УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Улс төрийн хүрээнд эрх баригч МАН-ын 27 гишүүн Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурсан явдал улс төрийн том сэдэв болчихлоо. Та Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурсан хүний нэг. Танхимынх нь сайд байж огцруулахаар гарын үсэг зурсан нь гомдолтой яваагийн илрэл гэх юм. Гарын үсэг зурах болсон шалтгаанаа тайлбарлахгүй юу?
-Намайг гарын үсэг зурсантай холбоотойгоор гадуур янз бүрээр л ярьж байх шиг байна. Нийгмийг бухимдуулж байгаа зүйл нь ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлээс эрх мэдэлтнүүд хамаарал бүхий компанидаа мөнгө авсан асуудал байгаа шүү дээ. Жижиг, дунд үйлдвэрлэл гэдэг маань эдийн засгийн тулгуур болсон, нөгөө талдаа иргэдийн амьжиргааг дээшлүүлсэн, ажлын байр, орлого бий болгож эдийн засгийг бүхэлд нь хөдөлгөх хүч. Миний энэ ширээн дээр “Жижиг, дунд үйлдвэрлэлийн санхүүжилтийн байдал 2018” гээд Монголбанкнаас гаргасан судалгааны тайлан байна. Энд ЖДҮ-ийн салбарыг эрчимтэй дэмжиж хөгжүүлэх нь ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахын зэрэгцээ эдийн засгийн өсөлтийг бүрдүүлэх гол тулгуур гэж бичсэн байгаа. Гэтэл ЖДҮХС-гаас олгож буй бага хүүтэй зээлийг УИХ-ын гишүүд маань өөрсдөө авчихсан, тэр тусмаа Засгийн газрын гишүүд нь авчихсан. Засгийн газрын тэргүүн шударга ажиллана, хууль бус зүйл битгий шаардаарай гэж хэлсэн дээ, уг нь.
Гэтэл Засгийн газар дотроос нь хоёр сайд ЖДҮ-тэй холбоотой гэж яригдаад байгаа. Яагаад энэ хүмүүсийнхээ асуудлыг гаргаж ирж ярихгүй байгаа юм бэ. Яагаад дараад байна вэ. Ерөнхий сайд бол МАН-ын дарга. Тэр талаасаа ч Жижиг, дунд үйлдвэрийн зээлтэй холбоотой асуудлууд дээр тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй байсан. Ийм байдалтай нь би эвлэрч чадахгүй. Энэ тухай шүүмжлэлээ бүлгийн хурал дээр хэлсэн. Тийм ч учраас гарын үсгээ зурсан.
Бид намын дарга, Ерөнхий сайдынхаа өмнөөс үг дуугарч чаддаггүй энэ байдлаас болж болохгүй бүхэн цэцэглэж байна. Алдаа дутагдлыг нь бид хэлж байх ёстой шүү дээ.
-Гишүүдээ үг хэлүүлэхгүй, намын даргын нэр хүндийг унагалаа гэж бүлгийнхээ хурал дээр У.Хүрэлсүх Ерөнхий сайд хэд хэдэн удаа хэлсэн байна лээ. Намынхаа гишүүдийн шүүмжлэлийг огт хүлээж авахгүй байна гэсэн үг үү?
-Д.Хаянхярваа гишүүний УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад өгсөн шаардлагад арга хэмжээ ав гээд байгаа шүү дээ. Шаардлагын дагуу ЖДҮ-чдэдээ шаардлагатай арга хэмжээ авах ёстой байтал авсангүй. Огцруулах саналыг өргөн барьснаас хойш сүүлийн хоёр хоногт л ганц хоёр хүнд арга хэмжээ авч байх шиг байна.
-Таныг засагтаа гомдоод гарын үсэг зурсан гээд байх юм. Увайгүй улс төр хийлээ гээд байна л даа?
-Надад гомдоод байх зүйл байхгүй. Наймдугаар сард болсон төрийн албан хаагч нэгнийхээ амийг бүрэлгэнэ гэдэг бол зүрх шимшрүүлж, сэтгэл өвтгөсөн хүнд асуудал. Тиймээс гомдох гэхээсээ илүү ёс зүй талаасаа улам сэтгэл өвдөж байна. Цаашид төрийн алба талаас нь илүү олон зүйл хийх хэрэгтэй юм байна гэдгийг байнга бодож явна. Надад маш олон зүйлийг бодогдуулсан харамсалтай зүйл болсон. Тэнд хүн амь насаа алдчихаад байхад би гомдоод явна гэдэг утгагүй. Тиймээс огт гомдсон зүйл байхгүй.
Та увайгүй улс төрийн алхам хийлээ гэсэн. Мэдээж танилын нүүр халуун гэдэг шиг өмнө нь ажиллаж байсан Ерөнхий сайдынхаа эсрэг гарын үсэг зурна гэдэг мэдээж надад халуун. Огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүд маань намайг гарын үсгээ зурахгүй гэж бодсон ч байх. Би бүлгийн хуралдаанаасаа эхлээд шүүмжлэлийг хэлээд явсан. Шударга байна, ёс зүйтэй байна, зарчимтай байна гэдэг чинь анх Ерөнхий сайдын томилогдохдоо барьж байсан зарчим шүү дээ. Тиймээс анхнаасаа надад энэ зарчим нь таалагдаж байсан. Миний барьдаг зарчим. Зарчмынхаа дагуу өөрийн дотоод итгэл үнэмшлээрээ шударга байхыг би эрхэмлэдэг. Өөрийнхөө зарчим дээрээ зогссон юм.
Өмнө нь нам дээр Н.Энхбаяр гэдэг хүнийг МАХН-ын дарга, хаан байхад энэ намд би жигүүр байгуулалцаад явж байсан. Эсрэг зогсож байсан. Жигүүрийн дэд тэргүүн гээд Ө.Энхтүвшин даргатай нэг талдаа гараад явж байлаа шүү дээ. Угаасаа би шударга байх ёстой гэдэг зарчим барьдаг. Тэр утгаараа над руу дайраад байгаа энэ хүмүүсийг захиалгат эсрэг талын довтолгоо л гэж харж байгаа. Тиймээс надад санаа зовоод байх юм алга. Би өөрийнхөө зөв гэсэн итгэл үнэмшил дээр зогссон. Ямар ч дарга, Ерөнхий сайд байлаа ч шударга бус зүйл шаардаж байгаа бол түүнийг нь хэлж, дуугарч байх ёстой.
-Таны цахим хуудаснаа бичсэн зүйлийг уншихад МАН-ын даргын дарангуйлал тогтсон юм байна гэж ойлгосон…
-Намын дарга маань шударга, зарчимтай байна шүү. Надаас хууль бус зүйл битгий хүсээрэй гэдгийг маш их ярьж байгаа. Нөгөө талаасаа үг сонсохоо больсон. Аль намраас хойш бүлгийнхээ хурал дээр “Энэ бужигнасан байдлаа засаач. Эв эеийг хичээгээч ээ. Болохгүй зүйлсээ хоорондоо яриач ээ” гэж зөндөө хэлцгээсэн. “ЖДҮ-ийн асуудал дээр хариуцлага тооц. ЖДҮ авсан сайд нараасаа шударга ёсны ажлаа эхлээч ээ. Зэрэгцээд сууж байгаа намынхаа гишүүдэд хариуцлага тооцооч ээ” гэсэн шаардлага тавьсан. Харамсалтай нь огт хүлээж аваагүй. Сүүлийн үед үг авахаа больсон. Зөвхөн өөрийнхөөрөө зүтгээд явж байгаа. Намын дарга, Ерөнхий сайд “Гадагшаа гарна. Ард иргэдтэйгээ нийлнэ” гэж яриад байгаа нь надад таалагдахгүй байгаа юм. 65 суудалтай эрх баригч том намын дарга, засгийн эрх барьж байгаа хүн ийм зүйл яриад сууж болохгүй. Бүх эрх мэдэл нь энэ хүнд байгаа шүү дээ.
-Нам, төр хоёрыг ялгаж салгахгүй байгаа юм биш үү?
-Ерөнхий сайдын хувьд УИХ дахь олонхын бүлгийг ахалж байгаагийн хувьд төрийн үйл ажиллагаанд хийж болох бүх эрх мэдэл нь байгаа. Ямар ч саадгүй явах ёстой. 65 суудалтай том бүлгийг ахалж байгаа намын даргын хувьд Засгийн газраас асуудлуудаа оруулаад нам дээр бодлогоо зангидаад явчих бүрэн боломжтой.
-Гарын үсэг зурсан гишүүддээ хариуцлага тооцно, намаас хөөнө гээд дарамт шахалт үзүүлээд эхэлсэн гэх юм. УИХ-ын дарга М.Энхболд, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарыг намаас хөөх гэж байна гэсэн яриа гарлаа?
-Хариуцлагыг зарчмын дагуу биш байдлаар явуулах хандлага ажиглагдаж байна. Хүчээр аливаа асуудлыг шийдэх, шүүмжлэлгүйгээр ажлаа явуулах гээд дарангуйллын байдал руу орох гээд байгааг нь би хэлсэн. Намын дарга гэдгээрээ хүчээр асуудлыг шийдчих гээд зүтгэх юм. Бид нэр дэвшихдээ намынхаа Бага хурлаар орж, Удирдах зөвлөлөөр орж ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр ажиллахаа илэрхийлдэг, намынхаа төлөө зүтгэх зүтгэлийнхээ хэмжүүрийг бас тэнд шалгуулж байдаг л даа. Энэ бүхэн тусдаа хийгдэх асуудал. Бид өнөөдөр энэ шүүлтүүрийн ард гарч ирсэн Их хурлын гишүүд шүү дээ. Бид ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээчихсэн байхгүй юу. Сайд нар нь УИХ-ынхаа өмнө хариуцлага хүлээсэн. Тэгэхээр хариуцлагын тайлангаа хаана тавих нь тодорхой байгаа биз дээ. УИХ-ын гишүүд ард түмнийхээ өмнө тайлангаа тавьж, хариуцлагаа тооцуулж байх ёстой. Гэтэл сонгосон иргэдээ бухимдуулсан ийм арга хэмжээ хийгээд байна гэдэг чинь шууд тодорхой хариуцлагын өмнө оччихсон байна гэсэн үг. Ерөнхий сайд танхимынхаа хэдэн гишүүдэд хариуцлага тооцоод оруулаад ирсэн бол бид юу ч хэлж чадахгүй. ЖДҮ-д холбогдсон УИХ-ын гишүүддээ хариуцлага тооцно гэвэл бид юу ч хэлж чадахгүй. Юун Засгийн газар огцруулах, тийм асуудал байхгүй байх байсан.
-УИХ-ын зарим гишүүдийн зүгээс ЖДҮХС-г шалгах УИХ-ын Түр хороо байгуулах тогтоолын төслөө хүргүүлсэн. Хуулийн байгууллагууд нь шалгалтаа хийгээд явах байх. Та нар ямар зарчмаар ажиллах юм бэ?
-Нэгдүгээр, ЖДҮХС-гийн зарцуулалтыг үзнэ. Зарцуулах явцад ямар алдаа гарсан юм, ямар гишүүд зээл авав, ямар зарчмаар ажиллаж байгааг нь эхлээд харна. Хоёрдугаарт, гишүүдийн хувьд ёс зүй талаасаа оролцох, оролцохгүй байх талаас нь үзэх ёстой. Зэрэгцээд хууль хяналтын байгууллага шалгаад явна. Гуравдугаарт, энэ зарцуулалтыг шилэн болгох хамгийн том зорилго тавьж дүгнэлт гаргах шаардлагатай. ЖДҮХС зорилтот хүмүүстээ хүрэхийн тулд яах ёстой юм. УИХ дээр Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай хууль хэлэлцэгдэж байгаа. Магадгүй уг хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай заалт юу байна гэх мэтчилэн ЖДҮХС-гийн мөнгө маань эзэндээ очдог, журмынхаа дагуу түгээгдэж эргэн төлөлт нь хийгддэг, хяналт нь зөв байдаг, зориулалтын дагуу зарцуулагдаж байгаа эсэх нь ил байдаг бодлогыг гаргаж ирэх хэрэгтэй.
-Нэр бүхий 27 гишүүн Ерөнхий сайдыг огцруулна гэсэн. АН-ын Улс төрийн зөвлөл мөн огцруулах мэдэгдэл гаргасан. Одоо УИХ-ын гишүүн О.Баасанхүү, С.Жавхлан нарын кноп хамгийн үнэд орж магадгүй юм байна, тийм үү?
-О.Баасанхүү, С.Жавхлан нарын гишүүд шударга зүйл яриад явж байгаа болохоор кноп дарах байлгүй дээ. Тус гишүүд сөрөг хүчний байр сууринаас ажиллаж байгаа. Бие биенээ хаацайлснаас болж гарч буй процессыг тэд соргогоор харж байгаа шүү дээ. Тэр утгаараа Жижиг, дунд үйлдвэрийн зээлтэй холбоотой асуудалд нь хариуцлага тооцох байх.
-Ерөнхий сайдыг огцруулснаар засаг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох уу. Хуулийн хоёр мухардмал заалт байгаа юм билээ. Зарим сайд нь үлдэж болох заалт байхад нөгөө талд нь бүхэлдээ огцрох заалт байгаа л даа?
-Ерөнхий сайд огцорвол кабинет тэр чигээрээ огцорно гэсэн үг. Цаашдаа яаж ажиллах вэ гэдгээ бодох байх. Энэ кабинет дотор ажлаа сайн хийж байгаа сайд нар бий. Тиймээс үргэлжлүүлээд дараагийн засагт ороод ажиллах боломжтой. Түүнээс засагт байгаа 10 гаруй хүнийг бүгдийг нь явуулна, цэвэрлэнэ гэсэн ойлголт байхгүй. Дараагийн Ерөнхий сайд сонгогдоод кабинетаа бүрдүүлэхдээ одоо байгаа сайд нараасаа танхимаа бүрдүүлээд явах боломж бий.
-Таныг ЖДҮ-чин гээд нэг хэсэг цоллосон. “Чацаргана” төсөл хэрэгжүүлсэн гээд байсан билүү?
-Би УИХ-ын гишүүн болохдоо “Хүний төлөө эдийн засаг, хөгжлийн төлөө зөв бодлого” гэдэг мөрийн хөтөлбөрийг нутагтаа ярьж явсан. Энэ нь дөрвөн жилийн дараа улстөрчид эргээд ард түмнийхээ өмнө очихдоо би ийм зам, хашаа хайс барьсан, энэ сургуулийг будсан гэж ярихаасаа илүү ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлсэн зүйл яриач ээ гэдэг бодлогоор ийм мөрийн хөтөлбөр боловсруулсан. Эдийн засгийн бүхий л боломжоо хүндээ хүргэе, ажилтай орлоготой болгоё гэсэн санаа. Үүний цаана ЖДҮ-г л ярьсан. Малчдын хувьд малын түүхий эд нь зарагддаг байх, орлоготой байх ёстой. Сум, аймгийн төвд байгаа хүмүүс нь мах, сүүгээ боловсруулж орлогоо олдог, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг байхаас эхлээд оёдол, эсгүүр гээд эдийн засгийн тулгуур болсон бүхий л Жижиг, дундыг хөгжүүлье гэдэг бодлого барьсан. УИХ-ын гишүүн болж ирээд байнгын хороо, чуулган дээр жижиг дундыг байнга ярьдаг байлаа. Булган аймагт “Чацаргана” хөтөлбөр хэрэгжүүлж иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлье, хоёрдугаарт, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан мах, сүүний хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хичээсэн. “Сүү”, “Чацаргана” төслийг хэрэгжүүлэхэд 12.8 тэрбум төгрөгийн төслийг Засгийн газарт өргөн барьж дэмжиж өгөөч гэсэн юм. Энэ хүсэлтийг маань Засгийн газарт ХХААХҮЯ-нд дамжуулсан юм билээ. Сая тэр бичиг нь гарч ирэнгүүт намайг 12.8 тэрбум төгрөгийн зээл авсан гээд зурагтаар ярьсан. Огт тийм зүйл байхгүй. Засгийн газар нэг ч төгрөг өгөөгүй. “Чацаргана” хөтөлбөрийг орон нутгийн төсвөөс хэрэгжүүлээд явсан.
“Шинэ хөдөө” хөтөлбөрийг би санаачилсан. Үүнийг үе үеийн Засгийн газар авч хэрэгжүүлнэ гээд хэрэгжүүлээгүй. Үндсэндээ гол гаргасан гэсэн үг. Харин Б.Батзориг сайд “Шинэ хөдөө, шинэ амьдрал” гэдэг хөтөлбөр боловсруулаад Засгийн газарт оруулж амжсан уу, үгүй юу мэдэхгүй байна. Миний хоёр жил ярьсан “Шинэ хөдөө”, Жижиг, дундын хөтөлбөрүүддээ зээл олчихъё гэж явсан. Орон нутгийнхандаа “Та нар төсөл хөтөлбөрүүдээ бэлдээрэй” гээд хэлчихсэн чинь тойргийн иргэдээс баахан төсөл ирсэн. Одоо худлаа ярьсан болчихож байгаа юм. ЖДҮ сангаас мөнгөгүй гээд санхүүжүүлдэггүй. Гэтэл энэ мөнгийг нь өөрсдөө шагнал болгоод авчихсан байна лээ. Тэгэхээр чинь надад сайхан санагдахгүй биз дээ. Ийм хариуцлагагүй, ёс зүйгүй байж болохгүй. Ерөнхий сайдыг огцруулахад гарын үсэг зурсан бас нэг үндэслэл маань энэ л дээ. Эзэнд нь хүргэхийн төлөө би хоёр жил явлаа. Байнгын хороо, чуулган дээр энэ хэдэн төгрөгийг хүнд нь хүргэе гэж маш олон удаа хэлсэн. Цаашид энэ мөнгө эзэндээ хүрдэг тэр системийг бий болгохын тулд би ажиллах болно. Жижиг дунд үйлдвэрлэлд наанадаж 100 тэрбум төгрөг жил бүр төсөвт сууж байх ёстой. Хяналтыг нь сайн хийж, сонгон шалгаруулалт нь үнэн зөв явдаг байх шаардлагатай. Үүний төлөө бат зогсоно.