Categories
мэдээ улс-төр

Улсын онцгой комисс цаг үеийн асуудлаар хуралдаж байна

Баруун аймгуудад буюу Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймгуудад өчигдөр шуурсан хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас цахилгаан дамжуулалтын тулгуур баганууд унаж, нийт 50 сум цахилгаан, эрчим хүчгүй болсон.

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комисс Шадар сайдын өрөөнд хуралдаж байна.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Арванэгдүгээр сарын 25-нд баруун аймгуудад буюу ялангуяа Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай аймагт байгалийн, гэнэтийн, гамшигт үзэгдэл болсон. Салхины хурд зарим газарт 40 м/сек-ээс давсан. 210 гаруй айлын гэр унаж, одоогийн байдлаар 52 сумын цахилгаан тасарсан. Цасан шуурганы улмаас сураггүй болсон 3 иргэн эсэн мэнд олдсон байна. Мөн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв, орон сууцны барилгуудын дээвэр хууларсан. Хохирол нэлээд өндөр байгаа. Иймд Улсын онцгой комиссын хуралдааныг зарлан хуралдуулж байна. Мэдээллээ сонсъё, цаашдаа ямар арга хэмжээ авах шийдвэрээ гаргана” гэлээ.

М.Энх-Амар: Говь-Алтай аймгийн Бугат сумиын нутгаар 40 м/сек хүртэл ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурсан

Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар: 2018 оны 24, 25-ыны өдрүүдэд баруун аймгуудын нутгаар салхи 18-24 м/сек зарим үед 26-31 хүртэл ширүүсэж цасан болон шороон шуурга шуурах мэдээлэл ирүүлсэн. ОБЕГ арваннэгдүгээр сарын 21-ний өдөр цаг агаарын гамшигт үзэгдэл болох талаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад шуурхай мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, багц мессэжээр олон удаагийн давтамжтай хүргүүлсэн. Хүчтэй салхи шуурга, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Ховд аймгийн нутгаар 20-30 м/сек, Говь-Алтай аймгийн Бугат сумиын нутгаар 40 м/сек хүртэл ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурсан. Шуурганы үеэр 9 иргэн сураггүй алга болсныг нэг цагийн өмнөх мэдээллээр бүгдийг нь эсэн мэнд олсон.

1600 мал шуурганд уруудсан. 27 барилгын дээвэр хийсэж, 211 гэр, 200 гаруй хашаа нурж унасан. Цахилгаан дамжуулах агаарын шугамын 13 багана унасан. Нийт 4 аймгийн 52 суманд цахилгаан тасарсан.

173 хүн 23 техник хэрэгсэлтэйгээр сэргээн засах ажлыг гүйцэтгэж байна.

Архангай аймгийн авто замыг 25-ны 14.00 цагаас 26-ны өдрийн 11.00 цаг хүртэл түр хаасан.

Хужирбуланд айлын байшингийн дээвэр нуран хоёр айлын дээр буусан осол болсон.

Сум, аймгийн нөөцөөс хүнс, хоол хүргүүлсэн.

Ц.Даваасүрэн: Маргааш баруун аймгуудын эрчим хүчийг хэвийн болгох бүх үйл ажиллагааг авна

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Баруун аймгуудын нутгаар 24-25-нд шилжих шөнө онц хүчтэй шороон болон цасан шуурга шуурч эрчим хүчний системд доголдол үүслээ. Одоогоор гурван тулгуурын 2-ыг аваачин угсарч байна. ОХУ-ын 220 кв тэжээж байгаа шугамыг бүрэн босгож дуусгасны дараа эрчим хүч сэргэнэ. Маргааш гэхэд амжуулаад бүрэн эрчим хүч сэргээх арга хэмжээг авна. Улаангомоос Өмнөговь хүртэл 110 кв шугам дээр 9 тулгуур унасны 8-ыг шөнө босгосон. Ингэснээр хөлдөх аюулаас сэргийлсэн. Цагийн дараа Увс аймагт нэг тулгуурыг босгосноор гол хэрэглэгчид буюу эмнэлэгүүд эрчим хүчээ авна. Сумдын хязгаарлагдсан хэсэгт дэс дараалалтай цахилгаан өгнө. Зарим сумдад дулаан хангамж асуудалтай байгаа ч хөлдөхөөс сэргийлэх арга хэмжээг авсан.

Нийт гарсан хохирлын хэмжээ 390 гаруй сая төгрөг болоод байж байна. Энэхүү ослоос цаашид бүх сумдад нөөцийн дизель станц байх хэрэгтэй нь харагдаж байна.

Сүүлийн 20-30 жилд алслагдсан шугамуудыг шинэчлээгүй. Ирэх жил үүнд ч тодорхой хөрөнгө тавигдаагүй. Энэ нөхцөл байдлаас үүдэн байгаль цаг уурын нөхцөл хүндрэхэд ийм байдал үүсэж байна. Маргааш баруун аймгуудын эрчим хүчийг хэвийн болгох бүх үйл ажиллагааг авна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *