Categories
мэдээ цаг-үе

Америкийн тэмдэглэл 13

МОНГОЛ НЭР

Хориод жилийн өмнө Эрик гэж нэг Шотланд оюутанд монгол хэл заадаг байлаа. Нэг өдөр түүнд “Монгол хэл сурч байгаа гадаад хүмүүс үнэхээр монгол хэл, соёлыг илүү сайн суръя гэж бодож байгаа бол монгол нэртэй болох нь зүйтэй. Өөрийнхөө нэртэй төстэй дуудлагтай монгол нэр олбол их сайн. Кара Дъёрдъ гэж мажар багшийг монголчууд жишээ нь хар Дорж гэдэг юм” хэмээн зөвлөв.

Ердөө маргааш нь Эрик маань нүүр дүүрэн инээсээр, нүд дүүрэн мишээсээр орж ирэв.

“Манай гэрийнхэн одоо бүгд сайхан монгол нэртэй болсоон, багш аа!”

“Ухай?”

“Би, Эрик – Айраг, миний эхнэр Эмма – Эмээ, том хүү Томас – Төмс, бага хүү Магнус – Мангас…”

Айраг, Эмээ, Төмс, Мангас дөрөв Монголд олон жил тухтай сайхан амьдарч, монгол хэл, соёл сайтар сураад буцсан даа.

НҮҮР ДҮҮРЭН УНШИХ

Амласан сүү, амласан хэл гэдэг шиг амласан бичиг гэх ойлголт бий. Анх сурсан бичиг нь аливаа хүнд хавьгүй амар байдаг ажээ. Манай ангийн багш Ж.Гомбосүрэн хувийн бүх тэмдэглэлээ монгол бичгээр хөтөлдөг байв. Бүр наяад оны юм ярьж байна шүү дээ. Саяхан учрыг нь асууваас, 40-өөд оны эхээр бичиг сурсан, тэр амласан бичиг нь монгол бичиг байсан, тиймээс тавь, жар далаад он байтугай өнөөдрийг хүртэл монголоороо явчихаж.

Кирилл үсгийн дүрмийг зохиосон Ц.Дамдинсүрэн багш өөрөө монгол бичгээр илүү хурдан уншдаг байжээ. Академич Цэрэнсодном багшийг ид залууд нэг удаа Да багш хуучилж суугаад “Үгүй хө энэ кирилл ч уг нь амар л бичиг дээ, гэхдээ хамгийн хачин нь нэг нүүр дүүрэн уншиж болдоггүй юм шүү” гэж байсан тухай Цэсо багштан нэгэнтээ хүүрнэж билээ. Нүүр дүүрэн унших гэдэг ойлголт одоогийнхоор бол сониныг “гарчиглах, гүйлгэж харах” гэдэгтэй төстэй юм. Нэг бүрчлэн уншихгүйгээр хаана хаана, юун тухай байгааг ерөнхийд нь харчих, эсвэл хайж байгаа зүйлээ нүүрээр нь харж байгаад олчих чадвар юм.

Миний бие монгол бичигтээ илүү элэгтэй хүн, гэхдээ эгээ л бусдын адил кирилл үсгээр амласан тул монгол бичгийн эхийг тухайлан унших хэрэг гардаг, кирилээр бол нүүр дүүрэн уншчихдаг билээ. Энэ нь кирилл, монгол бичгийн аль нэг нь сайн муу тухай асуудал биш, амласан болоод сүүлд сурсан бичгийн ялгаа болохыг кирилл үсгийн дүрмийг өөрөө зохиосон атлаа нүүр дүүрэн уншиж чаддаггүй Да багшийн түүх харуулах мэт.

ТУУГААД БАЙНА ДАА

АНУ-ын Төрийн Департаментын сургуульд олон жил багшилсан доктор Гоогийн Бадан нутгийнхаа нэг хөгшний тухай төсөрхөн хуучлав. Насаараа тууварт явсны эцэст “Алтан гадас” одонгоор шагнуулж. Мал туухаас өөр элдвийг хийгээд байдаггүй, олон долоон үггүй нэг хөгшин байж л дээ. Сумын захиргаа тэгтэл улаан буланд бүх иргэдийг цуглуулан, Алтан гадас авсан хөгшнийг үг хэл гээд индэр дээр гаргачихлаа гэнэ шүү. Хөгшин тайвуухан алхалж очоод индэр дээр хэсэг зогссоноо:

“Сайхан байна даа. Туугаад байна даа” гэчихээд буугаад алхчихсан гэнэ.

АР МОНГОЛД ХУВИСГААЛ ХИЙСЭН ХҮҮХДҮҮД

Дилав хутагтыг асрах гэж АНУ-д тавиад онд ирсэн Жамбалдорж ламыг манайхан андахгүй. Саяхан шахуу, 2011 онд хий настайгаа 103 хүрээд жанч халлаа. Одоогийнхоор бол Өмнөговь аймгийн хүн. Зуун настай Жамбалдорж гуайн “дүү лам” болох Шилийн голын Сөнид хошууны Ёндонжамц лам тэгэхэд 90 гарч байлаа. Миний өгүүлэх явдал Монголд ардчилал мандсан ерээд оны эхээр болжээ. Ардчиллын анхдагч хоёр залуу АНУ-д дүрвэн зугтан гарч ирсэн гэх. Нэг их хөөж туулуу үгүй бил үү, за тэр тухай ч юм биш. Тэр үед Америкт Жамбалдорж гуайгаас өөр монгол хүн бараг байсангүй, мань хоёр партизан тэдний хийд дээр очиж хэсэг амьдарсан юм байна.

Жамбалдорж гуай ная гарсан, Ёндонжамц гуай дал хүрсэн байсан үе. Хоёр хөгшин өглөө таван цагт босоод л ажиллаж эхэлнэ дээ. Хашаа хороогоо арчлах, навч цэцэг цэвэрлэх, хог хаягдал хаях гээд хийд мэтийн том газартай эдлэнд бол ажил мундахгүй. Монголоос ирсэн хоёр залуу харин ихэвчлэн 9, 10 хүртэл унтдаг байж. Нэг өглөө Жамбалдорж гуай хашаагаа цэвэрлэнгээ “Энэ хоёр хүүхэд ар Монголд хувисгаал хийгээд ирсэн гэх. Ингэж их унтдаг хүүхдүүд хэдий завандаа хувисгаал хийдэг юм бол доо?” хэмээн гайхан өгүүлснийг чихээр сонссон хүн үүнийг бичээчид хуучилсан бөлгөө.

БАРЛУУ

Бага хүүтэйгээ тоглоомын дэлгүүрээ явж байв. Таван настай байсан үе. Нэг чихмэл тоглоом үзүүлээд “Энэ арслан заан байна” гэсэн “За” гэснээ сүүлд бодоход жуумалзаад өнгөрсөн нь санагдсан, тухайн үедээ бол би огт анзаарсангүй. Элдэв амьтны нэр хэлэхээр юу гэнэ ээ гээд Лавлаадаш шиг лавлаад байдаг, яасан сүрхий ойлгоод авчихав гэж бодоод л өнгөрлөө. Тэгсэн тун удалгүй, нэг киноны л баатар бололтой нуруундаа том далавчтай муур шиг амьтан барьчихсан “Аав аа, энэ хар аа, Барлуу байна” гэнэ.

Юун “барлуу”, юу гэж байгаа юм?

Та чинь өөрөө түрүүн нэг амьтныг Арслан-Заан гээ биз дээ. Энэ тэгвэл БАР-ЛУУ за юу!….

ААВ НЬ ХААНА БАЙНА?

Индиана мужид бидний хичээллүүлдэг Монгол хэл, соёлын зуслан дээр хөгжилтэй яриа хөөрөө олон болно. Түшиг гэж охины аав ирээд, бидэнд тусалж, хүүхдүүдийн үүгээр түүгээр хаясан тоглоомыг хамалцаж байсан юм. Уулзах хэрэг болоод гадаа гартал аав нь алга, Түшиг охин ганцаар зогсож байна. Зуслан дээр бид зөвхөн монгол хэлээр ярих дүрэмтэй.

Түшиг ээ, аав нь волейболын бөмбөг хайгаад явж байсан, одоо хаана байна?

Аав бөмбөгөө олсон байх. Бөмбөгний хажууд байгаа байх.

Тэр бөмбөг нь тэгвэл хаа байна?

Аавын хажууд байгаа байх.

ЭЭЖИЙН ДОТОР БАЙГАА ДҮҮ?

Англиар огт ярьж болохгүй, яаж ийгээд мэддэг монгол хэлээрээ ойлгуул гэхээр заримдаа бол там болно. Гэхдээ сэргэлэн хүүхдүүд бол яаж ийгээд санаагаа ойлгуулчихдаг л юм. Нэг хүүгээс “Чи дүүтэй юү?” гэж асуусан, хэсэг бодолхийлснээ “Миний дүү миний ээжийн дотор байгаа” гэв. Би ч шууд ойлгов. Жирэмсэн гэж үг монголоор мэдэхгүй гээд таг дуугүй зогсож байхын оронд зөв л хариулсан байгаа биз.

ГЭРЭЭСЭЭ ИРСЭН ХҮҮХЭД

Бага хүүхдүүдэд хэрхэн өөрийгөө танилцуулж, хаанаас ирснээ хэлэхийг зааж байв.

-Намайг Ариунаа гэдэг. Би Колорадогийн Дэнвэрээс ирсэн.

-Намайг Зулаа гэдэг. Би Иллинойгийн Шикаго хотоос ирсэн.

Манай хүний ээлж болов: Намайг Гэгээ гэдэг. Би ГЭРЭЭСЭЭ ирсэн.

Монголоос ирээд манайд амьдарч байсан үеэлийнх нь ээлж болов: Намайг Цэлмүүн гэдэг. Би ГЭГЭЭГИЙН ГЭРЭЭС ирсэн.

НҮЦГЭН ТЭМЦЭЛ

Арваад жилийн өмнө Майн нэгнийг хөрөнгөтний газар үзэв гэдэг шиг жигтэй зүйлтэй миний бие нэгэнтээ учирч билээ. Вашингтон хотын Мкпэрсоны талбай гэж газрын орчим, “Олон улсын хэлний сургууль” гэж том нэртэй жижиг сургуульд, Монголд Мянганы сорилын сангийн захирал, ажилтнууд болох гэж буй хэдэн хүнд монгол хэлний хичээл заадаг байсан юм. Метроноос буугаад дурдсан талбайг нэвт дайраад сургуульдаа ирнэ.

Тэгсэн нэг өдөр баахан охид бүсгүйчүүд нөгөө талбай дээр чинь чармай нүцгэн зогсоцгоочихсон, ухуулах хуудас барьж, чанга яригчаар элдвийг өгүүлэх аж. “Майн нэгнийг хөрөнгөтний газар үзэв” гэдэг л шууд санаанд орж ирж байна. Гэхдээ ажилтай байсан болохоор хэн юуны төлөө яагаад ийн тэмцэв гэдгийн учрыг олж чадсангүй.

Орой нь мэдээ харсан чинь харин ийм учиртай тэмцэл байж. Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад эмэгтэйчүүдийг нүүр ам, үс зүсээ далдалж явах ёстой гэсэн санаатай мэдэгдэл хийхдээ “Ойрд газар их хөдөлж байгаа нь эмэгтэйчүүд хамаагүй нөмгөн хувцастай гадуур явж байгаатай холбоотой” гэсэн ажээ.

Тэгтэл, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч охид хүүхнүүд, “Нөмгөн хувцаслахаар газар хөдөлдөг юм бол нүцгэн гүйхээр бүр сөнөх үү, май чи” хэмээн тайчсан юм байна. За тэгээд мэдээж газар ч хөдөлсөнгүй, тэр хэдийн нүцгэн нөмгөн байгааг байгаль дэлхий мэдсэн ч үгүй. Мэдсэн ч юу л тоогоо аж, хэдэн мянган жилийн өмнө угаасаа эр эмгүй шалдан явж байдаг байсан биз дээ?

Махмуд Ахмадинежадыг хөөрхий тэгээд дийлэгдлээ гэж бодож байна уу? Үгүй шүү. Маш хөгжилтэй юм хоёр долоо хоногийн дараа болдог юм. Тэртээ Тайваньд нэг газар хөдлөөдхөв. Тэгтэл, Ираны Вашингтон дахь нэг албан ёсны төлөөлөгч “За тэр харав уу, та нараас болоод хөөрхий Тайваньд газар хөдөлчихлөө” гэж мэдэгдэж билээ.

САРУУЛ-ЭРДЭНИЙН БИЛГИЙН…

Бага хүүгээ хэлд дөнгөж орж байхад овог нэрээ хэрхэн бүтнээр нь хэлэхийг заасан юм. Овоо сурчих шиг боллоо. Р авиа гэхдээ хэлж чаддаггүй:

Чиний нэр хэн билээ?

Са-уул Эедэнийн Билгийнгэгээ…

Их сайн байна. Яг зөв. Агаа нь хэн билээ?

Са-уул Эедэнийн Билгийн-Илд

Дагааг нь хэн гэдэг юм?

Са-уул Эедэнийн Билгийндалай

Ерөнхий аналогийг нь бол гаргаахгүй болж гээч. Тэгээд жаахан байж байснаа гэнэт ээжийнхээ нэрийг мэддэг нөхөр үү гэж бодоод

Ээжийг нь хэн гэдэг билээ?

Са-уул Эедэнийн Билгийн-Ээж гэнэ шүү.

ҮЛ ҮЗЭГДЭГЧ МАНГАР

Одоо ч тооцоолуурын орчуулга хөгжөөд их сайн болжээ. Анхны юм гэдэг дандаа шууд бүтэлтэй болдоггүй. Америкт анх машины орчуулга туршиж эхэлж. ерөнхийлөгч Эйзэнхауэр ажил байдалтай нь танилцаж л дээ. Тэгээд англи хэлний ‘out of sight – out of mind’ буюу “нүднээс далд бол санаанаас далд” гэсэн маягийн зүйр цэцэн үгийг орос хэл рүү орчуулуулан үзжээ. Тэгсэн машин “невидимый идиот” буюу “үл үзэгдэгч тэнэг” гэж орчуулсан байгаа юм.

Out of sight гэхээр нээрээ л үзэгдэхгүй, үзэгдэх орчноос гадуур гэж ойлгож болох, out of mind гэхээр ухаан санаанаас ангид, гадуур бол элий балай гэж тооцох нь аргагүй биз.

Тэгэхээр нь Эйзэнхауэр яасан жигтэй машин гээч вэ гээд Библиэс нэг эшлэл оруулж. Матайн 26:41 The spirit is willing, but the flesh is weak. Манайхан “Сүнс хүсэж байна, харин махан бие сул дорой юм” гэж орчуулсан байна билээ. Мань машин тэгсэн Spirit гэдгийг нь Спирт гэдэг утгаар нь ойлгоод “Архи нь сүрхий байгаад байна, харин мах нь муудчихлаа” гэж орчуулсан гэдэг.

Гэхдээ Эйзэнхауэр ухаантай хүн болохоороо “улам сайжруулаарай” л гэснээс биш “шал дэмий юм хийлээ, боль” гэж тэр төслийг хаагаагүй л юм даа.

Манай сонины Вашингтон дахь тусгай сурвалжлагч М.Саруул-Эрдэнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *