Categories
мэдээ нийгэм

Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын үзэсгэлэнг дэлгэж, нээлтээ хийв

Онцгой байдлын албаны түүхэн музейд өнөөдөр Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, танилцуулга, онцлогийг харуулсан үзэсгэлэнг гаргаж, нээлтээ хийв.

Нээлтийн арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, даргын зөвлөлийн гишүүд болон Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням нар оролцож, үзэсгэлэнтэй танилцсан юм.

Үзэсгэлэнд тус аймгийн түүх, дурсгалт газрууд, аймгийн 18 гайхамшиг болоод Онцгой байдлын газрын үе, үеийн удирдлагууд, алба хаагчдын хувцас хэрэглэл, амжилт, алдрыг танилцуулсан бүтээлийн дээжис дэлгэгджээ.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1968 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 168 дугаар тогтоолоор байгуулагдснаас хойш Дорноговь аймгийн Онцгой байдлын газар нь Зам-үүд суман дахь Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 17,23 дугаар анги, Улсын нөөцийн салбарын нийт 160 гаруй алба хаагчтайгаар аймгийн хэмжээнд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх хор уршгийг арилгах, сэргээн босгох ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Албаны үйл ажиллагааг сурталчлах зорилгоор ОБЕГ-ын Ахмадын холбооны санаачлагаар зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэн энэ сарын 07-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *