УИХ-ын хоёр байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.
Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд 09.00 цагт эхлэх Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Мөн Монгол, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах ”Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэхээр товлосон байна.
Харин 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болох Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар гурван хуулийн төсөл хэлэлцэнэ. Уг байнгын хорооны хэлэлцэх асуудлын жагсаалтад Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах болон Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл багтжээ.