Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төслийг 2016-2019 онд хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж буй “Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах нь” сэдэвт сургалт өнөөдөр эхэллээ.
Сургалтын нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын Захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, Төслийн дэд зохицуулагч Р.Ганбат, Олон улсын зөвлөх, доктор Иан Фернис Вайлдерспин нар оролцсон юм.
Сургалтыг төслийн олон улсын зөвлөх доктор Иан Фернис Вайлдерспин удирдан явуулах бөгөөд сургалтанд ОБЕГ, НОБГ, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Булган, Төв, Говь-Алтай, Дорноговь, Завхан, Өвөрхангай аймгийн ОБГ-ын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдаж байна.
Энэхүү сургалтаар бэлтгэгдсэн сургагч багш нар өөрсдийн орон нутагт олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах сургалтыг зохион байгуулж, иргэдийг гамшгийн эрсдэлийг үнэлэх, болзошгүй гамшгийн аюул, хохирлыг бууруулах үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх, олон нийтийн оролцоо, идэвх, санаачлагыг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.
Сургалт маргааш буюу энэ сарын 05-ныг хүртэл үргэжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.