Зүүн гараас эхнийг нь О.Энхцэцэг
Өнгөрөгч есдүгээр сард Монгол Улсаас Швед улсад суух Элчин сайдаар томилогдсон Очирын Энхцэцэг чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Элчин сайд О.Энхцэцэг ар гэрийн шалтгаанаар Монголдоо буцаж ирье гэдэг өргөдлөө энэ сарын 9-ны өдөр ирүүлсэн” гэлээ. Томилогдоод удаагүй байгаа Элчин сайд гэнэт чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн нь янз бүрийн асуулт дагуулж байгаа. Түүнтэй холбоотой таагүй мэдээллүүд ч гарч байна. Жишээ нь, Элчин сайд О.Энхцэцэг нь гэр бүлийн гишүүд болон үйлчлэгчийнхээ тус улсад оршин суух эрхийг хүсэхдээ жуулчны визээр суурьшуулсан нь тухайн улсын хууль, дипломат ёсыг зөрчсөн үйлдэл болсон. Иймээс Швед улс түүнийг гэр бүлийнхээ хамтаар яаралтай явахыг шаардсан гэсэн мэдээлэл цацагдаад байгаа юм. Уг нь тэрбээр 31 жил дипломат албанд ажилласан туршлагатай нэгэн.
О.Энхцэцэг нь 1961 онд Улаанбаатар хотод төрсөн. 1984 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, 1990 онд Стэнфордын их сургуулийн Хуверийн институтийг тус тус төгссөн. 1984-1988 онд ГХЯ-ны Хоёрдугаар хэлтэст дэд атташе, 1988-1992 онд тус яамны Олон улсын байгууллагын газарт атташе, 1992-1997 онд Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газарт хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1997-2000 онд Олон улсын байгууллагын газарт ахлах мэргэжилтэн, 2001-2007 онд тус яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал, 2007-2012 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, 2012 онд ГХЯ-ны Олон улсын байгууллагын газрын захирал, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Судалгааны төвийн захирал, 2013-2014 онд Олон улсын байгууллагын газарт зөвлөх, 2014-2015 онд Олон талт хамтын ажиллагааны газарт зөвлөх, 2015-2017 онд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, 2017 оны гуравдугаар сараас Олон талт хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байв. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд дипломат цолтой.