Categories
мэдээ цаг-үе

Д.Бердибек: Би хөгжмийн зохиолч болохыг мөрөөддөг ая зохиогч

“Mongolia’s Got Tal­ent” шоуны шигшээд шалгараад буй ая зохиогч Д.Бердибектэй ярилцлаа.


-Өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Даулетбекүлийн Бердибек гэдэг. Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын уугуул хүү.

-Өмнө нь“Авьяаслаг монголчууд” шоунд М.Абай гэж залуу домбор тоглож амжилттай оролцсон шүү дээ. Энэ удаа хөгжим тоглож, дуулдаг бас нэг казак залуу гарч ирэх нь гэсэн хүлээлт бий болчихлоо шүү?

-Баярлалаа. “Авьяаслаг монголчууд” шоуны анхны дугаарт М.Абай орж байсан. М.Абай бол миний хуурай дүү л дээ. Түүний ах бид хоёр нэг ангид сурдаг байсан юм. Тэдний гэр бүлийнхэнтэй ч ойр дотно. Өлгийд манай эгчийнх бий. Тэд хөрш амьдардаг юм. М.Абай маань ухаантай, авьяастай залуу. Одоо Тайваньд сурч байгаа. Аавынхаа мэргэжлийг өвлөх гээд хуулийн чиглэлээр сурч байгаа болохоор урлагаар яваагүй. Том шоунд домбор тоглож оролцоод ард түмний хайрыг татсан залуу болж чадсан шүү. Миний хувьд домбор дарж чаддаггүй. Тоглож чаддаггүйдээ жаахан санаа зовдог юм (инээв). Харин төгөлдөр хуур тоглодог. Би СУИС-ийг 2016 онд найрал дууны удирдаач мэргэжлээр дүүргэсэн. Оюунхишиг багшийн отгон шавь нарын нэг. Оюунхишиг багш бол бахархмаар. Ээж, аавын минь дараа ордог хүндэтгэлийг минь хүлээсэн хүн л дээ. Надад бүхнээ харамгүй зориулж хэлж, зөвлөж ирсэн. Багшдаа маш их баярлалаа.

-Та төгөлдөр хуур тоглоод “Хурд” хамтлагийн “Эх орон” дууг дуулсан?

-Арван жилийн дуу хөгжмийн багш маань энэ дууг санал болгосон л доо. Өөр хэд хэдэн дууны сонголт байсан ч энэ дууг сонгосон. Энэ дууг сонгосон нь цаанаа маш том агууламж, агуулгатай. Казак, монголоор хүүхдийн хоортой дуулсан нь ч том агууламжтай. Хүмүүс ойлгосон болов уу гэж бодож байна.

-Хүмүүс ойлгохдоо таныг бас нэг дуучин гарч ирэх нь гэж хараад байгаа. Гэтэл та хөгжмийн зохиолч болох том зорилготой байх аа?

-Хөгжмийн зохиолч гэдэг тодотгол надад томдоно, зохимжгүй. Тэгж дуудуулбал том алдаа болно. Монголын алдартай, том хөгжмийн зохиолчдын дэргэд өөрийгөө тэгж хэлж ёстой болохгүй. Би дөнгөж эхэлж байгаа залуу хүн. Ая зохиогч. Хөгжмийн зохиолч болохыг маш их хүсдэг, мөрөөддөг ая зохиогч. Миний өмнө маш том мөрөөдөл, зорилго бий. Үүнийгээ биелүүлэхийн тулд “Авьяаслаг монголчууд” шоунд оролцсон. Энэ шоу миний мөрөөдлийг биелүүлэх гарааны нэг хэсэг болсон. Үүний ачаар өөрийгөө хүмүүст таниулах боломж олдож байна гэж харж байгаа. Хоёрдугаарт, хөгжмийн зохиолч болохын тулд өөрийгөө хөгжүүлж, улам цаашаа сурах ёстой. Одоо би ая зохиодог. Монгол ч, казак ч дуу зохиодог. Дуучдад өгсөн дуу маань байгаа. Хэд хэдэн дуу минь хүмүүст хүрээд явж байна. Энэ бүхэн миний эхлэл.

“Авьяаслаг монголчууд” шоу өмнө нь хоёр жил зохиогдоод байсан. Бас дараа нь “Voice of Mongolia” шоу эхэлсэн. Мөн “Universe best songs” шоу ч болдог байсан. Энэ бүх шоунд оролцох юмсан гэсэн бодол байсан. Оюутан ч байлаа. Гэр бүл, найз нөхөд, эргэн тойрныхон маань энэ шоунуудад оролцооч, урлагаар явж байгаа хүн байж өөрийгөө олонд таниул, авьяасаа нээж сорьж үз гэж зөвлөдөг байсан. Хэрвээ тэр үед оролцсон бол хөгжим байтугай нот мэдэхгүй л хүүхэд байсан шүү дээ. Одоо ч гэсэн бүрэн дүүрэн мэдээгүй, суралцаад л явж байна. Өнөө жил энэ шоунд оролцохоор шийдэхдээ жаахан зориг муутай байсан. Нэгдүгээр шатанд үзүүлбэр маань сонирхолтой байсан учраас шүүгчдэд таалагдаад хоёрдугаар шат руу орсон. Нэгдүгээр шатанд орохдоо “За яахав ороод үзье” гэж бодож байсан бол шат ахих тусам зориг орж амжилтаа ахиулахын төлөө хөдөлмөрлөсөн, хөдөлмөрлөж байна. Хөдөлмөрлөснийхөө ачаар дөрөвдүгээр шат руу орчихоод байна. Маш их баярлаж байна. Ганц өөрийн хүчээр биш Монголын ард түмэн, багш, гэр бүлийнхэн, нутаг ус, сургуулийнхан гээд олон хүний дэмжлэгээр энэ хүртэл яваад байна. Намайг гуравдугаар шатанд амжилттай оролцоход гавьяат жүжигчин Ч.Насантогтох багш маань бэлдэж өгсөн. Би мэргэжлийн дуучин биш ч гэсэн өөрийнхөө зохиосон дуунаас дуулж ард түмэндээ хүргэнэ гэсэн бодол бий. Гэхдээ миний хамгийн том зорилго, мөрөөдөл бол хөгжмийн зохиолч болох. Мэргэжлийн хөгжмийн зохиолч болохын тулд дахин сурах ёстой. Гадагшаа тэтгэлгээр сурах бодол бий. Одоогоор гадагшаа явж суралцахад нөхцөл байдал нь хараахан бүрэлдээгүй байна, залуу гэр бүл болохоор санхүүгийн асуудал тулгарах юм. Өнгөрсөн есдүгээр сарын 7-нд хуримаа хийсэн л дээ. Бусад залуу гэр бүлүүдийн адилаар л энд тэнд байр түрээслээд амьдарч байна. Хөгжмийн багшаар ажиллахын сацуу гадаад сургуулиудын тэтгэлгийг хөөцөлдөж байгаа.

-Хэрвээ та энэ шоунд түрүүлбэл шагналын мөнгөөрөө гадагшаа явж сурах зорилготой юм байна гэж ойлголоо?

-Мэдээж. Хүн эхлээд өөрийгөө боловсруулах хэрэгтэй. Дараа нь Монголын урлагт өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах болно. Дээрээс нь өөрийн гэсэн студи, продакшнтай болж, продюсер болох зорилготой гэдгээ “Авьяаслаг монголчууд” шоунд оролцохдоо ярьсан л даа. Миний зорилго дуучин, хөгжмийн зохиолч, продюсер болох, урлагийн замаар явах. Би Монголд амьдардаг. Монголын иргэн. Казак, монголоор нь ялгах ямар ч бодол надад байдаггүй. Би эх орноо гэсэн сэтгэлтэй. Надад тийм сэтгэл байхгүй байсан бол надаас монгол аялгуу гарахгүй. Энэ бол миний эх орон. Миний зүрхэнд байгаа орон. Тийм ч болохоор ээж, эх орон, найз нөхдийн сэдэвтэй дуу хийдэг. Дуучин С.Жавхлан, Д.Отгонжаргал, Э.Чулуунчимэг гээд олон дуучин миний дууг дуулж байна. Мөн хамтарч дуу хийсэн яруу найрагч сайхан ах, эгч нар бий. МЗЭ-ийн шагналт яруу найрагч Н.Минжинсайхан ахтайгаа хэд хэдэн дуу хамтарч хийсэн. Энэ хүн бол миний хамгийн хайртай ах минь. Урлагт хөл тавьж ая зохиогч гэж явахад энэ хүний тусламж, дэмжлэг хамгийн их гэж хэлж болно. Надад маш их дэм болдог. Энэ хүнийг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Өөрийнхөө төрсөн дүү мэт л намайг хайрлаж зөвлөдөг. “Бек ээ, чи маргааш хэн ч болж болно. Өнөөдөр чамайг хүн магтсан ч, муулсан ч зэмлэл, магтаал хоёрыг дааж явах хэрэгтэй” гэж захидаг юм. Намайг олон сайхан дуучин, яруу найрагчидтай уулзуулж танилцуулсан хүн л дээ. Гэрт нь очихоор гэргий нь их сайхан хүлээн авдаг. Сайхан сэтгэлтэй, ухаалаг гэр бүл. Н.Минжинсайхан ахын найз нар болох яруу найрагч Э.Гантулга, зураач Г.Мөнхбаатар, яруу найрагч О.Цэнд-Аюуш, М.Наранболд нарыг ч энд дурдах ёстой болов уу. Саяхнаас яруу найрагч Б.Болорцэрэнтэй хамтарч “Бүсгүй ертөнц” дуу хийснийг дуучин Э.Чулуунчимэг дуулж байгаа.

-Аав, ээжийнхээ талаар ярихгүй юу?

-Намайг төрүүлж, өсгөсөн аав, ээждээ маш их хайртай. Хоёулаа урлагт дуртай. Өвөө маань дуулдаг, хуурддаг хүн байсан. Дээр үед Баян-Өлгий аймгийг төлөөлж хотод урлагийн наадамд оролцож явсан юм билээ. 1970, 1980-аад оны үед. Өвөө маань надад маш их хайртай хүн байсан л даа. Миний төрсөн ээж эмч хүн байсан юм. Зургадугаар ангид байхад минь бурхан болсон л доо. Хэдий төрүүлсэн ээж минь бурхан болсон ч намайг өсгөсөн ээж минь миний төлөө бүхнээ зориулдаг. Хойд ээж гэж хэлэхийн аргагүй сайхан сэтгэлтэй эмэгтэй. Сумандаа тааралдсан хүн бүрт “Миний хүүг дэмжээрэй” гээд тэмцээний хувийн дугаарыг минь цаасан дээр бичээд тараагаад явж байна гэсэн, миний төлөө шүү дээ. Ээжийгээ их өрөвдсөн. “Та өөрийгөө битгий ядраа. Болно оо, ээж ээ. Хүмүүс намайг дэмжинэ” гэж хэлсэн. Намайг төрүүлээгүй ч төрсөн хүү шигээ намайг хайрладаг сайхан ээжтэй хүн би. Бас Аллах бурхандаа маш их талархдаг.

Намайг маш ихээр дэмжиж байгаа хүмүүс байна. Нийслэлийн 141 дүгээр сургуулийн захирал Баасанцэцэг, менежер Нямсүрэн, нийгмийн ажилтан Дэлгэрмаа, нарийн бичгийн дарга Алимаа болон сургуулийн бусад удирдлага, хамт олондоо маш их баярлалаа. Миний хүчтэй арын фронт байсан шүү, та нар. Гуравдугаар шатанд үзүүлбэрээ үзүүлэхэд манай сургуулийн бараг бүх багш нар очиж дэмжихдээ миний нэрийг бичсэн цаасыг өндөрт өргөөд “Бек ээ” гэж хашгирч байсан нь надад их урам өгсөн. Хамт олондоо баярлалаа. Казахстаны Элчин сайд, Нутгийн зөвлөл, Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, ИТХ-ын дарга Д.Бауыржан болон “Алаш MGL” залуучуудын клубийн дүү нартаа баярлалаа. Хамгийн гол нь намайг дэмжиж байгаа Монголын ард түмэндээ баярлалаа. Та бүхний итгэлийг алдахгүй ээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *