Улаанбаатар хот нь Ногоон хотын үйл ажиллагааны төлөвлөгөөг Европын сэргээн босголт хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр боловсруулан байгаль экологи болон дэд бүтцийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Ингэснээр 1.4 сая хүн амтай Улаанбаатар хот, Европын Сэргээн босголт хөгжлийн банкны Ногоон хотуудын хөтөлбөрт нэгдэж буй Азийн анхны хот болох юм.
Ногоон хотын үйл ажиллагааны төлөвлөгөөг БНСУ-ын Засгийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх ба Монгол Улсын нийслэлд нэн тэргүүнд тулгамдаж буй байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, шаардлагатай хөрөнгө оруулалтыг тодорхойлж хамтран ажиллах юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх эхний төсөл нь Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл байхаар төлөвлөжээ.
Хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон Европын Сэргээн босголт хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын тэргүүн хатагтай Ирина Кравченко нар оролцлоо. Мөн Ногоон хотын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах төслийн зөвлөхүүд, оролцогч талуудтай хамтран нийслэлд авч хэрэгжүүлэх нэн тэргүүний арга хэмжээг тодорхойлох семинарыг зохион байгууллаа.
Европын Сэргээн босголт хөгжлийн банкны Ногоон хотуудын хөтөлбөрийн хүрээнд 950 сая еврогийн санхүүжилт хийх боломжтой ба энэ нь хотуудын ногоон хот төлөвлөлтийн бизнес загварыг боловсруулж уг загвараа стратеги төлөвлөгөөндөө тусган хэрэгжилтэнд нь шаардагдах хөрөнгө оруулалтыг хийж, техникийн туслалцаа үзүүлэхэд зориулна.
Ногоон хотуудын хөтөлбөр нь Европын Сэргээн босголт хөгжлийн банкны Ногоон Эдийн Засагт Шилжих аргачлалын нэг хэсэг болох ногоон санхүүжилтийг тэлэх нэг арга зам юм. Европын Сэргээн босголт хөгжлийн банк 2020 он гэхэд банкны жилийн нийт санхүүжилтийн 40 хүртэлх хувийг ногоон санхүүжилт болгон өсгөхөөр зорин ажиллаж байна.
Тус банк нь Монголд хувийн хэвшил, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар төрөлжсөн эдийн засгийг бий болгохоор ажиллаж байна. Үйл ажиллагаагаа 2006 оноос эхлүүлснээс өнөөдрийг хүртэл Монголд Улсад 1.5 сая еврогийн хөрөнгө оруулалтаар100 гаруй төслүүдийг санхүүжүүлээд байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.