Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Баярбаясгалан: Эдийн засгийн хүчирхийлэлд өндөр настай аав, ээжийнхээ тэтгэврийг авахуулах ч багтдаг

Гэр бүлийн хүчирхийллийн талаар Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалантай ярилцлаа.


-Гэр бүлийн хүчирхийлэл, түүнийг үйлдэж буй хамаарал бүхий этгээд гэдэгт яг ямар хүмүүс багтдаг юм бол?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2016 оны арванхоёрдугаар сард шинэчлэгдэн батлагдсан байдаг. Ингэхдээ гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг өргөн хүрээнд авч үзсэн юм. Тэгэхээр гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэдэгт эхнэр, нөхөр төрөл садангийн хүмүүс орохоос гадна, хамтран амьдрагч нар, хамтын амьдралтай байж байгаад салсан хүмүүс болон хамтран амьдраагүй ч дундаасаа хүүхэдтэй болсон, гэрлэлтээ цуцлуулсан гэр бүл орно. Мөн ямар нэгэн хүний асрамж, халамжид байгаа этгээд, тухайн айл өрхөд ямар нэгэн байдлаар амьдарч байгаа хүмүүсийг авч үздэг. Тухайлбал, хот суурин газар хэн нэгэн айлын хажуу өрөөг хөлсөлж байгаа хүн хүртэл гэр бүлийн хамаарал бүхий этгээддээ ордог. Эдгээр хүмүүсийн аль нэг нь эрх мэдэл давамгай байдлаа тогтоохын тулд бэлгийн, эдийн засгийн, бие махбодын болон сэтгэл санааны дарамт, хүчирхийлэл үйлдэж байгаа гэр бүлийн хүчирхийлэл гэж хэлээд буй. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь эрх мэдлийн тэнцвэртэй биш харилцааг хэлдэг. Энэ бол маргаан биш. Маргаанд нэг асуудлыг шийдэхийн тулд тэнцвэртэйгээр хэрэлддэг бол энэ төрлийн хүчирхийлэлд хэн нэгэн нь эрх мэдлийнхээ хүрээнд илтэд доогуурт үнэлэгддэг. Үүнээс болоод айдас, тэгш биш байдлыг үүсдэг юм.

-Гэр бүлийн хүчирхийллийн үйлдэгдэж буй хэлбэрүүд нь хоорондоо ямар ялгаатай вэ?

-Бие махбодын хүчирхийлэл гэдэгт зодож, тарчлаах буюу бие эрхтэнд нь зовиур үүсгэж буй бүхий л үйлдлийг хамруулна. Сэтгэл ханааны хүчирхийлэл гэдэг нь бусад төрлийн гэмт үйлдлүүдтэйгээ хамт явж байдаг онцлогтой. Байнгын зодуур дунд байгаа хохирогчид мөнхийн айдастай байдаг. Мөн гутаан доромжлох, мөрдөн мөшгөх, тагнах, чагнах, заналхийлэх болон бусадтай харилцахыг нь хязгаарлах зэрэг нь бүгд хүчирхийллийн хэлбэрт орно. Гэр бүлүүдийн дунд нэгнийнхээ утсыг шалгах, цахим хаягийг нь шалгах тохиолдлууд гардаг. Энэ бүгд нь хүчирхийллийн нэг төрөл. Харин эдийн засгийн хүчирхийлэл гэдэг нь хуваарьт болон дундын эд хөрөнгийг захиран зарцуулах эрхэд нь хязгаарлалт үүсгэхийг хэлээд байгаа юм. Манайд энэ төрлийн хүчирхийллийн гэмт үйлдэл нь тэтгэврийн зээл хэлбэрээр хамгийн их илэрч гарч ирдэг. Өөрөөр хэлбэл, өндөр настай аав, ээжийнхээ тэтгэврийг тултал нь авахуулчихдаг асуудал бий. Энэ нь эдийн засгийн хүчирхийллийн төрөлд ордог. Яагаад гэхээр тухайн хүн өөрийн хөрөнгөө чөлөөтэй зарцуулах эрхгүй болж байна гэсэн үг шүү дээ. Гэхдээ хэдийнэ мөнгөгүй болсон ч аав, ээж нь үр хүүхдэдээ өглөө гэж өөрийгөө тайвшруулдаг юм. Бэлгийн хүчирхийлэл гэдэгт төрсөн болон дагавар хүүхэдтэйгээ бэлгийн харьцаанд орох, орохыг шаардах зэрэг бэлгийн эрх чөлөөнд нь халдаж буй үйлдлүүдийг хамааруулдаг.

-Хүчирхийллийн гаралт хэр байна вэ?

-Энэ оны эхний 10 сарын байдлаар 479 энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдсэн. Хэдийгээр өмнөх оны мөн үеийнхээс 4.8 хувиар буурсан байгаа ч хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн тоо төдийлөн багасаагүй байгаа юм. 25-35 насныхан гэр бүлийнхний дунд бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэл хамгийн их үйлдэгдэж, гэмт хэргийн золиос болж буй. Эмэгтэй гэлтгүй эрэгтэй хүмүүс ч гэсэн гэр бүлийн хүчирхийллийн золиос болох тохиолдол бий. Энэ нь сэтгэл санааны хүчирхийллийн хэлбэрээр илэрч байдаг. Тухайлбал, хамт олных нь дунд нэр хүндийг нь гутааж байгаа үйлдэл нь эрэгтэй хүнд хүндээр тусдаг. Гэтэл эмэгтэйчүүд ажил дээр нь очих хашигчиж, элдэв үгээр доромжилдог үйлдэл нь тэднийг сэтгэл санааны хүчирхийлэлд оруулдаг. Нийт хохирогчдын дөрөв орчим хувийг эрчүүд эзэлж байна.

-Хүүхэд энэ төрлийн хүчирхийллийн золиос болох тохиолдол гарсан уу?

-Одоогийн байдлаар таван хүүхэд хохирсон гэж бүртгэгдсэн байна. Үүний хоёр нь 0-7 хүртэлх насных байсан бол гурав нь 8-16 настай байсан. Гэхдээ энэ нь зөвхөн цагдаагийн байгууллагад л бүртгэгдсэн мэдээлэл. Үүнээс далдуур хичнээн тохиолдол байгаа нь ил бус байна. Хүчирхийлэл үйлдэгдсэн гэр бүлд өсч, торнисон хүүхдүүдийн 72-84 хувь нь эргээд хүчирхийлэл үйлдэгч болдог. Гэр бүлд хүчирхийлэл үйлдэгдсээр байна гэдэг нь ирээдүйд хүчирхийлэгчийг бэлддэг гэсэн үг юм. Мөн байнгын асаргаа сувилгаанд байгаа хүмүүс мөнхийн айдас дунд байдаг тул хүчирхийллийг ил гаргаж чаддаггүй. Хэрэв илчлэх юм бол амьдралын наад захын хэрэгцээгээр хангагдаж чадахгүй байхаасаа эмээдэг. Гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүддээ хүчиндүүлсэн 14 тохиолдол бүртгэгдсэн.

-Ямар шалтгааны улмаас гэр бүлийн дунд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байна вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэл зөвхөн архи уусан үед гардаг гэж хүмүүс буруу ойлгодог. Гэтэл нийт гарсан 479 хэргийн 27 хувь нь л согтуугаар үйлдэгдсэн байдаг бол үлдсэн нь эрүүл үедээ гарсан гэмт хэргүүд. Нийслэл өдөрт хотод 150-200 дуудлага ирж байна. Хамгийн сүүлд гэхэд Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд иргэн Х-г нөхөр Б нь хардаж, зодсоны улмаас биед нь хүнд гэмтэл учруулан хэргийн газраас зугтаасан тохиолдол бүртгэгдсэн. Хохирогчийн духны яс цөмөрсөн байсан. Мөн Багануур дүүрэгт нөхөр Г нь эхнэрээ хардаж, улмаар эхнэр, дүүгээ хутгалсан хэрэг гарсан. Хүчирхийлэл үйлдээд байгаа хүмүүсийн ихэнх нь дээд боловсролтой, 40 орчим хувь нь бүрэн дунд боловсролтой гэж бүртгэгдсэн байсан. Тэгэхээр энэ нь бүдүүлэг харанхуй хүмүүсийн дунд үйлдэгддэг гэмт хэрэг ч биш. Харин гэр бүлийн суурь хүмүүжилтэй шууд холбоотой юм.

-Гэмт хэрэгт өртсөн хохирогчдын сэтгэл санаанд ямар өөрчлөлт гарсан байдаг юм бол?

-Бусад төрлийн гэмт хэрэг нь зөвхөн хохирлоо барагдуулчихсан тохиолдолд шийдэгддэг бол гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь хайртай хүмүүсийн дунд илүү их үйлдэгддэг тул дахин гарах магадлалтай, хүнд хэрэгтээ ордог. Хохирогчдоос харагддаг бас нэг зүйл нь хүчирхийлэлд өртөөд байгаа гэдгээ мэдэж байгаа хэрнээ хайртайдаа ийм үйлдэл хийсэн гэж бодоод гэмт хэрэгтэй эвлэрч улам наалддаг. Өөрөөр хэлбэл, зодох тусам улам наалдаад байдаг хам шинжээр өвчилчихдөг учир хүчирхийлэгчээсээ салж чаддаггүй.

-Энэ төрлийн гэмт хэрэг гол төлөв ямар газруудаар үйлдэгддэг вэ?

-Энэ нь хүн амын нягтаршилтай холбоотой. Тухайлбал, аж ахуйн нэгжүүд ихээр суурьшсан газруудаар энэ төрлийн гэмт хэрэг бага. Гэхдээ Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс нийслэлийн баруун зүгийн гэр хорооллын бүсчлэлд байх нийт 13 хороо хариуцдаг бол Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс Зайсан, 120 19 дүрээх хороолол зэрэг таван хороог хариуцдаг. Гэтэл энэ хоёр дүүргийн дуудлага яг ижил түвшинд бүртгэгддэг. Тэгэхээр гэр бүлийн дунд гардаг гэмт хэрэг нь амьжиргааны түвшин үл хамааран үйлдэгдсэн гэсэн үг. Гэхдээ амьжиргааны түвшин дээгүүр хэсэгт сэтгэл санааны болон нүднээс далдуурах бие махбодын хүчирхийлэл их гардаг юм.

-Гэр бүлийн гэмт хэрэг даамжирснаар илэрч гарах сөрөг үр дагавар нь юу вэ?

-Энэ гэмт хэргийг таслан зогсоохгүй л бол нэгнийхээ аминд хүрнэ, эсвэл өөрөө амиа егүүтгэнэ. Үүнээс болж дунд нь байгаа хүүхэд хохирдог. Тиймээс гэр бүлийн хүчирхийллийг багасгахын тулд боловсролын системээр нь дамжуулаад хүүхдэд багаас нь мэдээлэл олгох ёстой. Мөн ойр орчмын хүмүүс нь хүчирхийллийг нуун дарагдуулалгүйгээр яаралтай мэргэжлийн байгууллагад мэдэгдэх хэрэгтэй байна. Учир нь хайртай хүмүүсийн дунд үйлдэгддэг гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчид хэзээ ч үйлдэгчдийг ил гаргадаггүй юм.

З.МӨНХСУВД


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *