Categories
мэдээ нийгэм

Икао нисэхийн сургалтын төвийн гишүүнчлэлийг сунгалаа

Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-ын “Trainair PLUS” хөтөлбөрийн “Жинхэнэ” гишүүн байгууллагын гэрчилгээ сунгах давтан аудит шалгалтад ИНЕГ-ын Нисэхийн сургалтын төв амжилттай хамрагдаж гишүүнчлэлийн хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл сунгалаа.

Олон улсын иргэний нисэхийн байгууллагын “Олон улсын сургалтын төв”/Global Aviation Training Office/-өөс “Trainair PLUS” хөтөлбөрийн гишүүн улс орнуудад хөтөлбөрийн шаардлагыг хангасан эсэхийг тогтоох албан ёсны шалгалтыг гурван жил тутамд зохион байгуулдаг юм. Үүний дагуу ИНЕГ-ын Нисэхийн сургалтын төв энэ оны долоодугаар сарын 2-6-ны хооронд шалгалтад хамрагдаад байсан.

Нисэхийн сургалтын төв өнөөдрийн байдлаар авиа компаниуд болон бусад алба салбар, хэлтэс, нэгжүүдэд зориулан нисэхийн англи хэл, Нислэгийн удирдагчийн сургалт, нисэхийн аюулгүй байдал зэрэг олон сургалтыг зохион байгуулдагаас гадна зэрэглэл олгохоос бусад төрлийн анхан болон ажлын байрны, сэргээх, шилжих, онцгой тохиолдлын гэх мэт сургалтуудыг явуулдаг.

ICAO-ийн аудитын шалгалт нь сургалтын байгууллагын үндсэн үйл ажиллагааны дагуу 10 бүлэг сэдвийн хүрээнд 123 асуултаар

  1. Байгууллага;
  2. Үйл ажиллагааны заавар;
  3. Сургалтын хөтөлбөр, сургалтын арга барил;
  4. Сургалтын хэрэгцээ, шаардлагын үнэлгээ
  5. Барилга байгууламж, тоног төхөөрөмж;
  6. Хүний нөөц;
  7. Тайлан, бүртгэл;
  8. Чанарын удирдлагын тогтолцоо;
  9. Сургалтын менежментийн систем
  10. Аюулгүй ажиллагааны удирдлагын байдлыг шалгасан байна.

Шалгалтын дүнд ИНЕГ-ын Нисэхийн сургалтын төв нь “Trainair PLUS” хөтөлбөрийн “Жинхэнэ” гишүүн байгууллагад тавигдах шаардлагыг бүрэн хэмжээнд хангаж байна гэж дүгнэжээ. Тиймээс Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-аас Нисэхийн сургалтын төвийн “Trainair PLUS” хөтөлбөрийн “Жинхэнэ” гишүүнчлэлийн хугацааг 2019.01.01-ний өдрөөс 2021.12.31-ний хүртэл сунгалаа.

“TRAINAIR PLUS” гэдэг нь ИКАО-ын “GAT- Global Aviation Training Office” сургалтын байгууллагаас байгуулсан сургалтын хамтын ажиллагааны хөтөлбөр юм. Өөрөөр хэлбэл, ИКАО нь олон улсын түвшинд агаарын тээврийн салбарт аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг бүрэн хангасан үйл ажиллагааг сайжруулах, тогтвортой хөгжлийг бий болгох, олон улсын сургалтын нэгдсэн нэг стандарт, шаардлагыг хэрэгжүүлэх, олон улсын иргэний нисэхийн салбарын нийт ажилтнуудын мэдлэг, ур чадвар, чадавхыг хөгжүүлэх зорилгоор “TRAINAIR PLUS” хөтөлбөрийг нэгдсэн байдлаар хэрэгжүүлдэг.

ИНЕГ-ын Нисэхийн сургалтын төв ИКАО-ийн дээрх стандарт, шаардлагыг бүрэн хангасан орчин үеийн сургалтын арга барил, техник технологийг нэвтрүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн чадварлаг хүний нөөцийг бэлтгэх, сургах зорилгоор “Trainair PLUS” хөтөлбөрт 2012 онд гишүүнээр элссэн.

Улмаар ИКАО-ын аудит шалгалтаар 2012 онд “Дэмжигч” гишүүнчлэлтэй болж, 2016 онд “Жинхэнэ” гишүүн байгууллагын эрхийг эзэмшин үйл ажиллагаагаа явуулан “Trainair PLUS” хөтөлбөрийн 108 сургалтыг эх орондоо зохион байгуулах боломж бүрэн нээгдсэн. Ингэснээр олон улсад чиглэсэн сургалтын зардлыг хэмнэх, олон улсын сургалтуудыг эх орондоо хямд зардлаар зохион байгуулах, нутагшуулах, ИКАО-д баталгаажуулсан, стандартчилагдсан сургалтын багц хөтөлбөрөөр сургалт зохион байгуулах зэрэг олон талт ач холбогдлолтой ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Түүнчлэн Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албатай хамтран нисэхийн мэдээллийн менежментийн мэргэжилтэн бэлтгэх “Aeronautical information management specialist-021/122/AIS AIM SPC” стандартчилагдсан сургалтын багц хөтөлбөрийг боловсруулж Олон улсын иргэний нисэхийн байгууллага/ИКАО/-аар албан ёсоор баталгаажуулсан. Ингэснээр Монгол Улсын Иргэний нисэхийн салбар анхны олон улсын сургалтын багц хөтөлбөртэй болсон юм. Энэхүү олон улсын сургалтыг зөвхөн Монголын ИНЕГ олон улсад зохион байгуулах эрхийг эзэмшиж 2017, 2018 онуудад бусад улс орны нисэхийн салбарын мэргэжилтнүүдийг эх орондоо цуглуулан сургалт явуулсан. Австрали, Бангладеш, Непал, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын болон өөрийн улсын ИНЕГ-ын холбогдох мэргэжлийн боловсон хүчинг хамруулсан дээрх олон улсын сургалтыг зохион байгуулснаар гадаад улс оронд өндөр өртгөөр мэргэжилтэн бэлтгэх дотоодын зардлыг хэмнээд зогсохгүй гадаадын мэргэжилтнүүдийн сургалтын зардлыг эх орондоо татсан ач холбогдолтой болсон юм.

Нисэхийн сургалтын төв энэ онд ИНЕГ, түүний харьяа байгууллага, алба, салбарын мэргэжилтнүүдэд “Нисэхийн мэдээллийн менежментийн мэргэжилтэн”, “Агаарын тээврийн эдийн засаг ба зохицуулалт”, “Агаарын тээврийн урьдчилсан мэдээ/прогноз” зэрэг олон улсын зайн болон танхимын сургалтуудыг эх орондоо зохион байгуулж ажилласнаар гадаад сургалтад зарцуулах 185 мянга орчим ам.долларыг хэмнэх боломж бүрдүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *