Categories
мэдээ цаг-үе

Бурхан өвөө

Сайхан хүний мэндэлсний 100 жилийн ойд зориулсан номын нээлт, хүндэтгэлийн ажиллагаанаас сурвалжлага бэлтгэх үүрэгтэй очсон миний бие найман настайдаа үсэг нүдлэхдээ эрхбиш А-гаас эхэлсэн байх л даа. Гэхдээ хамгийн түрүүн, сонирхолтойгоор цээжилсэн, байн байн өндөр дуугаар хэлдэг таван үсэг байсан нь Б, Н, М, А, У юм. Нийлүүлээд уншихаар БНМАУ болдог. Аав минь өдөр бүр шинээр авчирдаг, гарын дор байх “Үнэн” сонин шүүрч аваад л өөрийн дуртай үгээ хайж олж уншаад, нэг нүүрэнд хэд байгааг нь тоолж тоглодог байсан юм.

Хоёрдугаар ангид онц сураад “баатарчууд”-ын эгнээнд элсэх үедээ хэдийнэ өнөөх “Үнэн” сониныхоо тэргүүн өгүүллийг уншиж чаддаг болсон байлаа. Өдөр бүр шинэ тэргүүн өгүүлэл дурлан унших ч утгыг нь төдийлөн сайн ойлгохгүй. Гэхдээ алдаа мадаггүй яг л зөв хэлж дуудахад аав минь баярлана. Өдөр хоног, сар, жил улирах тусам өгүүлэлд юун тухай бичсэнийг ухахтайгаа болж ирсэн. Тэр л үед дурлан уншдаг сонины минь ерөнхий эрхлэгчээр нэрт соён гэгээрүүлэгч Цэндийн Намсрай ажиллаж байсныг бүр хожим мэдэж билээ. Мэндэлснийх нь 100 жилийн ойн баярт “тусгай даалгавар”-тай очоод гэр бүл, үр хүүхдүүд, хамтран зүтгэгчдийнх нь яриаг сонсож суух ер бусын байлаа.

Монголын ууган хэвлэл “Үнэн” сонин, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчөөр 22 жил тасралтгүй ажиллаж, эдгээр байгууллагыг хамгийн олон жил удирдсан, Марксизм-Ленинизмийн зохиол орчуулж, энэ төрөлд Төрийн шагнал хүртсэн анхдагч, Намын Төв хорооны гишүүн, АИХ-ын депутат, Гадаад явдлын яамны ерөнхий нарийн бичгийн дарга, Элчин сайд Цэндийн Намсрайн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Монголын улс төр, нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн Цэндийн Намсрай” номын нээлт, хүндэтгэлийн ажиллагаа “Улаанбаатар” зочид буудалд боллоо.

Цэндийн Намсрай гуайн зээ охин Балдоржийн Номинтүшиг хүндэтгэлийн ажиллагааг нээж үг хэлэхдээ өвөөгөө Гэгээрлийн сайдын албан тушаалыг хэсэгхэн зуур хашсан гэж даруу хэлж байна билээ. Ц.Намсрай Дэлхийн шатарчдын холбооны дэд ерөнхийлөгч, Азийн шатарчдын холбооны ерөнхийлөгч байв. Дэлхийн сэтгүүлчдийн байгууллагын дэд ерөнхийлөгчөөр ажилласан анхны монгол хүн, Монгол Улсыг НҮБ-д элсүүлсэн дипломатчдын нэг ажээ. Монгол Улс анх удаа НҮБ-ын “Эдийн засгийн хөгжил ба байгаль орчныг хамгаалах” сэдвээр санал дэвшүүлсэн бөгөөд уг баримт бичгийг хамтран боловсруулсан их хүн. Хоёр Солонгосын дайныг зогсоох анхны гэрээ, хэлэлцээрт оролцож, коммунист Германд Элчин сайдаар суун, Фидель Кастротой уулзаж явсан байна.

Номыг санаачлан эмхэтгэсэн Соёлын гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор Д.Цэдэв “Монголын соёл гэгээрэл, нийгмийн ухааны түүхэнд дурсгалтай үйл явдал болж байна. Улс төр, нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн Цэндийн Намсрай гуай ажилласан бүхий л салбартаа өөрийн ул мөрийг баттай үлдээжээ. Монгол Улсын түүхийн төв, Монгол Улсын Гадаад явдлын яамны, ЗХУ-ын Улаан-Үдийн Рабфак буюу Ажилчны сургуулийн, Мөн Зөвлөлтийн, Ерөнхийлөгчийн нэрэмжит Нийгмийн шинжлэх ухааны академийн гэсэн архивуудын шинэ хэрэглэгдэхүүнийг “Монголын улс төр, нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн Цэндийн Намсрай” гэсэн 750 хуудастай номд багтаахыг эрмэлзсэн. Энэ номыг бүтээхэд туслалцаа үзүүлсэн Ц.Намсрай гуайн журамт гэргий Л.Цогзолмаа, үр хүүхдүүд, Монгол Улсын архивч Эрдэнэбат, Эрдэнэтунгалаг, Гаадагмаа, Улаан-Үдийн архивч Лариса Чимиддоржиева болон БСШУСЯ, сайд Ц.Цогзолмаа, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, “Мөнхийн үсэг” хэвлэлийн газрын хамт олонд талархал илэрхийлье. Энэ хүмүүс чин сэтгэлээсээ хандаагүй бол энэхүү ном гарахгүй байх байлаа” хэмээсэн.

Хөтлөгч, зээ охин Б.Номинтүшиг нь “Өвөөгийн минь хийж бүтээсэн бүхэн, улс эх орныхоо хөгжилд оруулсан хувь нэмэр нь бидний хувьд Өвөө маань хийж бүтээсэн бүхэндээ чин сэтгэлээсээ хандан амьдралаас аз жаргал авч чадсан. Эмээтэй минь 45 жил амьдарсан түшигтэй хань, таван хүүхэд хүмүүжүүлсэн аав өдгөө 11 ач, зээ, 18 гучтай болжээ. Хамгийн гол нь, өөд болсноос нь 30-аад жилийн дараа ч найз нөхөд, хамтран ажиллагсад нь түүний хүн чанарыг санан, гэгээлгээр дурсаж байна. Хажууд нь өсөж том болоогүй, аль эсвэл над шиг хэзээ ч уулзаж байгаагүй ач, зээ нартаа хүртэл өвөө маань өөрийн үлгэр жишээгээрээ хүнд хэрэгтэй, сайн хүн байхын үнэ цэнийг ойлгуулдаг. “Монгол кино” үйлдвэр Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галааридын зохиолоор өвөөгийн маань ажил үйлсийн талаарх баримтат кино хийж байгаа” гэсэн юм.

Энэ үдшийн хүндэтгэлийн ажиллагааны онцлох мөч нь нэрт сэтгүүлч, редактор Ц.Намсрайн нэрэмжит, шилдэг редакторт олгодог шагнал гардуулах агшин байлаа. Шагнал гардуулахаар тайзнаа гарч ирсэн, Ц.Намсрайн охин Н.Шүр болон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн төлөөлөл Х.Батхишиг нар уг шагналыг сэтгүүлч, редактор, Соёлын гавьяат зүтгэлтэн, “ТВ-9” телевизийн захирал Т.Баасансүрэнд олгох болсноо зарласан юм. Уг шагналыг өмнө нь Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Цэвлээ, сэтгүүлч С.Батбаатар, Ц.Ганбат, Я.Сумъяа нар авч байжээ.

Индэрт Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Цэвлээ гуайг үг хэлэхийг урилаа. Тэрбээр “Өөрийн бус, бусдын төлөө явж байдаг, энэрэнгүй, цагаан сэтгэлтэн, хүнд муу юм бодож, санадаггүй, дандаа сайн, сайхан зүйл хүсч, мөрөөдөж явдаг хүн бол Ц.Намсрай эрхлэгч. Түүний ажил үйл нь дандаа ариун цагаан байдаг. Нэг ч хар, муу юм хийдэггүй. Хүнд, бусдад, нийгэмд, эх орондоо ямар нэгэн хортой юм хийгээгүй. Сая дурдсан бүхнийг дандаа хамгаалж, өмгөөлж явдаг хүн байсан. Ийм хэдэн шинж чанараар нь би Намсрай эрхлэгчийг Бурхан гэж бодож явдаг. Бурхан гэдэг чинь хүн л юм шүү дээ. Нас нь богино, үйл хэрэг нь мөнх хүн юм байна, Намсрай эрхлэгч. Үйл хэргийг нь үргэлжлүүлэн авч яваа үр хүүхдүүд нь мөн аавыгаа, өвөөгөө дуурайсан цагаан, гэгээн хүмүүс. Ц.Намсрай эрхлэгчийн нутгийнхан мөн үйл хэргийг нь үргэлжлүүлэх, мөнхжүүлэх чиглэлд нэлээд ажиллаж байгааг дуулахад таатай байна” хэмээсэн юм.

Ц.Намсрай эрхлэгчийн гэргий, Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуайн үг хэлэх ээлж ирэхэд том охин Н.Сувд нь хамт тайзнаа гарсан юм. Монгол түмний хайртай ижий тэрбээр “Намсрай бид хоёр 1946 онд гэр бүл болж хурим хийж байлаа. Тэр үед хүмүүс хурим төдийлөн хийдэггүй байсан юм. Тэгсэн ч бид 1940-өөд онд энэ ёслолыг анхлан хийсэн улсуудын нэг болж байлаа. Миний өвгөн хүн сайтай, төлөв, үр хүүхдүүддээ хайртай, ханьдаа үнэнч, анд нөхдөдөө түшигтэй хосгүй сайн хүн байсан. Бид хоёр 40 гаруй жил ханилж, таван хүүхдийн эх, эцэг болсон. Хүүхдүүд маань сайн сайхан явж байна. Өнөөдөр би өвгөнтэй минь хамт ажиллаж байсан хэвлэлийн нөхдүүд болон танил сайн хүмүүсээ хараад сэтгэл их хөдөлж байна. Өвгөнтэйгөө уулзсан юм шиг санагдаж байна. Хөгшин минь хүүхдүүдийнхээ сайн сайхан явж байгааг тэнгэрээс харж байгаа байх. Ер нь ч дандаа биднийгээ харж байдаг гэж боддог. Хэн нэгэнд ямар нэг зүйл хэрэг болохоор би заавал өвгөнөөсөө гуйдаг. Өвгөний минь төрсөн ээж нь гэж их сайхан хүн байсан. Ач, зээ нарыг маань ч өсгөсөн ачтай ижий байсныг дурсъя. Өнөөдөр өвгөн минь 100 хүрч, би 94, 95-тай ч болжээ. Мэндэлснийх нь 100 жилийн ойг тэмдэглэж байгаа та нөхдөд баярлаж байгаагаа илэрхийлж, эрүүл энхийг хүсье” гэсэн юм.

Б.Номинтүшиг өвөөгийнхөө таван хүүхдийг тайзнаа урихад Н.Сувд, Н.Шүр, Н.Ганчимэг, Н.Ганхуяг, Н.Энхтүвшин нар цугтаа тайзнаа гарч зочдод талархлаа илэрхийлсэн юм. Ардын жүжигчин Н.Сувд “Өнөөдөр баярын өдөр шүү. Бид тав аав, ээжтэйгээ хамт та бүхэнд чин сэтгэлээсээ баярлаж талархаж байгаагаа илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсч байна” гэж яг л тэртээ 30 жилийн өмнө “Мандухай сэцэн хатан” кинонд ярьж байсан шиг дуу хоолойгоор хэлсэн нь дотно сайхан байлаа.

Р.ОЮУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *