Сүүлийн хэд хоног Монголын улс төрийн халуурал ёстой нэг дээд цэгтээ тулж байх шиг байна. Маш өндөр хэмээр халуурсан хүн халуун нь дэндэхээр дэмийрч солиороод, хаа хамаагүй юм яриад эхэлдэг. Түүн шиг улс төрийн халуурал хэрээс хэтэрч дэмийрэлдээ шилжсэн энэ үед төрийн түшээд юу ч хамаагүй ярьж, газар сайгүй ойж буух боллоо. “Та нар хууль бусаар төрийн эрхийг авах гэж байгаа бол хуулийн дагуу төрийн эрхээ буцааж авахаар байлдана. Цус асгаруулаад ч тэмцэхэд бэлэн” гэж Их хурлын индэр дээрээс ээлж дараалан орилолдож байна. Эрхэм гишүүд огтоос хамааралгүй зүйлийг ч улс төрийн халууралтайгаа хутган олон нийтийн өмнө инээдтэй байдалд орох болсон. Түүний бэлээхэн жишээ яруу найрагч Ж.Мөнхбат. Өмнөх засгийн үед Монгол Улсын сайдаар ажиллаж Засгийн газрынхаа гал тогоог барьж байсан тэрээр яасан ч хөнгөхөн юм бэ дээ. “Засгийн газрыг огцор гэж гарын үсэг зурсны төлөө миний зөвлөхийг орцонд нь үл таних хоёр хүн төмрөөр толгойг нь хага цохин, тархинд нь хүнд гэмтэл учруулж амь насанд нь ноцтойгоор халдлаа” гээд сүр дуулиан болгосон. Гэтэл зөвлөх нь үеэлтэйгээ л муудсан байдаг.
Улстөрчид дундаас хамаагүй ухаалаг харагддаг, Монголын сэтгүүл зүйн салбараас гаралтай бичгийн хүн, парламентад хэд хэдэн удаа сонгогдож байгаа, үзэж дуулснаараа бол бусдаасаа толгой дээгүүр байх ёстой Л.Энх-Амгалан гишүүн “Ерөнхий сайд намынхаа байранд 300 гаруй офицер цуглуулаад зэвсэг тэмцэл бослогод уриалж байна. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу манай улсад ирээд зэвсэг нийлүүлжээ” гэж хүртэл Их хурлын индэр дээрээс ярих юм даа. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахын төлөөх фронтыг тэргүүлж байгаа нэгэн бол Дарханы Д.Хаянхярваа. Төрийн аппаратад анхан шатнаас нь зүтгэж аймгийн Засаг даргаар найман жил ажилласан нэгэн. Дараа нь Их хуралд гурван удаа сонгогдож төсвийн байнгын хорооны дарга, Монгол Улсын Сангийн сайд, намынхаа бүлгийн дарга гээд төрийн өндөр албыг хашиж ирсэн жинхэнэ төрийн хүн. Гэтэл тэрээр “Засгийн газар Ерөнхийлөгчтэй нийлээд парламентын засаглал руу дайрч байна. Монголын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдалд хамгийн ноцтой аюул учруулах явдал өнөөдрөөс эхэлж байна. Ерөнхийлөгчийн засаглал руу гулсан орж парламентын засаглалыг таслан зогсоох хамгийн сүүлийн боломж энэ Засгийн газрыг унагаах юм” гэж чуулган дээр мэдэгдэхээр юу болох билээ. Монголын улс төр халуунаа дийлэхээ байгаад дэмийрч солиорч байгаагийн илрэл энэ. Яг жинхэнэдээ бол эрхэм түшээдийн хэлээд байгаа шиг зүйл болоогүй. Хамгийн наад захын бодит жишээ гэхэд Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглал руу ороогүй байгаа. М.Энхболд даргатай парламентын танхимынхан ийм халуурал дэмийрэлтэй байгаа бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн талынхан бүр хэрээс хэтэрсэн.
Эрх барьж буй намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд хүн “Хөх монгол”, “Даяар монгол” гээч гудамжны нөхдийг цуглуулж төрийн ордонд хүлээн авч уулзан доошоо орохыг бид харлаа. Тэдгээр нөхөд нь бослого тэмцэлд уриалсан жагсаал цуглаан зохион байгуулж, завсар зайгүй хэвлэлийн хурал зарлан сүржигнэж байна. Мөн эрх баригч намын дарга Ерөнхий сайд маань чөлөөнд гарсан цэргийн офицеруудтай гүйж очин намынхаа байранд уулзаад, босч тэмцэн, дайрч давшлахыг нь өөрийнх нь хэлснээр зогсоож намжаасан юм байх. Ийм л хийрхсэн солиорол Монголын төрд өнөөдөр ид өрнөж байна. Төрийн солиорлыг дагаад нийгэм галзуурчихжээ, янз нь. Ямар сайндаа л дөрөвдүгээр цахилгаан станцын ойрхон цэргийн сургуулилт болж байхыг харсан хүмүүс “Зэвсэглэсэн цэргүүд төрийн ордон руу дайрах бэлтгэлээ хийж байна” гэж нийгэм даяар цуурах билээ.
Ардын намынхны бүлэглэл хоорондын хагарал хэрээс хэтэрч бүр сүүлдээ хүмүүсийн хувийн амьдрал, бэлгийн амьдрал чиг хандлагад хүртэл халдаж төрт ёсыг гутаан доромжиллоо.
Ингэж их дэмийрч, элдэв дээдээр нэгнээ хэлж, бузар булайгаа дуудалцчихаад Монголын улстөрч, эрх баригчид цаашид улс орноо хэрхэн яаж удирдах юм бол доо. Гэхдээ улс төрийн энэ их балайрал дэмийрэл нийгэмд ашиг тустай байна. Бүлэглэлүүд нууж хаасан хуйвалдаан бүхнээ ээлж дараалан дэлгэцгээж байна. Сүүлийн үеийн улс төрийн халуурлын үр дүнд ард түмэн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас тэрбум тэрбумаар нь мөнгө хүүлсэн улстөрчдийг мэдэж авлаа. Их хурлын гишүүд, дарга сайдууд төрийн мөнгийг хувьдаа хэрхэн яаж завшдагийг бүлэглэлүүдийн хагарал дэлгээд өгчихлөө. Ард түмэн одоо улам хэрсүү болсон. УИХ-ын гишүүн С.Жавхлангийн хэлснээр бузар булайгаа улам л дэлгэлцээд бай, тэр нь магадгүй Монголын ард түмэнд ашигтай гэсэн нь үнэн болж байна. Уул нь бол Монголын төрд өрнөж буй уг үйл явц парламент засаглалын хувьд ердийн үзэгдэл юм. Засаг солигдох, намууд дотроо хагарах, улстөрчид муудалцаж сайдалцах, эрх ашгийн төлөө нэгдэх, нэгнээ бөөрөлхөж байгаад унагах, нэгнийхээ “но”-г нийтэд дэлгэх энэ бүхэн байдаг л зүйл. Парламент засаглал ийм л өнгө төрхтэй явдаг. “Юм яаж ч муудсан сайжрах тийшээгээ явдаг” гэж эрэлхэг цэрэг Швейкийн хэлснээр парламентын засаглал сайн тал руугаа явж байгаа.
“Тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй, ямаа туйлаад янгиа эвдэхгүй” гэгчээр улс төрийн энэ бужигнаанаар их сайндаа л сонгууль наашилна биз. Гэхдээ тиймдээ тултал ч өдий л дөө. Үүнээс аюултай юм нэг хүний засаглалд орж гадны нөлөөлөлд автан тусгаар тогтнолоо алдах. Энэ бол хамгийн том аюул. Нэг хүний засаглал буюу авторитар дэглэм тогтож улс оронд эмх замбараагүй байдал үүсэхэд гадны аль нэг хүчирхэг улс цэрэг зэвсгээр дотоодод нь энх тайвныг сахиулахаар орж ирдэг.
Ингэж тухайн улс аажмаар тусгаар тогтнолоо алддаг. Туркменистан, Узбекистан, Киргизстан, Тажикстан гээд дарангуй дэглэмд шилжээд сөнөсөн орнуудыг бид сайн мэднэ. Тэгэхээр хамгийн аюултай зүйл бол нэг хүний засаглалд орох гэдгийг дахин онцолмоор байна. Түүнээс улс төрийн энэ бужигнаан бол байдаг ердийн зүйл.
Харин улс төрийн бужигнааныг дагаад эдийн засаг хямардаггүй байх хэрэгтэй. Эдийн засаг улс төрөөс улам бүр хол байх нь зөв юм. Нэг үеэ бодвол эдийн засаг улс төрөөс холдсон нь ажиглагддаг. Хуучин бол төр бужигнахад хэвийн ажилладаг албан газар гэж байдаггүй байсан. Төрийн үймээнийг дагаад эдийн засаг хямралд ордог байсан. Одоо бол өөр болжээ. Яамных нь сайд “ЖДҮ”-ийн хэргээр огцорсон байхад хөдөө аж ахуйн ажил явдгаараа явж байна. Манай улс 444 мянган тонн үр тариа, үүнээс 428 мянган тонн улаанбуудай, 167 мянган тонн төмс, 99 мянган тонн хүнсний ногоо хурааж авснаа саяхан салбарын яамнаас нь мэдээлсэн. Дотоодын гурилын хэрэгцээгээ бүрэн хангана гэдгээ хэлсэн. Хүн бүр худалдаа наймаагаа эрхлээд, бараа таваараа зараад дор бүрнээ ажиллаж байгаа.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг төрийн ордонд сэтгүүлчдийг цуглуулан мэдээлэл хийж М.Энхболдыгоо газрын наймаачнаар нь цоллон, жаран тэрбумыг нь дахин сөхөөд сүржигнэж байх хойгуур хар баасан гаригийн хямдрал зарлагдаад их хотын амьдрал бужигнаантай байх жишээний. Энэ мэт улс төрийн бужигнаан, эрх баригчдын албан тушаалын төлөөх тулаан ард түмний амьдрал болоод эдийн засагт тийм ч хамааралтай зүйл биш. Улстөрчид өөрсдөө харин бужигнаан үүсгээд олон түмний анхаарлыг татаж чадахгүй болохоор “Долларын ханш тэнгэрт туллаа, нүүрс зарагдахаа болилоо. Эдийн засаг чинь элгээрээ хэвтлээ” гэж хий хоосон сүржигнэдэг. Тэгэхээр улс төрийн солиорол дээд цэгтээ тулж байсан ч эдийн засаг дархлаагаа улам бататгаж, аливаад гуйвж дайвдаггүй байх хэрэгтэй.