Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг ЗТХ-ийн сайд, БСШУС-ын сайдыг огцруулахыг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нарыг албан тушаалаас нь чөлөөлөхийг дэмжсэн байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 03-нд БСШУС-ын сайд болон ЗТХ-ийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. ЗТХ-ийн сайд Я.Содбаатарын хамаарал бүхий компани ЖДҮХС-гаас зээл авсан тухай мэдээлэл зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Үүнтэй холбогдуулан Я.Содбаатар сайд ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргасныг Ерөнхий сайд хүлээн авсан юм. Харин БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Засгийн газрын тухай хуулийн “Засгийн газар танхимын зарчмаар ажиллана”, “Засгийн газар, шийдвэр, мэдээлэл гаргах, албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтална” гэсэн заалтыг зөрчсөн тул үүрэгт ажлаас нь чөлөөлөх болсон. Дээрх хоёр сайдыг огцруулах асуудлыг УИХ-д энэ сарын 04-нд өргөн барьсан бөгөөд өнөөдөр бүлгийн хуралдаанаар хэлэлцэж буй юм. Маргааш буюу энэ сарын 11-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаж, сайд нарыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. Харин пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *