Categories
мэдээ цаг-үе

Р.Амаржаргал: Бизнес хийх гэж байгаа бол улс төрөөс холд, улс төрд орсон бол шилэн бай

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал өнөөдөр СЭЗИС-ийн Удирдах зөвлөлийн дарга хийж байна. Тэрээр улстөрчдийн хамаатан бизнес хийх эрхтэй, гэхдээ шударгаар бизнес хийж байвал нийгэм хүлээн зөвшөөрнө. Харин гарын үсгээрээ хөрөнгөжиж байгаа нь төрийг сүйрүүлж байна гэж үзэж байна. Түүний үзэж буйгаар өнөөгийн ЖДҮХС-гийн зээлтэй холбогдсон улстөрчдийн талаар барих бодлогоор У.Хүрэлсүх, С.Эрдэнэ нарын жинхэнэ нүүр царай харагдана гэнэ.


-Сүүлийн үед ЖДҮХС-гаас улстөрчдийн хамаарал бүхий этгээдүүд их хэмжээний зээл авсан талаар нийгэмд шуугиан үүслээ.

-Ний нуугүй хэлэхэд нарийн ширийн юмнуудыг мэдэхгүй. Гэхдээ миний ойлгож байгаагаар манай дээд шатанд эрх барьж байгаа улстөрчдийн завхарлын тод илрэл. Энэ асуудал өчигдөр гэнэт үүсээгүй байх. Нэлээн удаан ужгирч байгаад өнөөгийн байдалд хүрэх шиг боллоо.

Эндээс бид төрийн албаа зүгшрүүлж чадаагүй, улстөрийн намууд төлөвшөөгүй, төрийн албанд ажилладаг хүмүүсийн ёс суртахуун, ёс зүй яаж доошилсон, Монгол Улсын банк санхүүгийн тогтолцоо ямар түвшинд очсон, эдийн засгийн бодлого харагдаж байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд цаана нь юу байгааг сайн олж харах хэрэгтэй. Үүнтэй уялдуулаад хэлэхэд нүдэн дээр ил байгаа зээл авсан улсууд зохион байгуулалттай гэмт хэргийн шинж харагдаад байгаа юм. Бүлэглэж хийсэн хэрэг юм болов уу гэсэн бодол надад төрөөд байна. Хэрэв тийм бол төр засаг, хууль хяналтын байгууллага төмөр нүүрээ харуулах хэрэгтэй. Улстөрчид гэж өөрсдийгөө нэрлэдэг хүмүүс хаана, юунд зогсож байгаа гэдгээ харуулах хэрэгтэй. Энэ асуудлыг нэг мөр шийдэж байж л асуудал цаашаа явна.

-Та тэгж шийдэж чадна гэж бодож байна уу?

-Чадах ёстой. Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэр зээл авсан УИХ-ын гишүүддээ дээд зэргийн хариуцлага тооцох ёстой. Ямар нэг урвалт шарвалт тайлбар байх ёсгүй. Тэгж байж энэ хүн “МАН-аа цэвэрлэлээ, дээд шатанд гаргалаа” гэж ярих эрхтэй болно. Түүнээс ганц нэг хүнээр туг тахичихаад “асуудлыг шийдсэн” гээд цааш явах гэж байгаа бол нийгэм хүлээж авахгүй. Гэхдээ энэ бол зөвхөн МАН-д хамаатай асуудал биш. АН-д ч гэсэн маш том боломж олгож байгаа юм.

-Ямар боломж?

-Яг одоо дэгдээд буй асуудалтай холбоотой алдаа, булхай АН-д байгаа бол цэвэрлэгээ хийж авах хэрэгтэй. Энэ асуудал хоёр намын алинд нь ч хамааралтай. Элдэв үл бүтэх юмнууд байгаа бол энэ асуудлыг шийдэх хүрээнд шинэчлэл хийх боломж гарч байна. Тийм хүмүүст намын нэрээр төрийн үйл ажиллагаанд оролцох замыг хязгаарлах хэрэгтэй. Ингэж байж л энэ хоёр нам ард олны өмнө нэр нүүрээ олж авна. Төр гэдэг бол шүдгүй арслан биш юм байна гэсэн итгэлийг ард түмэнд төрүүлнэ.

-Ийм эрс алхам хийвэл Ерөнхий сайд огцрох аюултай биз дээ?

-Огцорч болно. Эцсийн дүнд шударга ёс тогтох нь чухал уу, нам нь чухал уу, эсвэл тэр бүлэг фракц нь чухал уу гэдгийг бодох ёстой. Шударга бус, ёс зүйгүй юмтай эвлэрэхгүй гэдгээ У.Хүрэлсүх, С.Эрдэнэ хоёр харуулах хэрэгтэй.

-Улстөрчийн хүүхэд бизнес хийж болдоггүй юм уу гэсэн асуулт яваад байна.

-Мэдээж улстөрчийн хүүхэд бизнес хийж болно. Гэхдээ эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж болохгүй. Эрх мэдэлтэй, мэдээлэлд ойрхон байдлаа ашиглаж бусдыг далайлган шийдвэр гаргуулж болохгүй. Хэрэв бизнес хийх гэж байгаа бол улс төрөөс холдох хэрэгтэй. Хэрэв улс төрд орсон бол шилэн байх ёстой. Үйлдэл нь нийгэмд ил тод байх үүрэгтэй. Бас зарим эрхээсээ татгалзах үүрэгтэй. Улс төр бизнес хоёрыг зэрэгцүүлээд яваад байж болохгүй. Улстөрч хүний уудаг, иддэг, хэрэглэдэг юм хязгаартай гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгж байж улс төрд орно. Хэмжээ хязгааргүй идэж уух гэж байгаа бол нөгөө салбартаа л байх хэрэгтэй. Үүнийг л улстөрчид ойлгохгүй байгаа юм. Үүнээс гадна нийгэмд асар их ялгарал үүсээд байна. Баян ядуу гэдэг давхарга л байна. Дундаж давхарга бараг байхгүй боллоо.

-Энэ юунаас болж байна?

-Хэрэв хүн үнэхээр хөлсөө дуслуулж хөдөлмөрлөөд баяжиж байгаа бол нэг хэрэг. Харин эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж гарын үсгээрээ баяжчихаад хариуцлага хүлээхгүй байгаа бол огт ондоо хэрэг. Ингэж дэндүү шударга бус байж таарахгүй. Орлогын ялгаа ихсээд байгааг шударга бус явдалтай холбож тавихаас аргагүй нөхцөл үүсчихлээ. Улстөрчид ийм үйлдэл хийснээрээ Монгол төрийг сулруулж байна шүү дээ. Үүнийгээ олж харахгүй, ойлгохгүй байгаад гол учир байгаа юм. Монгол Улсын төр, шүүх, гүйцэтгэх засаглалд итгэл итгэл алдраад байна.

-Намууд өөрсдөдөө хариуцлага тооцох болов уу?

-Шударга ёсыг тогтоох гэж байгаа бол тооцох л хэрэгтэй. Харин тэр хүмүүст л би хэлээд байгаа. Огцроод ч хамаагүй төрөө цэвэрлэх үү, эсвэл өөрийгөө авч үлдэх тухай бодох уу гэдэг нь тэр хүмүүсийн сонголт болж байна. Энэ асуудлыг даваад гарахад төр арай өөр түвшинд очно. Тийм учраас У.Хүрэлсүхэд өөрийгөө авч гарах уу, төрөө цэвэрлэх үү гэдэг асуудал тулгарч байгаа юм.

-Үндэсний статистикийн хороо саяхан мэдээлэл хийсэн. Эдийн засаг нэлээд өсөлттэй гарсан. Зарим хүн энэ тоонд итгэхгүй байна.

-Итгэхгүй байх арга байхгүй. Энэ байгууллага өөрөө хууль ёсны тоо гаргах эрхтэй байгууллага. Дүгнэлт шинжилгээ хийх гэж байгаа бол энэ тоонууд дээр л хийнэ. Миний ойлгосноор эдийн засаг нэлээд өсөлттэй гарсан. Сүүлийн хоёр жил сонсогдоогүй сайн үзүүлэлт.

-Энэ өсөлт юунаас үүдэлтэй вэ?

-2-3 жилийн өмнө хийсэн хөрөнгө оруулалтын үр дүн. Хүмүүс энэ тоонд итгэхгүй байгаа нь эдийн засгийн өсөлт өөрсдөд нь мэдрэгдэхгүй болохоор тэр л дээ. Цөөн хүмүүст эдийн засгийн өсөлтийн үр шим нь мэдрэгдээд нийгэмд нөлөө нь тусахгүй байгаа юм. Сүүлийн хоёр жилд хөрөнгө оруулалт нэг их хийгдээгүй.

-Нийгэмд мэдрүүлэх ямар арга байна?

-Өсөлттэй салбаруудаас бусад салбарт боломж олгох хэрэгтэй.

-Саяхан батлагдсан төсвийг хэрхэн харж байна вэ?

-Шагширч магтаад байх төсөв биш. Төсөв иймэрхүү маягаар батлагддаг. Политэконом талаас харвал сонгуулийн өмнөх төсөв гэдэг нь тодорхой. Төсөв батлах нэг хэрэг. Гол асуудал гүйцэтгэл дээр үүснэ. Санхүүжилт, зарлага тал дээр гүйцэтгэл ямар байх вэ гэдгээс 2019-2020 оны эдийн засаг хамаарна.

-Өнөөгийн эдийн засгийг таны Ерөнхий сайд байсан 1999 онтой харьцуулбал ямар харагдах бол?

-Хэмжээг бол харьцуулах арга байхгүй. Тухайн үед төсвөөр шийдэх асуудал өнөөдөр шийдэж байгаа асуудал шал өөр. Тухайн үед яаж амьд үлдэх, хөл дээрээ зогсох тухай л яригдаж байсан.

-Таныг ерөнхий сайдаар ажиллах үед хамгийн том хүндрэл юу байсан бэ?

-Банк санхүүгийн асуудал байсан. Мөнгө урсах банк санхүү нь таг зогссон. Намайг ажил авч байхад цалин, тэтгэврээ тавьж чаддаггүй байсан. Төсвөөс санхүүжилт хийчихсэн үед хөдөө орон нутагт мөнгөө тавьж чадахгүй байсан үе. Банкны систем нь ажиллахгүй болсон. Миний хийсэн юмнуудын нэг бол ямар ч байсан банкны системийг амилуулсан. Дээр багаар ч боловч хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх зорилт байсан. Тэгэхдээ л бодит орлогыг нэмэгдүүлж чадсан. Ерөнхий сайд байсан хүнийхээ хувьд нэрлэсэн орлогоо гадна бодит орлогыг нэмэгдүүлэх сувгийг олж харсан.

-Сүүлийн үеийн төсвөөс юу харагдаж байна?

-Хэд хэдэн зүйл харагддаг. Төсөв нийгмийн баялгийг хуваарилдаг асар том хэрэгсэл болж хувирсан. Төсвөөр дамжиж орлогын ялгаа бий болдог болсон. Авлига гэх мэт муухай юм төсвөөс үүсдэг болсон. Суурь асуудлаа шийдээгүй байж төсвөө нэмээд байх нь нөгөө л хээл хахууль муу юмнуудаа тэлээд байна гэсэн үг л дээ. Учир нь төсөв тэлэх тусам албан тушаалтнуудын мэдэлд очих мөнгө нэмэгдээд байгаа юм. Төсвийн зарлагаас харахад асуудлуудаа эрэмбэлэхгүй үндсэн зорилгоосоо гажаад байна уу гэж хардаг. Тухайлбал боловсролын төсөв. Харахад гайгүй юм тавьж байгаа боловч өнөөгийн боловсролын чанар чансааг сайжруулахад хаана нь ч хүрэхгүй мөнгө.

-Ямар утгаараа?

-Аливаа улс орныг сүйтгэхийн тулд боловсролыг нь сүйтгэхэд хангалттай. Заавал цэрэг цагдаа, банк санхүүг нь нураах шаардлагагүй. Боловсролын системийг нь нураачихад л бүх салбарууд унана. Их, дээд сургууль төгссөн хүүхдүүд худалдагч, харуул болно. Инженер зам тавилаа гэхэд сар болохгүй урсаад явчихна. Эмч мэс заслын ширээн дээр хүний амьдралаар тоглоно. Багш хүүхдийнхээ толгойд буруу юм хийнэ. Ингээд нэгээс хоёр үе солигдоход улс орон бүрэн сүйрнэ. Мэдлэггүй боловсролгүй хүмүүс төрд шургалж байшин бариад, Хөдөө аж ахуйг залаад ирэхээр эдийн засаг сүйрдэг. Хэрэв үүнийг ойлгож байгаа бол төсөвтөө боловсролын зардлыг яаж хийх ёстойг тодорхой болгох хэрэгтэй.

-Төсөвт яг яаж хандах ёстой вэ?

-Улс орноо хөгжүүлэхэд хоёр асуудлыг тэргүүнд тавих ёстой. Боловсрол, эрүүл мэндэд гол ач холбогдлоо хандуулах хэрэгтэй. Үүнийг олж харахгүй жижиг, дунд үйлдвэр тариалан эрхлэлтийг дэмжих сан нэрээр мөнгө зувчуулаад байж болохгүй.

-Төсвийн зарлагыг сайжруулах замаар боловсрол, эрүүл мэндийн салбарыг босгох боломжгүй юу?

-Болно. Сургуулийн барилга байна. Нэг суманд хэдхэн хүүхдэд зориулж хэдэн тэрбумаар сургууль барьж байна. Гэтэл өөр газар гурван ээлжээр хичээллэж байх жишээтэй. 5-10 жилийн дараа Монголд юу хэрэгтэйг тодорхойлж өнөөдөр төсөвт суулгаж өгөх ёстой. Морь уралдуулж, бөх барилдуулахад мөнгөө зараад байвал яаж эдийн засаг сэргэх юм бэ.

-Танай сургууль, Налайхын Германы хөрөнгө оруулалттай сургуулийн диплом л олон улсад хүлээн зөвшөөрөгддөг юм билээ. Бас л бодох асуудал шүү…?

-Манай сургууль Монголын нүүрийг тахалж байгаа нь үнэн. Гэхдээ Монголдоо л болохоос дэлхийн хэмжээнд хүрэхэд маш их ажиллах хэрэгтэй. Морь, бөхөд олдоод байгаа 200-300 сая төгрөг манай сургуульд олдвол маш их юм хийж болно. Бид зөвхөн газрын төлбөрт 200-гаад сая төгрөг өгч байна. Төр үнэхээр ийм асуудалд хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй.

-Багш нарын ажил хаялтыг дэмжиж байна уу?

-Зөв. Энд тэнд сургууль барина гэж хэдэн тэрбумаар хөдөө цацах мөнгө бол багш нарын цалинг нэмэх хэрэгтэй шүү дээ. Тэгвэл ядаж хулгайлах юм багасна биз дээ.

-Шударга ёс тогтох болов уу?

-Тогтоохын төлөө дуугарах хэрэгтэй. 1990-ээд оны шүүгчид хэрэг шүүж байгаа хүнийхээ унаагаар явдаг, цалин гэж хөгийн юм байсан. Одоо тэр үетэй харьцуулшгүй сайжирсан. Гэхдээ улстөрчид шүүх засаглалыг сул байгаасай гэж хүсдэг юм шүү. Шүүхийг хараат бус байлгахын тулд юу хийх ёстой вэ гэдгийг улстөрчид бодох ёстой. Нэг Ерөнхийлөгч гарч ирээд хэсэг шүүгчийг сольдог байж таарахгүй.

-Та өмчийн эрхийн тухай хуулиа юу болгож байгаа вэ?

-Олон жил ярьж байгаа. Монгол Улсын Үндсэн хуулиар иргэн өмчтэй байж болно, өмчөө өсгөж үржүүлж болно. Гэтэл энэ эрх амьдрал дээр яаж хангагдаж байна гэсэн асуудал бий. Миний ажигласнаар бол монголчуудын бизнес эрхлэх сонирхол буураад байна. Ингэж үйл тамаа эдэлж байхаар гадагшаа явах гэсэн хандлага өсөөд байх шиг. Сүүлийн үед надтай тийм хүмүүс олон тааралдаж байна.

-Шалтгаан нь юу юм бол?

-Өмчийн эрх нь баталгаажаагүй болохоор бизнес хийх боломж бага байгаа юм. Хүн ямар нэг юм хийхээр төрийн нэрээр булааж авна. Юм бүтээхээр тэрийг нь дээрэмддэг тогтолцоо байна. Эрх мэдэл албан тушаалаараа рекэт хийдэг. Эцсийн дүндээ эдийн засаг хувийн өмч дээр тулгуурлана. Энэ асуудлыг онцгой анхаарахгүй бол байдал хэцүүдчихлээ. Өмчийн эрхийг дагаж явдаг нэг зүйл бол хэлцлийн эрх.

-Хэлцлийн эрхийн хуулиар юуг зохицуулах вэ?

-Энэ хуулиар хоёр иргэний хэлцлийг зохицуулна. Төр зөвхөн маргаан гарсан тохиолдолд гэрээнд оролцогч талуудыг үүргээ биелүүлэхэд л оролцоно.

-Яагаад компаниудыг дээрэмдээд байна?

-Сүүлийн үед би компаниудад хувьцаат болгох талаар зөвлөгөө өгч байгаа. Хэрэв тэгвэл улстөрчид дээрэмдэж чадахгүй. Ганц хүн дарамтад орохдоо амархан байдаг.

-Хувьцаат компани болчихвол эрх зүйн орчин боломжтой юу?

-Харин ч их гайгүй хуультай байгаа шүү.

Үргэлжлэл бий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *