Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үзэж буйгаар бол мал аж ахуйн салбар нь 2030 он гэхэд бэлчээрийн мал аж ахуйн өв соёлыг дэлхий нийтэд таниулсан органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн урсгалыг бий болгосон тогтвортой үйлдвэрлэлийг явуулдаг болох юм байна. Энэ талаар тус яамны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар онцолсон юм. Дээрх зорилтод хүрэхийн тулд 2030 оноос өмнө мал аж ахуйн үйлдвэрлэл дэх хөдөлмөр хөнгөлөлт, техникийн шинэчлэлийг одоогийн түвшнээс 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх шаардлагатай ажээ. Одоогийн байдлаар мал аж ахуйн салбар хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 80 орчим хувийг үйлдвэрлэж, экспортын нийт орлогын 10 шахам хувийг бүрдүүлж байна. Мөн нийт хүн амын гуравны нэг нь зөвхөн мал аж ахуйн орлогоор амьдардаг гэсэн судалгааны дүн гарчээ.