“Opozit” хамтлагийн дуучин А.Гантулгатай ярилцлаа.
-Таныг хүүхэд залуус хип хоп хамтлагийн дуучин гэдгээр тань илүүтэй мэднэ. Харин сүүлийн үед кино урлагт хүчтэй орж ирж байна шүү?
-Анх “Опозит” хамтлагт дуулдаг байхдаа 2010 онд “Mongolian best dance crew” реалити шоуны дууг дуулах саналыг тус нэвтрүүлгийн санаачлагч, найруулагч О.Батзориг ахаас хүлээж аваад Vanquish болон дуучин Оргилын хамт дуулж байсан юм. Тэр цагаас өдийг хүртэл О.Батзориг ахтай нөхөрлөж, нийт гурван кино, мөн Монгол HD телевизтэй хамтран монгол хүн бүрийг ариун цагаан хөдөлмөрт уриалан дуудсан “Бригад” төсөл, мөн нижгээд хэмжээний тоглолтын ард цуг ажиллаж гараад байна даа.
-Энэ сарын 30-нд нээлтээ хийх “Шөнө дундын яриа” кинонд та тогложээ?
-Энэ миний тоглосон гурав дахь кино бөгөөд “Шөнө дундын яриа” киноны хоёрдугаар анги.
-2000-аад оны үед “Шөнө дундын яриа” нэвтрүүлэг бол монголчуудыг хуйлруулж л байсан. Тэр нэвтрүүлгээс сэдэвлэж хоёрдугаар ангийг нь хийж байгаа болохоор бас л аймшгийн кино байх даа?
-2013 онд гарсан “Шөнө дундын яриа” кино өмнө нь Монголд төдийлөн хийгдэж байгаагүй төрлөөр буюу аймшгийн, инээдмийн хослосон жанраар бүтэж байсан л даа. Одоо гарах гэж байгаа хоёрдугаар анги ч бас комеди, хоррор хослосон маш хурц өгөгдсөн нөхцөлтэй адал явдлаар дүүрэн кино болсон. Ер нь өмнө нь хийгдсэн киноноосоо илүү өргөн цар хүрээг хамарсан, маш олон хүний нөр их хөдөлмөр шингэснээрээ онцлог юм болов уу. “Шөнө дундын яриа-1” мөн одоо 30-нд нээлтээ хийх хоёрдугаар ангийн зохиолыг би О.Батзориг ахтай хамтран бичсэн л дээ. ЦЕГ, ОБЕГ, ЗХЖШ бидэнд мөн туслалцаа үзүүлж хамтран ажилласан. Энэ удаагийн кинонд бас урд нь төдийлөн туршиж үзээгүй зураг авалтууд хийгдсэн байгаа. Манай киноны зураг авалтын 90 хувь нь Дархан хотод хийгдсэн. Дарханы символ болох саяхан л Монголын хамгийн өндөр барилга байсан 16 давхраас орлон тоглогчгүйгээр бууж үзлээ . Энэ дашрамд Дархан хотын Онцгой байдлын газрын залуустаа баярласнаа илэрхийлье. Үзэгчдийн хүлээлт маш их байгаа нь анзаарагдаж байгаа. Нээлт дөхсөн болохоор их догдлолтой л хүлээж сууна даа.
-Хөгжим, кино хоёр хэдийгээр урлаг гэдэг нэг нэрийн дор явдаг ч хоорондоо маш их ялгаатай. Танд ямар ялгаатай мэдрэмж өгдөг вэ?
-Дуу хөгжим хийхдээ үгээ бичихдээ ч юм уу тархиндаа хар зураг буулгаж байгаад бичдэг. Кино, дуу хөгжим хоёрыг урлагийн хувьд харьцуулшгүй ч гэсэн миний хувьд надад ирдэг мэдрэмж нь төстэй. Хоёр өөр арга замаар л хүнд хүрч байгаа болохоос аль аль нь эцсийн шатандаа хүмүүст хүрч үнэлэлт дүгнэлт өгдөг болохоор тэр байх. Киног сонсохоос гадна үзэж хүртдэг болохоор кино миний хувьд илүү.
-“Опозит” хамтлагийн сүүлийн үеийн уран бүтээл гэвэл?
-Манай хамтлагийн Г.Энэрэл дуу хөгжимдөө тууштай анхаарал хандуулж байгааг залуус мэдэх нь мэдэж байгаа байх аа. Иймд найзаараа их бахархдаг. Бид хоёрын хувьд дуу хөгжим хийж эхэлснээс хойш буюу 2006 оноос хойш гэж тоолбол бараг 12 жил болжээ. Энэ хугацаанд биднийг сонсож, дотоод мэдрэмжүүдийг маань хуваалцаж ирсэн, одоо ч юу ч хийсэн дэмжиж байдаг сонсогч залуустаа маш их баярладаг. Анх дуу хийж эхэлснээс хойш өдийг хүртэл бид хоёрын дуунуудад хандах хүмүүсийн хандлага сайн хэвээр байгаа нь харагддаг. Цаг үеэ дагаж бидний сонсдог хөгжим, амьдрах хэмнэл, сонирхол өөрчлөгдсөн хэдий ч бид уран бүтээлийн хувьд адилхан хувьсаж чадсан нь тэр юм болов уу. Яг хамтлагийн тухайд хамт нэг зүйл дээр ойрын хоёр жил ажиллаагүй байгаа. Харин миний хувьд “Шөнө дундын яриа 2” киноны дуун дээр хамгийн сүүлд ажиллалаа.
-Тоглосон кинонуудынхаа дууг нь дуулдаг уу?
-Заавал киноны дуу гээд кинотой холбогдолтой дуу хийх дэмий санагддаг. Өмнөх хоёр кинон дээр ч бас зүгээр дуулмаар санагдсанаа л дуулсан. Энэ удаа ч мөн адил. Гэхдээ энэ удаа нэг тийм онцгой зүйл хиймээр санагдсан. Найруулагч О.Батзориг ахын дүү, миний найз “Punk and rap” хамтлагийн дуучин О.Батхүлэг амьд ахуйдаа хийж байсан хүнд хүргэж амжаагүй байсан дууны хоолойг авч ашигласан л даа. Хэлж чадахгүй ч гэсэн дурсан санаж байгаагаа илэрхийлж чадах нэг арга зам юм уу даа. Дууны хувьд ч бас их хүлээлттэй байгаа нь анзаарагдаж байгаа. Энэ киноны дуу миний хийж байсан хамгийн сайн дуунуудын нэг болсон.
-Тэгвэл та киноныхоо нээлтийг хүлээгээд л догдолж байгаа юм байна даа?
-Тэгэлгүй яахав. Киноныхоо нээлтийг үзэгчидтэйгээ хамт мөн догдлон хүлээж байна. Одоо урилга хэвлэх, тараах зөндөө ажилтай явж байна. Нээлтэн дээр уулзацгаая. Ярилцлаганд урьж оролцуулсан “Өдрийн сонин”-ы хамт олонд маш их баярлалаа.