Монголын мэргэжлийн хөтлөгч тайлбарлагчдын холбоо, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэгч “Травэл Хаб Монголиа” компаниуд хамтран “Аяллын хөтөч тайлбарлагчдын анхдугаар чуулган”-ыг зохион байгуулж байна. Тус чуулганд аяллын хөтөч тайлбарлагчаар ажилладаг 200 гаруй хүн оролцож байгаагаас гадна тэднийг ажлын байраар хангадаг тур оператор компаниуд, үйлчилгээ үзүүлдэг амралтын газрууд, жуулчны бааз, зочид буудал, зоогийн газрууд болон энэ чиглэлээр дагнан ажилладаг аялал жуулчлалын багш, судлаачид өөрсдөд тулгарч буй асуудлуудаа хэлэлцэн ойлголцлоо нэгтгэхээр чууллаа. Энэ удаагийн чуулганыг “ХАМТДАА СУРАЛЦЪЯ, ХӨГЖЬЕ” гэсэн уриатайгаар зохион байгуулж байна. Тухайлбал, Монголын аялал жуулчлалын салбарт эх орныхоо нүүр царай болж явдаг, хамгийн чухал үүргийг гүйцэтгэж буй аяллын хөтөч тайлбарлагч нарын өнөөгийн нөхцөл байдлыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулахын тулд оролцогчдод урьдчилан бэлдсэн санал асуулга тавьсан бөгөөд үүний үр дүнг танилцуулахын зэрэгцээ олон улсад өрсөлдөх чадвар ямар байгаа зэрэг олон асуудлыг хэлэлцэж байгаа юм.