Нийслэлийн Налайх дүүргийн хоёрдугаар хороо, Улаанбаатар хотоос Налайх дүүрэг рүү салах, Говьсүмбэр аймаг руу явах автозамын уулзварын зорчих хэсэгт энэ сарын 10-ны өдрийн 20:36 цагт зам тээврийн осол гарчээ. Тодруулбал, дээрх замд “Прадо” загварын суудлын автомашин, Говьсүмэр аймгаас Улаанбаатар хотын чиглэлтэй зорчиж явсан иргэн С-ийн эзэмшлийн “Соната 6” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан ноцтой осол гарсан байна. Дуудлагыг хүлээн авч, хэргийн газарт тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн дөрвөн алба хаагч, нэг автомашинтай 20:41 цагт очсон байна. Ослын улмаас эрэгтэй 22 настай С нь хөл хэсгээрээ автомашины бүхээгийн хэсэгт хавчуулагдсан байсныг гаргаж, эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгчээ.Гэвч тухайн иргэнийг эмнэлгийн байгууллагад шилжүүлж өгсний дараа нас барсан тухай нийслэлийн Налайх дүүргийн Цагдаагийн байгууллагаас мэдэгджээ.