Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир агсан сэрүүн тунгалаг ахуйдаа ном тээсэн тэмээн жингийн аян зохион байгуулах санаачилга гарган, ажил хэрэг болгохоор шулуудаж байсан аж. Найрагчийн хүү Э.Цагаан-Уул аавынхаа энэ хүсэл мөрөөдлийг биелүүлэн “Миний цуглуулсан хорвоо” ном тээсэн тэмээн жингийн аялал зохион байгуулж байна. Тэмээн жин өнөө өглөө мандах нарнаар Дорноговь аймгийн Сайншанд хотын Хамрын хийдээс хөдөлжээ. Нэрт найрагчийн уран бүтээлийн анд нөхөд, дүү нар, түүнийг хайрлаж хүндэтгэдэг олон хүн энэхүү тэмээн жингийн аялалд нэгдсэн байна. “Миний цуглуулсан хорвоо” ном тээсэн тэмээн жин нөгөөдөр А.Эрдэнэ-Очир найрагчийн төрсөн нутаг Дорноговь аймгийн Улаанбадрах суманд очих ажээ. Энэ үйл ажиллагааны хүрээнд “Найргийн гал” түүдэг тойрсон яруу найргийн уншлага, “Миний цуглуулсан хорвоо” үдшийн цэнгүүн Улаанбадрах суманд болно. Энэ үеэр ном хүлээлгэж өгөх ёслол зохион байгуулагдах аж.
Categories