Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: 30 гэр бүл гэж хэн юм бэ? Би энд холбогдох уу?

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. Чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалан, 72 гишүүн оролцсон билээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

Зарим үед та нар шатахуунаа хямдхан зарж бай. Та нар хангалттай баяжсан. Ард түмнээ үнэхээр боддог юм бол сэтгэл гаргаад өөрсдөө жаахан алдагдал гаргасан ч гэсэн хямдхан өгчихөөч.

Н.Номтойбаяр аа, та нарыг юм хийж байгааг мэдэж байгаа. Н.Нямтайшир хөдөлмөрч хүн. Би аавын чинь талаар яриагүй байна. Чамайг хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Зарим гишүүд ЖДҮХС-ийн зээлийг зүгээр л зээл шдээ гэж байна. Энэ бол зохион байгуулалттай албан тушаалаа хэтрүүлэн авсан зээл. Би танаас хууль биелүүлэхийг шаардъя. Юу гэж хариулахаас таныг хэр шударга хүн бэ гэдгийг харах гэсэн юм.

Гишүүд наад зах нь ЖДҮХС-гаас авсан зээлээ төлж байгаа нь үүнийг хүлээн зөвшөөрч байгаагийн хэлбэр. Та ЕС-ийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй нь ил болсон сайд нараа энэ чуулганы танхимаас гар гээд хэлчихгүй юм уу?

Бүгд ЖДҮ-тэй холбоотой шалгагдаж байгаа. Шүүхээр тогтоогоогүй байна. Гэхдээ авсан нь тодорхой болчихлоо.

Хоёрдугаарт, 30 гэр бүл гэж хэн юм бэ? Би энд холбогдох уу? Ямар шалгуураар 30 гэр бүл болчихов?

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Тэр 30 гэр бүлийн нэг нь та өөрөө мөн. Яривал би цааш нь ярина. Зөвхөн МАК компани 36 лиценз эзэмшдэг. Цагаан суварга танай гэр бүлийн өмч биш. Нэг ч лицензгүй хүмүүс нь харин 3 сая хүн байж магадгүй. Та нар хууль бусаар баяжсан. Төрийн эрх ард түмний гарт байдаг.

ЖДҮ-тэй холбоотой асуудлаар шалгалт оруулсан. ЗГ өөрөө үүнийг шалгасан. Б.Батзориг сайдыг сайд болсны дараа гурван удаа анхааруулж хэлсэн. “Чи наадахаа болио. Ил тод болго. Реалити шоу болго. Олон нийтэд ямар компани зээл авч байгааг нэвтрүүлэг болгочих” гэсэн. Гэтэл миний шаардлага хэрэгжсэнгүй. Ингээд салбарын сайд маань хариуцлага алдаад хариуцлагаа үүрсэн. Цаашдаа би юм хэлье. Их хурлын гишүүд манай сайд нараас битгий хууль бус юм гуйгаач ээ гэж хүсэж байна.

Чи үнэхээр эх орондоо хайртай юм бол цагаан суваргаа буцаагаад өгчих. Монголын ард түмэнд буцаагаад өг.

Тийм учраас та нар шиг хүмүүстэй би тэмцэж байгаа юм. Тиймээс надад хүндрэл бэрхшээл учирч байгаа. Цаашдаа Хүрэлсүх Ерөнхий сайд намын дарга хийх юм бол бидний эрх ашиг байхгүй болно гэж айж байна. ЕС-ыг огцруулах 27 хүн дотор Монголын хөрөнгө мөнгийг завшсан хүмүүс байгаа шүү. Танай МАК компани хандив өргөсөн юм билээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Бид нэг нэгнээ идэж ууснаа л яг одоо яриад байна. Гэвч ард иргэдийн амьдрал хэцүү байна шүү дээ. Долларын ханш гэхэд хоёрхон сарын дотор 200 төгрөгөөр нэмэгдчихлээ. Ард түмэн рүүгээ чиглэсэн ажлыг хийе л дээ. Шинээр нефтийн үйлдвэр барих боломжтой юу, бензиний үнэд дарлуулахгүй байх боломж байна уу, зун гэхэд цэвэрлэх байгууламжаа сайжруулж өмхийгөөс салах боломжтой юу гэдэгт анхаарлаа хандуулцгаая.

Хэрэлдсээр байтал энэ улс орон чинь цөхөрч байна. Одоо ажлаа хийцгээе. Засгийн газраа тогтвортой байлгая.

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат

Сангийн сайд та тэнд байгаа бүх мөнгийг авчраад төрийн сангийнхаа бүх мөнгийг хав дарчихаад ямар эргэлт хийж эдийн засгаа аврах гээд байгаа юм. Зээлийн хүү буурахгүй байгаа асуудалд та ч бас нэмэр болоод байна. Та ерөнхий сайдаа эдийн засгийн зөв бодлогоор хангаагүй учраас валютын ханшаа өсгөөд байгаа юм. Зохицуулалтгүй юм гэж байдаггүй юм.

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав:

Бид хоёр хөрш, бусад дипломат улсын хамтын ажиллагаатай холбоотой асуудлуудыг ярихгүй байгаач гэж хүсэж байна. Өнөөдөр бид ЗГ огцрох, эс огцрох асуудлыг хэлэлцэнэ. Шүүхээр шийдвэрлээгүй тохиолдол хэн нэгнийг ЖДҮ-чин гэж хэлж болохгүй. Хэн нэгэн гишүүнийг хөөх тухай асуудал яригдахгүй.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Н.Энхбаярын баривчилгааг санаж байна. Тэр үед танай намын дарга байсан хүнийг гэр орныг нь үймүүлж аймшигтай баривчилж байсан. Сэтгэлзүйгээр нь тамлан зовоож байсан хүмүүс өнөөдөр шударга ёс байх ёстой гэж ярьж байна. Хууль зүйн сайд, Ерөнхий сайдаас эхлээд энд байгаа маш олон шударга хүмүүс энд сууж байна.

Гэм буруутай, буруугүйг шүүх тогтоогоод эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Албан тушаалаа ашиглаад өөртөө давуу байдал бий болгосон сайд нар, төсвийн онц их алдагдал үүрчихлээ гээд байхад парламентыг үл тоож байгаа сангийн сайд, шатахууны үнэ нэмэгдээд байгаад арга хэмжээ авахгүй байгаа уул уурхайн сайддаа хариуцлага тооцохгүй гэж яриад байна. Энэ сайдуудыг болиулах эрх нь парламентад байхгүй.

Ерөнхий сайд аа,

Хариуцлага тооцох ёстой сайд таны кабинетэд байгаа юу? Байгаа бол хэн бэ? Хариуцлаа тооцох ёстой сайд нэг ч байхгүй юу? Унавал би уная гээд байгаа юм уу гэдэгт тодорхой хариулт өгөөч.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

Хариуцлагын тухай асуудалтай би санал нэг байна. ЕС хариуцлага тооцохгүй биш тооцож байна. Миний бүрдүүлсэн кабинетээс хоёр сайд үүрэгт ажлаа өгсөн.

Төрийн хариуцлагаас гадна улс төрийн хариуцлага тооцох ёстой. Би ЕС-аар томилогдохдоо хоёр зүйл ярьж байсан. Нэг нь нийгэмд шударга ёс тооцох, нөгөө нь улс орны эдийн засгийн уналтыг зогсоох. Гол ажил маань эдийн засаг руу чиглэсэн. Хариуцлага тооцох ёстой.

ЖДҮ гэж сайн юм гарч ирлээ гэж бодож байна. Монголыг цэвэрлэх сайн үйл явдал боллоо. Үүнтэй холбоотой нөхдүүдтэй хариуцлага тооцож байна. Үнэхээр тэр нь ашиг сонирхлын зөрчилтэй болоод хууль хяналтын байгууллага тогтоовол хариуцлага тооцно. Тиймээс би цаашдаа ажиллах сонирхолтой байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Хууль хяналтын байгууллага хариуцлага тооцвол би хариуцлага тооцно гэлээ. Тэр хүн шоронд орсны дараа ямар хариуцлага тооцох вэ? Та чинь хотын даргаа утаатай тэмцсэнгүй гээд огцруулчихсан. Жинхэнэ мөнгий нь барьж байгаа сангийн сайдад яагаад хариуцлага тооцохгүй байна вэ?

Шүүхээр гэмт буруутай нь тогтоогдсон бол танай засагтай засаггүй өөрөө хуулийн хариуцлага хүлээнэ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Г.Занданшатар бүх сайд нарыг оруул. Бензин, доллар ард иргэдийн санааг зовоож байна. Заримдаа ямар ч сайд зохицуулж чадаагүй асуудал байдаг юм. Өөрөөс чинь үл хамаардаг юм байгаа. Доллар гэдгийг бид хэвлээгүй шдээ. Америкт хэвлэдэг юм. Шатахууныг бид гадаадаас авдаг.

УИХ-ын Ж.Батзандан: Нам удирдах биш намын бүлэглэлүүд биднийг удирдаж байна. Нам ийм шийдвэр гаргасан гэж худлаа ярихаа больё. АН-ын гишүүн бол шударга ёсны төлөө зогсох ёстой гэж боддог. Ерөнхий сайд таны хэлж байгаа Монголын төрд их цэвэрлэгээ хийнэ гэж байгаа нь надад таалагдаж байна. Шуналын туламнууд болсон шударга бусын мананжсан мафижсан мөлжлөгийн санхүүгийн тогтолцоог цэвэрлэх хэрэгтэй.

Үүнийг Хүрэлсүхийн ЗГ хийх ёстой. Намын сонирхлоор бол ЗГ-ыг түлхэн унагаах талд байна. Гэхдээ шүүх ажиллахаа болилоо, прокурор ажиллахаа болилоо. АТГ ажиллахаа болилоо.

УИХ-ын гишүүн Л.Болд: Ард түмний өмнө бүх юм илчлэгдлээ. Бүгд дотуур хувцсаа гаргаад шидлээ. Ж.Мөнхбат гишүүн хүн болгоныг намнадаг уран цэцэн мундаг хүн л дээ. Сөрөг хүчнийг нам даръя гэдэг шинжтэй. Та хаа хамаагүй юмыг ярьж байна. Ичих ч үгүй чи намайг гүтгэчихээд сууж байна.

Би ашиг сонирхлын зөрчил үүснэ гээд Голомт гэж том банкаас татгалзсан. Гэхдээ манай гэр бүлийн Богд банк гэж жижиг банк бий. Манай банкийг Монголбанк бүх талаар нь хавчиж байна. Сангийн сайд хариултаа өгөөрэй. Бүх банкинд ипотекийн зээлийг өгч байгаа. Ганцхан манай банкинд өгөхгүй байгаа. Эсрэгээрээ бүх юмнаас Богд банкийг хассан. Ард түмний эрх ашиг байгаа болохоос чи битгий тэгж хамааралгүй хүмүүсийг гутаа. Би чамтай шүүхээр явна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Ж.Мөнхбат гүтгэлгийн шинжтэй юм тарааж байна. Хүнээс сонссон юмаа нягтлахгүй тарааж байна. Төрийн мөнгө рүү арилжааны банкууд бүгд дайраад орчихсон. Төрийн мөнгийг арилжааны банкууд бага хүүтэй байршуулаад эргүүлээд өндөр хүүтэй зээлж авдаг байсан. Энийг бид таслан зогсоосон. Одоо бүх арилжааны банкууд төрийн мөнгөнөөс савраа татсан. Төрийн мөнгөөр арилжааны банкууд бизнес хийдгийг таслан зогсоосон. Гэхдээ бид энэ ажлаа зогсоохгүй.

Богд банкинд сангийн яам ипотекийн зээл олгодог гэж худлаа. Ипотекийн зээлийг Монголбанк хуваарилдаг. Сангийн яам тэр банкинд өгчихөөч гэж заадаг юм байхгүй.

УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт: Та бүхэн хуралдаанд ёс зүйн хэм хэмжээг баримтлаасай. Бие биеэ гүтгэж, доромжилж байна. Эргээд уулзах улаан нүүртэй шүү, хэлэлцэх асуудал, бодлогын асуудалдаа төвлөрч яриарай гэдгийг гишүүддээ хэлье.

Энэ хүн чинь УИХ-ын гишүүн. Санаачилсан асуудалтай нь холбогдуулаад даргалуулахгүй гэдэг. Уг нь УИХ-ын дарга нь удирдах ёстой. Гэвч УИХ-ын дарга өөрөө удирдахгүй гэсэн. Дэд дарга гэдэг хүнээр удирдуулах шаардлагагүй. Хууль санаачилж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээ эдэлснийх нь төлөө хурал даргалуулахгүй гэж болохгүй.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Энэ их хуралд ашиг сонирхлын зөрчилгүй хүн гэж байна уу? УИХ-ын дэд дарга Я.Санжмятав ч ашиг сонирхлын зөрчилтэй. Би ч зөрчилтэй. Ашиг сонирхлын зөрчил гэдэг бол тодорхой сайдын асуудал яригдах бол тэр сайд гараад явах ёстой. Үүнийг хэлж байгаа юм. Л.Энх-Амгалангаар хурал удирдуулах шаардлагатай.

Хоёрдугаарт, өнөөдөр У.Хүрэлсүх сайдыг огцруулах асуудлыг ярьж байна. У.Хүрэлсүх их хурлын гишүүн биш.

Гуравт, энэ байдлыг та нар цөмөөрөө өөрийнхөө бие дээр тавиад үзээрэй. Энэ хурлын дараа Үндэсний аюулгүй байдлын гурван гишүүн уулзсан нь дээр байх. Та нарыг төрийг тараах биш төрийг тайван байлга гэж суулгасан шүү.

ИХ-ын гишүүн Л.Болд: Та нар ЖДҮ гэсэн хаяг зүүгээд засгийн газрыг огцруулбал яавч зөв болохгүй. ЖДҮ бол 60 тэрбумын нотлох баримт. 60 тэрбум ЖДҮ-гээр бүрэн нотлогдож байгаа, тоо баримттайгаа.

ЖДҮ-гүй цэвэрхэн бүлэглэл ЖДҮ-тэй бохир бүлэглэлийг унагааж байгаа гэдгийг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Та нар 65 уулаа хариуцлага хүлээх ёстой.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Нам дотроо нам бусаар хэрэлдээд байгаа юм бол үндэстэн дамнасан корпорациуд хөндлөнгийн улс орнуудыг баярлуулаад л сууна. Аль болох дуугүй байх юм сан, эвлэрүүлэх юм сан гэж бодож байна.

Засгийн газар огцорно гэдэг галав юүлэхтэй адил биш юм. Бид хэчнээн ч ЗГ огцруулав.

Бид өөд өөдөөсөө муухай ч харах эрхгүй хүмүүс шүү дээ. 3 саяуулахнаа. Бид чинь дотроо тасарчих гээд байна. Би биеэ гүжирдэх доромжлох хэрээс хэтэрлээ. Тийм учраас өнөөдрийн яриад байгаа зөрчил энэ тэрийг Л.Энх-Амгалан дарга удирдаад хэрэггүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *