Categories
мэдээ цаг-үе

Монголын анхны радиофизикч эрдэмтэн

ХӨДӨЛМӨРЧ, НЯМБАЙ, ТУУШТАЙ ХҮН ХЭМЭЭХОРШИЛ

Хөдөлмөрч, нямбай, тууштай гэсэн хүмүүний эрхэм гурван чанараар Э.Дамдинсүрэн багшаа тодотгох гэсэнтэй минь багшийг таньдаг бүхэн, тухайлбал багш нар нь, шавь нар нь, найз нөхөд нь санал нийлнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна. Ийм багштай учран олон жил удирдлага дор нь ажиллаж, лабораторид сууж, хээрийн хэмжилт судалгааэкспедицид хамт явж, голдуухан зэмлүүлж, хааяа бас урмын үг сонсож явахдаа багшаа Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат илжгэн халх хүн, аав Эрхэмбаяр нь нягтлан бодогч ажилтай хүн байсан, хань нь нэрт эрдэмтэн Х.Намсрай академчийн дүү Х.Цэвэл эгч, энэ хоёр маань нэг охин, хоёр хүүтэй айл гэдгийг л мэдэх төдий явжээ, би.

СҮҮН ТАСГИЙН СУДЛААЧ СУРАГЧ

Багшийн хөдөлмөрч, нямбай, тууштай чанар бага, дунд сургуульд байх үеэс нь төлөвшсөн ажээ. Тэр ч байтугай эрдэм судлалын ажлынхаа гараа, эв дүйг энэ үеэс эхэлсэн гэмээр. Тавдугаар анги төгссөн зунаа сүүн тасаг дээр ажиллаж өнгөрөөхдөө тугал татах, сүү зөөх мэтийн ажлынхаа хажуугаар сүүн тасгийн эрхлэгч шар Жамбал гэдэг хүний хэдэн айлаас нэг нэг үнээг сонгон авч сүүг нь тусад нь хэмжиж тэмдэглэн авдаг, бас нутгийн өвс ургамлын дээжээс авч хатаан цуглуулга бүрдүүлж байсан ажилд туслан, сүүлдээ тэр хүний нөгөө хэдэн айлын үнээний сүүг тусад нь литрлэж, хүснэгтэд тэмдэглэдэг ажлыг бие даан хийдэг болжээ. Бас зургадугаар анги төгссөн зунаа сүүн тасаг дээр дүүтэйгээ ажиллаж, сүү хүлээн авч данс тооцоо бодох, сүүг машиндахад бэлтгэж халаах, сүүний машиныг ажиллуулж сүүг машиндах, машиндаад ялгаж авсан цөцгийг чанах, сүүний машины эд ангийг угааж цэвэрлэх,сүүгээ машиндаж дуусаад 40 литрийн бедонд хийсэн цөцгийг газар зууханд тавьсан том тогоотой усан дотор тавиад 90 градус хүртэл халаагаад гаргаж голын усанд уяж хөргөх зэрэг ажлыг хийжээ. Бургас түүж ирээд галлан температураа байн байн хэмжиж суусаар хэмжээнд нь хүргээд бедонтой цөцгийгөө голын усанд уяснаар өдрийн ажил нь өндөрлөдөг байж. Ийм нарийн технологитой ажлыг зунжин хийсэн байна.

Сурагч Э.Дамдинсүрэн бас тоосго цохиж, бичиг үсэгт тайлагдаагүй ээж нарт бичиг ном зааж явжээ.

Сумын багачуулаас чухамхүү Дамдинсүрэн хүүг ахмадууд итгэн сонгож, энэ мэт алсын их өгөөжтэй ажлыг хийлгэж байсан нь түүнийг судлаач болгохоор зориуд бэлдэж байсан ч юм уу гэлтэй.

ЛАБОРАТОРИИЙН АЖИЛД АМТАШСАН ОЮУТАН

МУИСийн физикийн ангийн оюутан болсон цагаасаа л сургуулийн клубийн радио узелийг ажиллуулах, И.В.Арсентьев багшийнхаа удирдан явуулдаг морзын дугуйланд суралцах зэргээр радио тал руу ойртож, улмаар радиоэлектроникийн бүлэгт оржээ. Хоёрдугаар курст орох жил нь Харьковын Политехникийн дээд сургуулийн доцент Н.Т.Цымбал, Москвагийн нисэх хүчний холбооны дээд сургуулийн доцент В.Л.Гостьюхин нарыг дагалдан сурч, курс, дипломынхоо ажлыг тэдний удирдлага дор хийжээ. Энэ хоёр багш багшид маань лаборатори байгуулахын учир холбогдлыг ухааруулж, амт шимтийг мэдрүүлж өгсөн ачтанууд юм.

Физикийн сургалтыг сайн тоноглосон лабораторигүйгээр, хариу нь яв цав гардаг, нягт нямбай, уран нарийн тавьсан лабораторийн ажлуудгүйгээр төсөөлөх аргагүй. Тэр дундаа радиофизик, электроникийн хичээлийг лабораторигүй заахыг дуугүй кино үзүүлэхтэй зүйрлэж болно. Их сургуульдаа радиофизикийн багшаар үлдэн ажиллах хувь тохиосон залуу багшид оюутан ахуйдаа лаборатори байгуулахын амтанд орсон нь том завшаан, цаашдын нь ажлын зөв чиг шугам болжээ.

ЛАБОРАТОРИЧИН БАГШ

Сургалтын лаборатори байгуулна, лабораторийн ажил тавина, түүнийгээ өөрөө дахин дахин хийж зүгшрүүлнэ, ажлын заавар, гарын авлага бичнэ гэдэг үнэндээ хүсмээр ажил биш шигээ хүссэн бүгд хийж чаддаг ажил бас биш билээ. Дамдинсүрэн багш өөрөө Дэмбэрэл багшаа Монголдоо хамгийн олон лабораторийн ажил тавьсан, хамгийн хүнд нөхцөлд(хөдөө орон нутагт) маш сайн, төвийн том сургуулиудад ч байхгүй лаборатори байгуулсан гэж магтдаг хүн. Хэрэв Дэмбэрэл багш манайдаа хамгийн мундаг “лабораторичин” багш юм бол Дамиа багш маань удаах “лабораторичин” багш яах аргагүй мөн.

Лаборатори байгуулах, лабораторийн ажил тавих гэдэг хөдөлмөрч, нямбай, тууштай хүний л ажил. Манай Дамиа багш чухам л ийм хүн тулдаа МУИС-ийн ФизикМатематикийн факультетийн цахилгаан соронзны лаборатори, радио физикийн лаборатори, электроникийн лаборатори, Мэдээллийн технологийн сургуулийн физикийн болон электроникийн лабораториудыг шинээр байгуулсан нь өнөөдөр сургалтад хэрэглэгдэн олон зуун мэргэжилтнийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байгаа билээ. Мөн Хан-Уул дээд сургуульд 60аад туршилтын ажилтай цахилгаан техник, физик, электроникийн сургалтын лабораторийг гардан байгуулсан бөгөөд өдгөө энэ лабораторийг МУБИСд шилжүүлэн сургалтад ашиглаж байна.

Проффессор Э.Дамдинсүрэн “Электроникийн үндэс” хичээлийг иж бүрнээр заах арга зүйг боловсруулан, лекцээр онолыг нь үзсэн нэг ижил сэдвээр нэгэн зэрэг 20 оюутан лабораторийн хичээл хийх лабораторийг Монголдоо анхлан шинээр байгуулсан нь сургалтын дэвшилтэт хэлбэр болсон учир оновчтой саналын гэрчилгээ авсан бөгөөд энэ лабораторийг МУИСийн олон салбарын сургалтад хэрэглэсээр байна. Үүнээс өмнө оюутнууд онолыг нь заалгаагүй сэдвээр лабораторийн хичээл хийх гэж “махаа иддэг”, багш заасан, заагаагүй сэдвээр хийх 5-6 өөр лабораторийн ажлыг удирдан хичээлээ явуулах гэж бас “маяагаа мөлждөг” байсан юм. Ийм хичээлийн үр дүн өөдтэй юм болдоггүй байсан нь ч ойлгомжтой шүү дээ.

Багш сүүлийн жилүүдэд лабораторийн хичээлийг сургалтын инженерт түшиглэн чөлөөт хуваариар зохион байгуулах санааг сэдэж өөрийн лабораторид туршсан нь амжилттай болж лабораторийн ашиглалт, багшлах боловсон хүчний хангамжинд эерэг нөлөөтэй нь батлагдсан тул МУИС-ийн хэмжээнд энэ аргыг албан ёсоор дэлгэрүүлэн хэрэглэж байна. Түүний байгуулсан лабораториуд болон бүтээн босгосон дадлагын ажлууд нь Монгол Улсад электроникийн инженерийн сэтгэлгээг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр болсоор байна.

Проффессор Э.Дамдинсүрэн оюутан сурагчдад зориулсан сурах бичиг гарын авлага 20иодыг бичиж хэвлүүлсэн нь өнөөдөр их, дээд сургуулийн сурах бичиг болон хэрэглэгдэж байна. Үүний дотроос “Электроникийн үндэс” хичээлийн лекц ба лабораторийн хичээлийн гарын авлага, “Аналоги электроник”, “Цахилгаан соронзон”, “Физик хэмжилт”, “Осциллографаар хийх хэмжилтүүд” зэрэг сурах бичиг, гарын авлага нь электроникийн чиглэлийн үндэсний хэмжээний анхны сурах бичгүүд байсан бөгөөд нэгэнт олны хүртээл болжээ.

Сургалтын шинэ технологийг бүтээлчээр хэрэглэх ажлыг өөрийн биеэр үлгэрлэн интернэт технологийг хичээлдээ хэрэглэн МУИСийн хэмжээнд анх удаа дадлагын хичээлийн зааврыг сургуулийн вэб хуудсан дээр байршуулан сургалтад хэрэглэснээр энэ чиглэлд Монголдоо анхдагч болсон юм. Одоо өөрийн зааж буй “Цахилгаан соронзон”, “Электроникийн үндэс” хичээлийн иж бүрэн үзүүлэх материалыг компьютер ашиглан хөдөлгөөнт дүрстэйгээр бэлтгэж сургуулийн сүлжээнд байрлуулан сургалтад ашиглаж байгаа нь үр дүнгээ өгч байна. Үүний хамт түүний бичсэн дөрвөн гарын авлагыг сургуулийн вэб сайтад байрлуулсан нь оюутнуудын зүгээс талархал хүлээсэн, орчин үедээ зохицсон шинэ ажил болжээ.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан “Физик” номыг хамтран бичсэн нь 6 удаа хэвлэгдсэн бөгөөд дээд сургуулийн элсэлтийн шалгалтанд бэлтгэх үндсэн гарын авлага болдог юм. Мөн Физикийн олимпиадыг улсын хэмжээнд явуулж эхлэх үеэс оролцож, ялангуяа сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд зохион байгуулах хорооны гишүүнээр ажиллан, олимпиадыг зохион байгуулах ажилд жил бүр биечлэн зүтгэхийн хамт олимпиадын туршилтын хэсгийг хариуцан, олон арван бодлогыг шинээр дэвшүүлэн тавьжээ. Багш олимпиадын хүрээнд орчин үеийн хэмжилтийн электрон багаж нэвтрүүлэн үүндээ үндэслэн хувьсах гүйдлийн фазын тухай сэдвийг анх оруулсан ба тивийн болон олон улсын олимпиадад оролцох бүрэлдэхүүнийг бэлтгэх ажилд ямагт идэвхтэй оролцож ирсэн нь манай улсын хүүхэд залуусын дунд физик, техник сэтгэлгээг хөгжүүлэхэд үр дүнгээ өгсөөр байна.

РАДИО ДОЛГИОНТОЙ ХӨӨЦӨЛДӨГЧ ЭРДЭМТЭН

Э.Дамдинсүрэн багш радио долгионы тархалтын судалгаагаар эрдмийн зэрэг хамгаалсан манай улсын анхны эрдэмтэн бөгөөд энэ чиглэлийн судалгааг өөрийн оронд үүсгэн хөгжүүлж, судалгааны хамтлагийг бүрдүүлсэн шинжлэх ухааны тэргүүний ажилтан юм. Тэрээр радио долгионы тархалтаар хоёр доктор, таван магистрын ажлыг удирдаж хамгаалуулсан, Физикматематикийн болон техникийн ухааны цахилгаан, холбоо, мэдээллийн чиглэлээр докторын зэрэг олгох салбар зөвлөлийн гишүүнээр олон жил ажилласан нэртэй эрдэмтэн билээ.

Багш 1967 оноос Монгол орны байгаль цаг уурын өвөрмөц нөхцөлд хэт богино радио долгион тархах онцлогийг судлах 18 удаагийн эрдэм шинжилгээний экспедицийг Оросын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн доктор, профессор Ч.Ц.Цыдыпов нарын зэрэг эрдэмтэдтэй хамтран зохион байгуулж олон тооны залуу судлаачдыг оролцуулж тодорхой үр дүнд хүрчээ. Шавь нарынхаа хамтаар хийж гүйцэтгэсэн судалгааны ажлууд нь манай орны нийт нутгийг хамарсан, тодорхой үр дүнд хүрсэн дорвитой бүтээлүүд бөгөөд ялангуяа агаарын хугарлын илтгэгчийн босоо градиентийн утгыг тогтоосон үр дүн нь манай орны өмнө, хойд, зүүн чиглэлийн радиорелейн шугамын төсөл зохиоход радио долгионы тархалтын тулгуур өгөгдөл болон ашиглагдсан байна. Тэрчлэн говь нутгийн радио замд ажиглагддаг дохионы замхралыг судалж түүний үүслийн талаар шинэ санаа дэвшүүлсэн нь тухайн чиглэлийн мэргэжилтнүүдийн анхаарлыг татсан ажил болжээ. Мөн радио долгионы тархалтын онцлогт тулгуурлан хөдөө орон нутагт идэвхгүй дахин дамжуулагч хэд хэдийг байгуулж үндэсний телевизийн нэвтрүүлгийн хүлээн авах хүрээг өргөтгөсөн нь хөдөөгийнхний гүн талархал хүлээж байлаа. Эрдэм шинжилгээний өгүүлэл 40 гаруйг нийтлүүлж, дотоод гадаадын 20иод бага хурал, симпозиумд оролцож, илтгэлийн товчлолоо эдгээр хурал, симпозиумын бүтээлд нийтлүүлжээ. Радио холбоо, радио долгионы тархалт, телевизийн нэвтрүүлгийн хүрээг өргөтгөх чиглэлээр өөрийн шавь нар болон холбооны мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн баг бүрдүүлэн эрдэм шинжилгээний гурван төслийн удирдагчаар ажиллаж байв.

Эдгээр ажлын заримд оролцож явсны хувьд Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр, Өндөрсант багийн төвд баруун зүгийн радио релений шугамын Хашаат сумын нутагт орших 8 дугаар станцаас, Орхон багийн төвд Хужирт сумын Гуа ууланд байх 9 дүгээр станцаас телевизийн нэвтрүүлгийг үзүүлэх боломжийг судлан, зохих тооцоо хийсний үндсэн дээр гурван өөр аргыг амжилттай туршин хэрэгжүүлсэн ажлууд маань санаанд тодхон байна.

Энэ бүгдийг дурдахын учир нь радио физикчийн ажил бусдынхаасаа арай өөр буюу үндсэн онолын тооцоо судалгаанаас гадна биеийн хүчний ажил, хөрөнгө мөнгө, цаг хугацаа их шаарддаг болохыг тодруулахыг хичээсэн хэрэг. Энэчлэн их сургууль дээрээ түр болон байнгын радиоузел байгуулах, баяр ёслол, хурал цуглааны үеэр ийш тийш нь утас шөрмөс татах мэтийн нэргүй ажилд мөнөөх хэдэн радио физикчид л хэдэн шавь нартайгаа халтартаад зүтгэж байдаг бас нэг онцлог бий. Бусад багш нарыг амарч байхад шүү дээ. Энэ мэтийн ажлыг залхуу биш хөдөлмөрч, салан задгай биш нягт нямбай, шантарган биш, тууштай зан чанартай хүмүүс л хийдэг юм. Багш маань өөрөө яг ийм хүн, шавь нараа ийм байхыг шаарддаг хүн, тэднийгээ ийм болгож бас чадсан хүн. Одоо багш маань ийм болгож авсан гарын шавь Ж.Нямжав, Д.Бямбажав хоёртойгоо мөр зэрэгцэн ажилласаар байна.

РЕКТОРООС БУСДЫГ ХИЙСЭН УДИРДАГЧ

Э.Дамдинсүрэн багш 19671977 онд МУИСийн Онол туршлагын физикийн тэнхимд багшаар, 1981-1984 онд МУИСийн ФМФийн орлогч деканаар, 19851987 онд МУИСийн ФМФийн Ерөнхий физикийн тэнхимд багшаар, 19881989 онд МУИСийн Электроникийн эрдэм шинжилгээний лабораторийн эрхлэгчээр, 19901991 онд МУИСийн ФМФийн деканаар,19921993 онд МУИСийн Физикийн факультетийн Радио физикийн тэнхимийн эрхлэгчээр, 19941996 онд МУИСийн Физикийн факультетын Электроникийн тэнхимийн эрхлэгчээр, 1997 онд МУИС-ийн Физик электроникийн сургуулийн Электроникийн салбарын сургалт хариуцсан профессороор,19981999 онд ХанУул дээд сургуульд салбарын эрхлэгчээр тус тус ажиллаж, 2002 оноос МУИС Мэдээллийн технологийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Электроникийн тэнхимд профессор, тэргүүлэх профессороор ажиллаж байна.

Эндээс харвал Дамиа багш маань их сургуулийн ректороос бусад бараг л бүх ажлыг хийжээ. Ер нь их сургуульд эрдэмдээ, багш нартаа, шавь нартаа хамгийн ойрхон бөгөөд санасан бодсоноо хийж болдог ажил бол мэргэжлийн тэнхмийн эрхлэгч байдаг бөгөөд манай багш энэ л зам, энэ л чиг шугам дээрээ олон жил тууштай байж чадсан байна.

Багшийн маань хөдөлмөр, зүтгэл, бүтээлийг төр, сургууль, салбараас зохих ёсоор үнэлж ирснийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Ардын хувьсгалын 60, 70 жилийн ойн медаль, Ардын боловсролын 80 жилийн ойн медаль, Багшийн алдар медаль, “МУИСийн профессор” цол, “Ардын боловсролын тэргүүний ажилтан” цол, “Онц холбоочин” цол, “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” цол, “МУИСийн оны шилдэг багш” алдар зэрэг шагнал урамшил нотолно…

ХӨДӨЛМӨРЧ, НЯМБАЙ, ТУУШТАЙ БАГШ ХЭМЭЭХ ТӨГСГӨЛ

Багшийнхаа дээд боловсрол, эрдэм судлалын ажилд 50 гаруй жил тасралтгүй зүтгэсэн зүтгэл, гаргасан амжилт, бүтээсэн бүтээл, сурган хүмүүжүүлсэн шавийн тоо, чанарыг эргээд бодоход “Миний багш бол агуу их гавьяатан юм даа” гэх бодолтой зэрэгцэн “Багш маань сурган хүмүүжүүлэх ажлын онцлог арга барилтай, баялаг туршлагатай, хамт олны дунд нэр хүндтэй, даруу төлөв, шударга зан чанартай, санаачилгатай, зарчимч шаардлагатай, багш хүнд байвал зохих бүхий л чанарыг бүрэн эзэмшсэн багш даа” гэх бахархалт бодол төрж байна.

Багшийнхаа нэрээр бичсэн нэрэн шүлгээ өргөж, бяцхан тэмдэглэлээ өндөрлөсү.

Далай физикээс радиог сонгож

Анхны эрдэмтэн, удирдагч болов, та.

Маш олон лабораторийг шинээр байгуулж

Даян дархан их лабораторичин багш болов, та.

Их сургуульдаа эрдмийн замналаа элээн зориулж

Нэр хүнд, алдар гуншинтай профессор гуай болов, та.

Сүүн тасгаас эхэлсэн судалгаагаа насад үргэлжлүүлснээр

Үе үеийн хэдэн шавиа номын унаанд баттай дөрөөлүүлэв, та.

Радио долгион тархах зүй тогтол, агаарын хугарлын илтгэгч мэтэд

Эхнэртээ дурласан шиг дурлаж, эргэлт буцалтгүй түүний төлөө зүтгэж

Номын гэгээн амьдралыг хүмүүн заяаныхаа утга учир болгон дархлав, та.

МУСГЗ, физик математикийн ухааны доктор Д.ДАНЗАН

2018.11.12

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *