Categories
мэдээ нийгэм

“Дижитал Монгол” нээлттэй хэлэлцүүлэг болж байна

Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй “Дижитал Монгол” олон улсын нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Новотел зочид буудалд эхэллээ. “Мэдлэгээ хуваалцаж, хамтдаа хөгжье” уриан дор зохион байгуулагдах нээлттэй хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, үүрэн холбооны операторууд, олон улсын байгууллага, харилцаа холбооны салбарын үйлчилгээ эрхлэгч, МУИС, ШУТИС-ийн төлөөлөл зэрэг нийт 200 хүн оролцож байна. Тэд нийгэм, эдийн засгийн бүх салбарт бизнесийн болон хэрэглээний шинэ чиг хандлагыг бий болгоод байгаа дижитал эдийн засаг түүний тогтвортой хөгжил, бодлого, шинэчлэлийн талаар хэлэлцэх юм. “Дижитал Монгол” хэлэлцүүлгийг нээн ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, ХХМТГ-ын дарга Б.Чинбат, ОУЦХБ-ын хөгжлийн товчоо, газрын дарга Земал Хусейнович, ХХЗХ-ын дарга Г.Чинзориг нар үг хэллээ. “Дижитал Монгол” хэлэлцүүлэг “Дата дэд бүтэц”, “Дижитал үйлчилгээний хүртээмж”, “Апп эдийн засаг-Санхүүгийн салбар, туршлага”, “Дижитал орчин дахь хэрэглэгчийн хөгжил” гэсэн дөрвөн хэсэгт өрнөнө. Дэд бүтэц гэхээр шилэн кабель ярьдаг байсан нь өдгөө өөрчлөгдсөн. Дижитал орчин дахь дэд бүтэц бол том өгөгдөл. Тиймээс хэлэлцүүлгийн эхний сэдэв “Дата дэд бүтэц” бөгөөд Өгөгдөл хамгаалах хуулийн төслийн талаар холбогдох хүмүүс илтгэл тавьж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *