), бичил уурхайчид алтны худалдаанд оролцож, 60 ААНБ, 372 иргэний 4800 ширхэг 19,5 тн алтан гулдмайд шинжилгээ хийж, 107 ААН, 205 иргэний 18,9 тн алтыг хайлсан гэсэн тоо баримт бий.
Дархан-Уул аймагт алт сорьцлох, худалдан авах зорилго бүхий нэг цэгийн үйлчилгээний төвийг байгуулснаар орон нутагт Ашигт малтмалын нөөц ашигласны 2,5 хувийн татвар /АМНАТ/-ыг суутган төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ хэмээн үзэж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгдийн хоёрдугаар сарын хуралдаанаар 100 хувийн саналаар нэг цэгийн үйлчилгээний төв байгуулахыг дэмжиж баталж байсныг өмнө мэдээлж байсан билээ. Харин алтыг сорьцлох, худалдан авах зорилго бүхий /лаборатори/ нэг цэгийн үйлчилгээний төвийг Цагдаагийн байгууллагын хамгаалалтад шилжүүлэх, бүрэн камержуулах, шаардлагатай өрөө, тасалгаа, тоног төхөөрөмжөөр бүрэн хангаж ажиллахаар болсон аж.