Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Үндэсний аюулгүй байдлын гурван гишүүний зөрчил үндэсний аюулгүй байдалд нөлөөлж мэдэх нь

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэж бий. Энэхүү зөвлөл нь үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, хяналт тавих төрийн зөвлөлдөх байгууллага хэмээн хуульчилжээ. Зөвлөлийн үндсэн үүргүүдийн нэг нь өөрийн орны улс төр, нийгмийн амьдралд дүн шинжилгээ хийж, Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдлыг бэхжүүлэх, Үндсэн хуулиар тодорхойлсон төр, нийгмийн байгууллыг бататгах, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, хүн ам, удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах юм.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар. Зөвлөлийн гишүүд нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, улс үндэснийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн хамгаалах, эрх хэмжээнийхээ асуудлыг хамтран хэлэлцэж санал нэгтэйгээр шийдвэрлэх зарчмыг баримтална гээд тов тодорхой хуульчлаад өгчээ. Яагаад үүнийг онцолж дурдах болов гэхээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд маань ил далд зөрчилдөж байгаа нь сүүлийн үед илт ажиглагдаж байна. Тухайлбал, хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг санал болгох тухай зөвшилцөх бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод илгээсэн юм. Үүний хариуд М.Энхболд дарга “Монгол Улсын Их Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргах асуудлаар Тантай санал нийлэхгүй байгаагаа үүгээр уламжилж байна” гэсэн бичиг илгээв. Болоогүй ээ бас, хариу бичгийн төгсгөлд “Монгол Улсын Үндсэн хуулинд Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэж заасныг анхаарч ажиллахыг Танаас хүсье” хэмээн анхааруулах сануулахыг хослуулсан өгүүлбэр шигтгэжээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүн нь ингэж толхилцож байх зуур Ерөнхий сайд “би яаж дутахав” гэсэн шиг УИХын дарга М.Энхболдыг хангалтгүй ажиллаж байгаа гээд огцруулах саналаа бүлгийн хуралдаан дээрээ гаргасан юм.

Эдгээр үйл явдал нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүний хоорондын зөрчлийн илрэл гэж харагдаж байна. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах ёстой гурван хүн ингээд хоорондоо зөрчилдөж дайсагнаад эхлэхээр Монгол Улсын язгуур эрх ашиг хаана орших вэ. Энэ эв зүйгүй зөрчилдөөнийг арилгах хэрэгтэй байна. Үүний тулд ҮАБЗийн гурван гишүүний хэн нэг нь бодитой алхам хийх хэрэгтэй. Үүнийг хэн нь ч эхлүүлж болно. Улс үндэсний аюулгүй байдлыг хангах тулгуур асуудалд тухайн улс дотооддоо аюулгүй байх явдал гэж үздэг.

Үндэсний аюулгүй байдлын баталгаа нь төр, ард түмэн байдаг. Гэтэл Ерөнхийлөгч нь УИХыг тараах бичиг шидэн сүрдүүлж байна. УИХын дарга нь Ерөнхийлөгчдөө “Эв нэгдлээ сахь” хэмээн сануулах юм. Ерөнхий сайд нь УИХын даргаа огцруулах яриа гаргадаг нь даарин дээр давс үрэх мэт үйл явдлыг хурцатгалаа. Монголын төр засаг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдийн энэ мэт зөрчилдөөн засаглалын хямралыг үүсгэн, бидний сонгосон ардчилал, Үндсэн хуулийн тогтворгүй байдалд нөлөөлөх нь. Үүнээс улбаалан улс төрийн тогтворгүй байдал үүсч мэднэ. Энэ бүхэн эцэстээ Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлнө. Нөлөөлж ч эхлээд байна. Ам.долларын ханшийн өсөлтийг дагаад шатахуун, өргөн хэрэглээний барааны үнэ огцом нэмэгдэж байна. Ажилгүйдэл, ядуурал хүн амын 30 хувийг эзэлсэн хэвээрээ.

Үнийн өсөлт цааш үргэлжилбэл ард түмний амьдрал улам л хэцүүдэх нь. Ер нь улстөрчдийн увайгүй үйлдлийн хор уршгийг ард түмэн л нуруундаа үүрдэг. Улстөрчид ард түмэн гэж ярих дуртай. Одоо л тэр ард түмнээ бодох цаг чинь шүү. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд гурван тийшээ харж, хувийн тоглолт хийлгүй өөрсдөө дотроо зөвшилцөж ойлголцох зайлшгүй шаардагатай болжээ. Та бүхэн Монгол Улсыг амар тайван байлгах үүрэгтэй хүмүүс. Тэр үүргээ л биелүүл. Туурга тусгаар улсынхаа хаяа хатавчийг манаж, онгорхой цоорхойг нь бөглөнө гэж амлаж гарч ирсэн амлалтаа санаж, хувийн болон намын өчүүхэн эрх ашгаа хойш нь тавих цаг болсон. Нэгдэж нийлж, санал бодлоо зөвшилцөж, энэ улс орныхоо төлөө санаа тавих хэрэгтэй байна.

Хэрэв Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХын дарга, Ерөнхий сайд нь эвлэж нэгдэж ард түмэн, тусгаар улсаа бодохгүй бол ард түмэн төрийн дээд эрх барих байгууллага болох УИХаас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын эрхийг хязгаарлахыг шаардаж эхэлнэ. Засаглалын энэ хямралаас улс төрийн гүн хямрал үүсэх тун ойрхон байна. Үүндээ хүрэхээсээ өмнө элдэв авираа татаж, үүрэгт ажлаа хийхийг олон нийт хүсч байна.

О.ТУЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *