Categories
мэдээ цаг-үе

О.Ганболд: Кварцын хавтан монгол гэрийг шуудай нүүрснээс ч хямдхан цахилгаанаар хоногийн турш халаана

Мэргэжил нэгтнүүдийнхээ дунд “Тесла” Ганбаа гэгддэг инженер О.Ганболдтой ярилцлаа.


-Монголчуудын утаанаас салах аргууд нь ихэвчлэн дундаж болон дулаан бүсийн орнуудад ашиглагддаг технологи учир утаанаас салахын тулд Монгол орны газарзүйн хувьд хамаарагддаг хүйтний бүсийн орнуудад ашиглагдаж байгаа технологийг нэвтрүүлэх нь зөв юм гэсэн судалгааг та хийжээ?

-Намайг тойроод Монголын хамаг л чадалтай, мэдлэгтэй, чадвартай инженерүүд байна л даа. Бид юуг харсан бэ гэхээр, Завханы Тосонцэнгэл, Увсын Тэс, Увс, Хөвсгөлд яагаад өвөлдөө хасах дөчин хэм гартал хүйтрээд байдаг вэ. Гэтэл Монгол Улс дэлхийн хүйтний бүсэд багтдаг юм байна. Улаанбаатар бол хүйтний бүсийн зах. Мөн дэлхийн агаарын бохирдол, утаатай эхний арван хотын нэг. Манайхтай адил эхний аравт нэрлэгдээд байгаа хотуудыг харахад техник, технологи, соёл боловсролын хувьд биднээс хол хоцрогдсон улсууд байгаа юм. Манайх ганцхан технологи л шингээгээгүй байгаа. Юм хийх гэж зөндөө л олон инженер, техникийн ажилтнууд оролдлоо. Бидэнтэй ойр гээд Хятад, Солонгосын юмнуудыг үзлээ. Гэтэл нөгөөдүүлийн маань бүс, бүсчлэл, тэр бүү хэл тэдний эрчим хүчний хэрэглээ нь хүртэл өөр. Тэнд 210 кВт байхад манайх 220 кВт байх жишээний. Ялгаа ихтэй. Гэтэл хойшоо хүйтний бүс рүү ороход буюу Оросын хилийн шалганаар ороход л байр байшиндаа жижигхэн цагаан юм тавьчихсан байдаг. Байр сав нь жигтэйхэн дулаахан байгаад байдаг. Энд тэнд очиж мэргэжлийн хүний нүдээр шилж сонгож яваад Эрхүүд есөн давхар байшинг дулааны шугамд холбохгүйгээр халаадгийг сонслоо. Ингээд Эрхүүгийн их сургуулийнхантай очиж үзсэн. Тэгтэл тэр барилга руу гаднаас нь уурын зуух, паар, турба, радиатор гэх юм огт байхгүй байхад дулааныхаа асуудлыг бүрэн шийдчихсэн байсан. Нэг онцлог нь хавар дулаан тасарсны дараа даарахгүй, намар паар ирэх хүртэл жиндэхгүй, өвөл хэт халууцахгүй байж болно. Бүх юм нь тохируулгатай, ерөөсөө 60х35 хэмжээтэй жижигхэн хавтан. 2.5 см зузаантай хавтангууд байсан. Тэгээд асуусан чинь “Энэ хавтангуудыг кварцаар хийсэн” гэж байсан.

-Тэр жижиг хавтан нь тэгээд ямар технологиор ажилладаг болоод есөн давхар барилгыг тэгж дулаацуулаад байна вэ?

-Энэ талаар оросуудаас тодруулсан чинь “Бид уламжлалт пийшингээ музейд аваачаад тавьчихсан. Одоо бид ингэж л амьдарч байна. Манайд утаа байхгүй болсон” гэж байсан. Эрхүүд цахилгаан хямд байдаг болохоор уг хавтанг хэрэглэж болох нь гэж бодъё л доо. Наашлаад Улаан-Үдэд ирээд дурын айлаар ороход халаалтаа уг хавтангаар шийдчихсэн байна.

Кварцын хавтангийн хэмжээ их жижигхэн шүү дээ. Ийм жижиг юм яаж тийм их дулаан ялгаруулаад байна вэ гээд манай инженерүүд туршилт хийсэн. Тэд бидэнд 400, 430, 500 ваттынхыг санал болгож энэ гурваас аль нь Монголын нөхцөлд тохирч байна вэ, туршаач гэсэн. Ноднингоос хойш уг хавтанг монгол инженерүүд судалж хэд хэдэн газар тавьж үзлээ. Ватт гэдэг чинь улайсах чийдэнгийн хэмжээг л ярьж байна шүү дээ. Бидний туршилтаар Монголд хамгийн тохиромжтой нь 500 ватт нь байгаа юм. Монголд байшин барилгыг хүйтэн бүсийн хэмжээгээр барьдаггүй юм байна. Цонхны шил хүртэл туйлын бүс, хүйтний бүс, дундаж бүс, дулаан бүс, халуун бүст өөр өөр байх ёстой юм байна.

Манайд вакум цонх хоёрхон давхар байхад Сибирийн бүсэд “Цонх заавал гурван давхар байна. Голын шил нь заавал дөрвөн мм-ийн зузаантай байна” гэдэг стандарттай.

Манай утааны асуудал юутай холбоотой вэ гэхээр хувь улсуудын хариуцлагын асуудал. Нөгөө талаас нь 500 ваттын кварцын хавтангаар 8-10 метр квадрат талбайг халаана. Ийм технологи одоогоор байхгүй. 500 ваттаар тэр хавтанг халаахаар найман цагийн турш цахилгаангүйгээр дулаанаа бидэнд түгээж өгнө. Тэгэхээр 16 цаг л ажиллах нь байна шүү дээ. 16 цагт 500 ваттаар ажиллана гэдэг маш бага хэмжигдэхүүн биз дээ.

-Тийм байна.

-Кварцын хавтангаас хүмүүст хортой ялгарал байдаггүй. Кварцынх учраас. Бид уг хавтанг спериал тентэй юм байх гэж бодож байсан чинь задлаад үзтэл тийм биш байсан. Яах аргагүй технологийн хувьд бага тог хэрэглэх сетик байсан. Үнэндээ тог маш бага хэрэглэнэ. Сансарт хиймэл дагуулуудыг нисгэдэг техникүүдийг хөлдөөхгүй байх нөхцөл шаардлагатай юм байна л даа, сансрын уудамд байгаа техникүүдийг. Хиймэл дагуулууд нарны станцаар цахилгаанаа зохицуулдаг. Нарнаас маш бага хэмжээний эрчим хүч авч ажиллахад дулаан байлгах, хэвийн ажиллахад юу хэрэгтэй вэ гэсэн асуулт тулгарч. Гэтэл оросууд пийшингийн тоосгоноосоо санаа авч “Маш бага хүч өгөөд дулаанаа сайн хадгалдаг юм юу хийх вэ гээд кварцын хавтанг хийсэн юм аа” гэж уг технологийг зохиогч Анатолий Вассерман хэлсэн юм билээ. Тэгээд л уг технолгийг сансарт ашиглах болсон. Энэ технологи угтаа шинэ биш юм гэж байгаа юм. Дараа нь уг технологийг уул уурхайн том техникүүдийн бүхээгийг дулаацуулах зорилгоор ашигласан гэсэн. Ингэж явсаар одоо нийтийн хэрэглээ болчихож: Дулаан хэрэгтэй юу байна. Тэр болгонд хэрэглэж байна.

-Тийм хавтан худалдаж авлаа. Яаж ашиглах вэ?

-Тогонд залгалаа. 500 ватт шүү дээ. За яахав 400 ватт гэж бодъё. Ерөөсөө л улайсах чийдэнгийн хэмжээний тогны зарцуулалт гаргаад 8-10 метр квадратыг халаачихаж байна шүү дээ.

-Ойртохын аргагүй халах уу?

-Хална. Гэхдээ хүн түлэгдэхгүй. Кварцын дулаан учраас. Гараа хүргэхэд түлэгдэхгүй. Элсэн шахмал шүү дээ. Энэ чинь 20-25 жилийн турш тасралтгүй ажиллах чадамжтай.

-Дундаж хэмжээний дулаалгатай гэрийг кварцын хавтангаар халаая гэвэл хичнээн ширхэг хэрэгтэй вэ?

-Ноднин хэсэг айлуудад тавьж үзсэн. Таван ханатай гэр 27 метр квадрат байдаг байхгүй юу. Монгол гэрт гурван ширхгийг тавьж байгаа юм. Цагт 1.5 кВт тог зарцуулж байгаа юм. Үүнийг дунджаар 90 төгрөгөөр бод л доо.

-Цагт 90 төгрөгийг дулаандаа зарцуулна гэсэн үг үү?

-Тийм.

-24 цагт үржүүлбэл 2500 төгрөг ч хүрэхгүй нь ээ?

-Тийм шүү дээ, угаасаа. Тэрнээс гадна энэ хавтан чинь халчихвал найман цагийг нь хэмнэж өгнө шүү дээ. Монгол гэр бол нүүдэлчдийн ахуйд тааруулсан учраас физикчид “Монгол гэрийг халаая гэвэл голд нь цөмийн реактор ажиллуулах хэрэгтэй” гэж ярьдаг юм. Учир нь хөрснийхөө хүйтнийг тэр чигээр нь дамжуулдаг. Хаалга онгойлгоход агаарын цикл нь спериал хэлбэрээр дээшээ яваад өгдөг. Гэтэл дулаан уур нь доор байх ёстой байдаг. Дулаан, хүйтний уулзах тэг цэг гэж бий. 0 цэг хаана байх вэ гэдэг нь гэрийн бүрээс хэдэн давхар вэ гэдгээс хамаарч байгаа юм. Дөрвөн давхар байж гэрийн бүрээс дотор уулзана. Гурван давхар байвал дотор талдаа уулзана. Тийм болохоор гэрийг халаана гэдэг гэрийг тодорхой хэмжээнд технологийн хувьд хөгжүүлэх ёстой болоод байна. Тэгж байж дараагийн асуудлыг шийднэ.

Гэр дулаан алдагдал ихтэй учир кварцын хавтанг дөрөв болгоё гэхэд л шуудай нүүрснээсээ хямдхан тог зарцуулна. Дээрээс нь элдэв янзын нэмэлт зардалгүй болж байгаа юм. Үнс тоос, утаа гээд агаар орчны бохирдол бүрмөсөн алга болж шийдэгдэнэ. Гэхдээ нэг давхар бүрээстэй гэрт дөчийг тавиад ч дулаацахгүй шүү дээ. 8-10 метр квадрат талбайг халаана гэж Сибирийн нөхцөлд стандартыг нь батлаад өгчихсөн байна шүү дээ. Манайд орж ирэх хамгийн том стандарт бол энэ юм байгаа юм. UHL4 буюу хүйтэн бүсийн орнуудад зориулсан загварын дагуу хийгдсэн халаагуур.

-Монгол инженерүүд кварцын хавтанг судлаад ямар шийдэлд хүрэв?

-Бид одоо энэ хавтанг үйлдвэрлэх тухай ярьж байна. Дээрээс нь Монголд уг хавтангийн зузааныг таван см нэмэх тухай ярьж байна. Таван см нэмэхэд дахиад нэг цагийн дулаан хадгалалт нэмэгдэнэ. Найм биш есөн цаг дулаанаа хадгалдаг болно гэсэн үг. Хоёрдугаарт, хүний биед сайн. Агаараа хүчтэй шатаахгүй, өөрөө төөнөж халаана, тогтмол халаалттай. Дулааны реле тавиад өгчихвөл бүр ч хэмнэлттэй болчихно. Хэрэглээ багатай учраас галын аюул маш багатай. Галын аюул гарахгүй, галын аюулгүйн баталгаатай. Инженерүүдийн харж байгаагаар ийм л гайхалтай технологи байна.

-Хүйтэн бүсийн орнуудад нэвтэрчихсэн гэсэн үг үү?

-Нэвтэрчихсэн. Канад, Эстон, Латви, Литви зэрэг орнууд импортолдог болчихсон. Энийг л хэрэглэдэг болсон байна.

-Хэрвээ одоо байгаа гэр хорооллуудад энэ хавтанг байршуулбал утааны хувь хэр буурах вэ. Тооцоо бий дээ?

-Энэ технологийг хэрэглэхэд цахилгаан станцыг оруулалгүйгээр тооцоход нийт айл өрхүүдийн утааг нэг хувь бууруулахад нэг тэрбум төгрөг шаардлагатай. Манай зарим эрдэмтэд монгол гэрийг 2.5 кВт-аар дулаан байлгана гэдэг. Гэтэл энэ технологиор 1.5 кВт-аар уг асуудлыг шийдэж болох нь ээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *