Монгол Улсын Боловсролын их сургуулийн Багшийн сургуулийн багш, боловсрол судлалын доктор Цэвээннамжилын Тамиртай ярилцлаа.
-Таны төгссөн сургуулиас яриагаа эхэлье. Багш мэргэжлийг яагаад сонгох болов?
-Би Архангай аймгийн Цэцэрлэг хотод 10 жилийн сургуулиа төгссөн. Долдугаар ангиасаа хөнгөн атлетик, сагсан бөмбөг, волейболын секцэнд явж эхэлсэн нь миний хувьд тамирчин болох улмаар биеийн тамир спорттой холбогдох эхлэлийг тавьж өгсөн. Тэгээд тамирчин болно гэж шийдсэн байсан учраас Биеийн тамирын дээд сургуульд бэлдэж байгаад шалгалт өгч тэнцсэн. Бид нарыг хүүхэд байхад Биеийн тамирын сургуульд орно гэдэг бол маш их өрсөлдөөнтэй байсан. Биеийн тамирын сургуульд орохын тулд бид нар маш их бэлддэг, одоог бодоход шалгуур нь үнэхээр өндөр, спортоор хамгийн шилдэг хүүхдүүд ордог байж дээ. Манай аймагт биеийн тамирын багшийн нэг хуваарь, сагсан бөмбөгийн дасгалжуулагчийн нэг хуваарь ирсэн бөгөөд 24 хүүхэд шалгалт өгч хоёр хуваарь дээр би ганцаараа тэнцээд багшаасаа аль хуваарийг авах вэ гэтэл багш маань “Чи мастер л болчихвол дасгалжуулагч хийж болно, багшийг бол заавал сургууль төгссөн хүн заадаг тиймээс чи Биеийн тамирын багшийнхаа хуваарийг аваа гэсэн. Тэгээд л энэ мэргэжлийг сонгосон.
-Хүндтэй багш нарынхаа тухай ярихгүй юу?
-Би их азтай хүн гэж өөрийгөө боддог. Яагаад гэвэл надад дандаа сайн багш нар таарсан… Биеийн тамирын хичээлд ч ордоггүй намайг энэ хүүхэд бол спортын л хүн болох ёстой хэмээн спортод уруу татаж, биеийн тамир спортын цагаан толгойг заасан хүн бол нэгдүгээр 10 жилийн багш Тогтохбаатар багш минь байлаа. Багш маань шавь нараа их хайрладаг, хүндэлж харьцдаг, ямар хүүхдэд ямар дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэйг маш сайн мэддэг, одоогийнхоор бол ЕБС-ийн сурагчдад бие бялдрын хөгжлийн суурийг маш сайн тавьж өгдөг, бие бялдрын хөгжлийн онол арга зүйг өндөр түвшинд эзэмшсэн мэргэжилтэн байжээ. Мөн волейболын спортын мастер Гансүх, Гаамаа нарын багш нарынхаа удирдлаган доор волейболын секцэнд явж аймаг, бүс, улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд орж байлаа.
10 дугаар ангиа төгсөөд улсын шигшээ багийн дасгалжуулагч Оюунцэцэг багшийнхаа удирдлаган доор бөөрөнцөг түлхэлт, диск шидэлтээр хичээллэж эхэлсэн. Би багшийгаа их шударга, хүнлэг, ажилдаа сэтгэлээсээ ханддаг, шавь нараа ээж шиг нь хайрлаж, тэдэнд юу хэрэгтэй, тэдэнтэй хэдийд яаж харьцвал, бэлтгэл сургуулилт, амжилтад нь нөлөөлөх зэрэг сайн мэдэрч чаддаг, бие бялдрын онол арга зүйгээс гадна тамирчны сэтгэл зүйн болоод физиологи онцлогийг харгалзан арга зүйгээ өөрчилж чаддаг, жинхэнэ өндөр мэргэжлийн боловсон хүчин гэж дүгнэдэг.
-Таны хувьд улсын шигшээ багт тамирчнаар бэлтгэл сургуулилт хийж байсан гэдэг. Тэр тухай сонирхмоор байна л даа?
-Тийм ээ, 1990-1993 онд залуучуудын шигшээ багт бөөрөнцөг түлхэлтийн тамирчин байсан. Оюунаа багшийнхаа удирдлаган доор өвөлдөө спортын төв ордны Б заланд, зундаа төв цэнгэлдэхэд голдуу бэлтгэлээ хийнэ. Өглөө зарятканд гарна, өдөрт хоёр удаа бэлтгэл хийнэ. Заримдаа цугларалтад гарна. Махашири ах, Долгор эгч, Цэрэнпил эгч, Цэнд-Аюуш, Хүрэлпүрэв, Буянтогтох нартайгаа хамт бэлтгэл хийдэг байсан. Хүрэлпүрэвтэйгээ л их найз байсан хоёр хөдөөний хүүхэд бие биенээ их дэмжинэ, хоол олдвол хувааж иднэ.. гээд л их л олон юм болно доо Бэлтгэлийн хувьд гэвэл ихэнхдээ л хурд, хүч, технийкийн бэлтгэл хийнэ. Тамирчин хүн оюутан байна гэдэг их хэцүү. Тэмцээн, бэлтгэл гээд хичээлд суух боломж гарахгүй. Хичээлд суухгүй юм чинь дүн гарахгүй энэ тэр гээд их л юм болно доо.
-Өсвөр үеийн бөөрөнцөг түлхэлтийн рекорд амжилтыг 1991 онд шинэчлэн тогтоож байсан гэж сонссон юм байна. Өнөөг хүртэл таны тогтоосон амжилтыг эвдээгүй гэсэн. Бас л бахдам юм шүү.
-1991 оны идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд анх идэрчүүдийн рекорд амжилтыг эвдэж 11.20 см, дараагаар нь, Улан-Үдэ-ийн тэмцээнд дахиж нэг ахиулаад УАШТ-ээр 11.73 м болгосон. Бид нар яахав дээ. Социализмаар хүмүүжсэн хүүхдүүд, ид төлөвшдөг амжилт гаргадаг үед нь нийгэм солигдож, нийгмийн энэ өөрчлөлтийг өөр өөрийнхөөрөө л туулсан үеийнхэн. Нийгэм солигдоогүй тэр чигтээ тамирчнаараа явсан бол бидний дунд өндөр амжилт гаргах тамирчид их байсан. Өнөөг хүртэл энэ амжилт эвдэгдэхгүй байгаа нь сургалт, дасгалжуулалт, холбоод гээд энэ спортын түвшин манайд ямар байгаатай холбоотой байх гэж боддог.
-Багшийн ажил эрхэлсэн он жилүүдийнхээ тухай ярихгүй юу. Өөрийн өсч төрсөн нутаг Архангай аймгаас багшийн гараагаа эхэлсэн үү?
-Анх Архангайн багшийн сургуульд багшилж эхэлсэн. Архангайн багшийн сургуульд 12 жил, дараагаар нь энд ирж Багшийн сургуульд дөрвөн жил багшлаад, буцаж Архангайд очиж гурван жил багшлаад одоо эндээ багшилж байна даа.
-Тамир докторын нэг том судалгааны ажил бол Монголын залуу үеийг эрүүл чийрэг болгох, ерөөс энэ чиглэлээр олон ном товхимол, эрдэм шинжилгээний бүтээл гарган хичээж зүтгэсэн байх юм. Энэ тухай дэлгэрэнгүй асуумаар байна л даа?
-Өнөөдөр хүн төрөлхтний хөгжлийн явц хурдсаж, техник технологийн дэвшил амьдрал ахуйд гүнзгий нэвтэрч, хүний хөдөлмөрийг асар ихээр хөнгөвчлөх болсноор хөдөлгөөний хомсдол, түүнийг дагасан амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй биеийн өөхлөг эдийн хэмжээ ихсэх явдал хүмүүсийн дунд нэмэгдэж байгаа бөгөөд улмаар ихсэх хандлагатай болоод байна. Мөн эцэг эхчүүд болон багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдийн оюун ухааны хөгжилд түлхүү анхаараад бие бялдрын хөгжлийг сайн анхаарахгүй байгаатай холбоотой ялангуяа ЕБС-ийн бага ангийн хүүхдүүдийн дунд таргалалттай хүүхдүүдийн тоо нэмэгдэж, жилээс жилд ихсэх хандлагатай байгаа нь сүүлийн жилүүдэд хийсэн судалгаанаас харагдаж байна. Мөн ДЭМБ-ын тодорхойлсноор биеийн жин нэмэгдэхийг “Жингийн илүүдэл”, харин биеийн өөхлөг эдийн хэмжээ нэмэгдэхийг “Таргалалт” гэж үзжээ. Иймээс хүүхдүүдийн бие бялдрын хөгжлийг олон талаас нь зөв тодорхойлж, хүүхэд бүрийн бие бялдрын хөгжлийн хэрэгцээ, онцлог, ялгаатай байдлыг харгалзан сургалт зохион байгуулах асуудлыг шийдвэрлэх явдал нь чухал болоод байгаа өнөө үед хүүхдийн бие бялдрын хөгжил, биеийн тамирын боловсролыг дэмжих нь зөвхөн биеийн тамирын багш нар хүүхдийн бие бялдрын хөгжлийг анхаараад зогсохгүй эцэг эх, сургууль багш нар ч бас хүүхдийн бие бялдрыг эрүүл чийрэг байлгахад анхаарч сургуулийн үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд тусгасан байх нь зүй ёсны хэрэг болоод байна. Иймээс өөрийн судалгааны ажил ном бүтээлдээ бага ангийн хүүхдийн хөгжил, түүний дотор бие бялдрын хөгжлийг дэмжих тал дээр түлхүү анхаарч ажиллаж байна.
-Бага насны хүүхдийн биеийн өсөлт, хөгжлийн тухай та олон бүтээлдээ дурдсан байна. Сүүлийн үеийн хүүхдүүдийн өсөлт хөгжил ямар байгааг танаас асуумаар байх юм?
-Сүүлийн жилүүдэд ЕБС-ийн суралцагчдын дунд үүсч буй хөдөлгөөний хомсдолтой холбоотойгоор таргалалт ихэсч байгаа тэдний бие бялдрын хөгжилд нөлөөлж байна. Иймээс хүүхдийн биеийн бүрдлийг судлах, таргалалтыг бууруулах арга замыг тодорхойлох нь шийдвэрлэх асуудлуудын нэг болж байгаа учир хүүхдийн бие бялдрын хөгжлийг тодорхойлох шинэ арга зүй боловсруулах, тэдгээрийг хэрэглэх явдал чухал болжээ.
-“Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын биеийн бүрдлийн судалгаа” сэдвээр та докторын зэрэг хамгаалсан. Энэ сэдвээр судалдаг эрдэмтэд хэр байдаг бол. Эрдмийн зэрэг хамгаалсан сэдвийг тань асуумаар байна.
-Биеийн бүрдэл body composition гэдэг нэр томьёогоор хүний биед агуулагдах өөхлөг болон өөхлөг бус эд, булчин, яс, ус, эрдэсийг бүхэлд нь багтаасан ойлголтыг илэрхийлдэг бөгөөд Body composition гэдэг нэр томьёог биеийн бүрдэл хэмээн орчуулан хэрэглэсэн бөгөөд бүтэц, бүрдэл гэсэн хоёр үгийн нэгийг сонгох шаардлага гарсан бөгөөд бүтэц гэдэг нь бүтээх буюу хөндлөнгийн оролцоотойгоор хийгдэн бүтэх үйл мэт утга гэж үзээд, харин бүрдэл гэдэг үгийг Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д бүрдэл-бүрэн төгс байдал, бүрдэл болов, бүрдэл болсонгүй гэж тайлбарласан байсан. Эдгээрээс хүний бие махбод нь хөндлөнгийн шууд оролцоогүйгээр өөрөө бүрэлдэн торниж төгс хэлбэрийг олдог тул бүрдэл гэдэг үг оновчтой хэмээн сонгож хэрэглэсэн юм.
Бид судалгааныхаа ажилдаа нийслэл, аймгийн төв, сумын 6-11 настай сурагчдын биеийн бүрдэл болох өөхлөг эд, булчин, ясны үзүүлэлтүүдийг 1 жилийн хугацаанд 3 удаагийн давтамжтайгаар дагаж судалсан бөгөөд, тэдгээр сурагчдаас өөхлөг эдийн хэмжээ ихтэй сурагчдын хөдөлгөөний чадварыг, өөхлөг эдийн хэмжээ хэвийн үзүүлэлтэй хүүхдүүдийн хөдөлгөөний чадваруудтай харьцуулан судалсан. Мөн өөхлөг эдийн хэмжээ нэмэгдэхэд сурагчдын биеийн тойргийн үзүүлэлт ямар хэмжээгээр нэмэгдэж байгаа хамаарлыг тогтоосон. Ингэснээр хүүхэд бүрийн биеийн бүрдэл, бие махбодын өсөлт, хөгжлийн ялгаатай байдалд үндэслэн тэдний онцлог, хэрэгцээнд нийцүүлэн биеийн тамирын сургалтын арга зүйг оновчтой сонгох, өдөр тутам хэрэглэх, дасгал хөдөлгөөн, хоол тэжээл, өдрийн дэглэм зэргийг уялдуулан шинжлэх ухааны үндэслэлтэй сургалтын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ.