Эмнэлгийн тусламж, үйлчилгээ, томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, эрүүл мэндийн байгууллагын хариу арга хэмжээний бэлэн байдалтай Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунхандаар ахлуулсан ажлын хэсэг СХД-ийн Эрүүл Мэндийн төвд ажиллалаа.
СХД-ийн ЭМТ-ийн хувьд сүүлийн 14 хоногийн байдлаар өндөр настай ахмадууд томуу, томуу төст өвчнөөр өвчлөх тохиолдол цөөнгүй бүртгэгджээ. Мөн хүүхдийн кабинетууд уртатгасан цагаар ажиллаж байна. Ажлын өдрүүдэд 17-22 цаг харин амралтын өдрүүдэд 11-18 цагуудад ажиллаж байгаа юм. Мөн хүүхдийн мэргэжлийн эмч утсаар зөвлөгөө өгч байна.
СХД-ийн Нэгдсэн эмнэлэг нийт хүүхдийн 165 ортой, өнөөдрийн байдлаар 263 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 80 гаруй хувь нь амьсгалын замын өвчин хатгалгаа, үлдсэн хувь нь суулгалт гэсэн оноштойгоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаа юм. Улирлын томуугийн үе эхэлж байгаатай холбоотой дүүргүүдийн Нэгдсэн эмнэлэг гаргасан төлөвлөгөөний дагуу хэвийн ажиллаж байгааг эмч нар хэллээ.
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед СХД-ийн нэгдсэн эмнэлгийн орны нөөц хангалттай байна. Өөрөөр хэлбэл эмнэлэг өөрсдийн боломж нөөцөөр 100 ор, МУЗН-ээс 50 ор өгчээ. Харин эм тарианы хувьд нэг улирлын нөөц байна.