Categories
мэдээ улс-төр

Ирэх оны төсвийн төслийг өргөн барилаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайханд нийслэлийн 2019 оны төсвийн төслийг өргөн барилаа. Мөн “Нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын хэрэгжилт, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, “Нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт, Концессийн зүйлийн жагсаалт”-ыг өргөн барив.

Ирэх оны төсвийн төслийг өргөн барьсантай холбогдуулж НИТХ-ын дарга С.Амарсайхан “Энэхүү асуудлуудыг хуульд заасан хугацаанд НИТХ хэлэлцэх ёстой. Тийм учраас өнөөдрийн Тэргүүлэгчдийн хурлаар оруулж хэлэлцүүлээд, 29-ний ээлжит хуралдаанаар эхний хэлэлцүүлгээ хийнэ. Хэдийгээр Монгол Улсын төсөвт Ерөнхийлөгч хориг тавьж, төсвийн төслөө өргөн барих хугацаа тулсан хэдий ч та бүхэн цаг наргүй ажиллаж, нийслэлийн 2019 оны төсвийн төсөл болон бусад асуудлыг өргөн барьж байна. Асуудлыг шуурхай хэлэлцэх болно” хэмээв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хуульд заасан хугацааны дагуу нийслэлийн 2019 оны төсвийн төсөл болон 2018 оны газар зохион байгуулалтын хэрэгжилт, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, “Нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт, Концессийн зүйлийн жагсаалтыг өргөн барилаа. УИХ дээр төсвийн төсөл хэлэлцэх явц Ерөнхийлөгчийн хоригтой холбогдон удааширсан. Бид өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хүлээн авч, Сангийн яамтай тохиролцон тодорхой төсвийн мэдэгдлийн хүрээнд өөрсдийн төсвөө боловсруулсан. 2019 оны төсөв бол хэд хэдэн зүйлээр онцлог байгаа. Төсвийн орлого нэлээд шахуу төлөвлөгдсөн. Нийслэлийн төсөв голчлон хүн амын орлогын албан татвараас бүрддэг. Үүнтэй холбоотойгоор орлого шахуу төлөвлөгдсөн. Зарлагын хувьд цалингийн нэмэгдлийг тооцсон. Бусад урсгал зардлыг хэмнэж, илүү зарлага гаргахгүй байх тал дээр хичээн ажилласан. Төсөв байгууллагуудын зарлагыг 2018 оны түвшинд нь байлгана.

Гол анхаарал хандуулж байгаа зүйл бол хөрөнгө оруулалтын асуудал. 2018 онд тавьсан зорилт бол Улаанбаатар хотын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг хэвийн хэмжээнд хүргэх. Сүүлийн 20 гаруй жил сургууль, цэцэрлэгийн асуудлыг жил бүр ярьсаар ирлээ. Үүнийг мөр шийдье гэж УИХ, Засгийн газрын түвшинд тохиролцоод ЕБС-ийг хоёр ээлжинд шилжүүлэх, цэцэрлэгт хамрагдалтыг 85 хувьд хүргэх зорилтоо хэрэгжүүлэх үүднээс өнгөрсөн жил баригдаж эхэлсэн 100 гаруй цэцэрлэг, 100 орчим сургуулийн барилгыг 2019 онд гүйцээнэ. Мөн 2019 онд Улаанбаатарыг хүн амьдрахад хамгийн ээлтэй хот болгоё гэсэн гол зорилт тавьсан. Ингэхийн тулд явган замын тохижилтыг сайжруулж, зам чөлөөлж, дугуйн замыг бий болгох тал дээр анхаарлаа хандуулж байгаа. Хотын гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг сайжруулж, нэмэгдүүлэх тал дээр анхаарлаа хандуулъя гэсэн зорилт тавьсан.

Газар зохион байгуулалтын төлөвлөгөө бол хотын хувьд маш чухал зүйл. Улаанбаатар хотод газрын асуудал хүндрэлтэй байдаг. Суурьшлын бүс багатай хотын хувьд иргэн, ААН-д хэдий хэмжээний газар эзэмшүүлэх, өмчлүүлэх, хэдийг нь дуудлага худалдаагаар худалдах, хэдэн төгрөгийн орлого олох зэргийг нарийн тооцож тусгасан.

Хувьчлах эд хөрөнгийн хувьд нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг хотын шинэ төв рүү нүүлгэж байгаатай холбоотойгоор хотын төвд байрлаж буй байшингуудыг худалдаад олсон орлогоороо шинэ байраа барихаар ажиллаж байгаа. Он гармагц дуудлага худалдаагаа явуулах болно.

Концессийн хуульд 2016 онд өөрчлөлт ороод нийслэлд шууд барих, шилжүүлэх концессийн жагсаалт хийхийг хориглосон байсан. Өнгөрсөн хугацаанд нийслэл концессийн зээлийн өрөө дуусгасан. Үүнийг дуусгасны учир нь төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд итгэл төрүүлэх хэрэгтэй. Төр хувийн хэвшлээр ажлаа хийлгэчихээд мөнгөө өгөхгүй байж болохгүй. Бид 100 гаруй тэрбум төгрөгийн өрийг дарсан.

Төр өөрөө барих боломжтой сургууль, цэцэрлэг, замыг концессоор бариулах ёстой юу гэдэг дээр анхаарч байгаа. Концессоор төр хувийн хэвшлийн зайлшгүй хамтарч хийх ёстой обьектуудыг оруулах ёстой гэж үзсэн. Цэнгэлдэх хүрээлэн, шарил хадгалах газар, хурал, зөвлөгөөний танхим зэрэг 10 гаруй томоохон барилгыг концессоор бариулахаар оруулсан байгаа” хэмээлээ.

Нийслэлийн төсвийг хуульд заасан хугацаагаар бол арванхоёрдугаар сарын 5-ны дотор НИТХ-аар хэлэлцэн батлах учиртай. Тиймээс НИТХ-ын ээлжит хуралдааныг энэ сарын 29-ны өдөр хуралдуулахаар товлон зарлаж, төсвийн эхний хэлэлцүүлэг хийнэ гэдгээ НИТХ-ын дарга С.Амарсайхан хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *