Categories
мэдээ цаг-үе

“Талынбулагийн вант улс” хийгээд Цоодол багшийнхаа тухай дахин өгүүлэхүй

Төв аймгийн зохиолчид. Зүүн гараас Ш.Бадарч, П.Бадарч, Ш.Цогт, Д.Цоодол, Д.Банзрагч

Хөшөөтийн голоо зүрх алдан санахдаа багшийнхаа Хөеө юм уу, Шар тэмээний нутаг-ийг бариад хэвтчихнэ. Хичнээн сайхан гэж санана. Ус голоо, адууч ааваа, айраг цагаагаа, өвгөд хөгшдөө санахын зовлонг анагаах ид шид бүтээл бүрт нь байдаг шиг. Ямар сайндаа л би гэдэг хүн аавын минь хэдэн адуу, багшийн минь хэдэн ном байхад болно доо, өөр юуг ч хүсэх билээ дээ гэж хүртэл уяран санадгийг яана. Манжаа, Дунгаа, Балжаа гахай хоёр, Сум тарахын намар, Чөдрөө тасдуулсан минь, Голомтны Жангар, Дуулж дуусдаггүй орчлон-г нь жаргаж уншдаг юм. Үг бүрийнх нь сайхан үнэндээ тагнайд мэдрэгдэх шиг болдог. Шар тэмээний нутаг, Ижий хүү хоёр, Ганцхан Ажаатай хорвоо, Яриа алга толгод-ыг нь нулимстай уншдаг. Дахин дахин унших бүрийд цээжинд баяр баясгалан шинээр төрж, Цоодол гэдэг нээж барагдахгүй агуу ертөнц болохыг ухаардаг.

…Долдугаар анги төгсөөд цааш сургуульд явсангүй, тэглээ гээд харамсах юм алга. Хүү хол газар явсангүй гэж ажаа ижий онцгой их баярлав. Эр хүн болов гэж би дотроо санаж, аль эртний хүссэн боловч сургууль зөвшөөрдөггүй байсан халимаг үсээ тавьж, том болсон хойноо гэж эцгийн хойшлуулаад байдаг дунд гарын мөнгөн эмээлээ тохож, тэр үед сумынхаа залуучуудын гоёх дуртай байсан цэнхэр торгон өмд, далбагар цагаан эсгий бүрх өмсөөд одоо бол ямар ч эр хүнээс дутуу юмгүй гэж санаж билээ. Эхлээд Төхөмийн нуур, Жаран, Сарваацуцахын хөндийгөөр давхиж баахан айлаар тэнэлээ. Хөгшдийн амрыг эрж, хавар эрт гүйлгэж алдсан морь малаа сураглаж, уулзсан амьтнаас бороо ногоо асууж хэвлүүтэн явлаа. Гэвч нэг л биш ээ. Аавынхаа бодсоноор мал дагаж урт уурга барин адууны захад исгэчин давхиж бүтэх, эс бүтэх морины наймаа ярьж явах дур хүрсэнгүй. Өнөөх торгон өмд цагаан бүрхээ ч дор нь тайлаад хаячихав… гэж долдугаар анги төгсч, сургуулиа орхисон зуныхаа тухай нэгэнтээ бичсэн.

Айлын адуу дагаж алга болоод өөрийг нь явгалж орхих, эс тэгдэг юм аа гэхэд хайран хөлөө тасдахын нэмэр гээд эзэн нь богинодсон чөдрөөр чөдөрлөөд тавьчихсан шүдлэн үрээ шиг тэр л үед үзэж үзчихсэн кино шиг өдөр сарууд нэгэн хэвээр үргэлжилж байтал санаанд оромгүй явдал болох нь тэр. Хаврын дулаахан өдөр Онгон хайрхных нь хөтөл дээгүүр цагаан тоос манарч ачааны машин ирсэн нь Лермонтов шиг намхан шар Дарамзагд, зүгээр байгаа нь инээж байгаа юм шиг харагддаг том шүдтэй Долгоржав, Нарийн сайхан хээрийгээ гээд эхлэхээрээ ам нь шал мурий ч дуу нь зүрхэнд чигээрээ давхиж хүрдэг Нямлхагва, Нансалмаад тоглодог хөөрхөн Пүрэвсүрэн гээд их урлагийн бригадынхан байсан гэнэ.

Ширээ нуур-ыг гавьяат Долгоржавын хоолойгоор, Баян Монгол-ыг найрал дуучдын үзэмжит цогцлолоор, Үрэл гэдэг модоороо өлгийг минь сийлсэн аав минь, өвлийн шөнийн хүйтэнд өндийж хөхүүлсэн ээж минь гэх дууг Лувсангомбо гэж эр хүн шиг нэртэй өндөр цагаан хүүхний ялдам хоолойгоор сонсохоор чинь Бүрэнгийнхээ хонхорт яагаад чиг тогтох билээ. Ёстой нөгөө Аргагүй амраг, Замагтай нуур энэ тэрийг дуулах гэж хөгшин залуу, хөрвө нялхгүй уяраагаад хаячихдаг залгаа сумын хар нүдэн Зэндэм шиг сайхан хүүхэн авч, Түмий, Дэрсэнхашаатын хэдэн хотыг нал шал болгосон их найр хийх мөрөөдөл нь унтраа байлгүй. Орой гүү тавьж, адуу уснаас гарсны дараа араас нь зэдлэх адууны халуун цагаан тоосны үнэрт уярсан шиг булгийн эрэгт суусан, эс бөгөөс лааны гэрэлд Отелло, Алтан загасны үлгэр-ийг уншиж уярч байсан нялх амьтны сэтгэлийг урлагийн бурхад тийнхүү Талынбулаг, Булгуудынх нь хэц, Төхөмийн цагаан нуураас урины шувуу шиг их хотын зүгт дуудан даллажээ. Өөрийнх нь хэлснээр чөдрөө тасдуулсан нь энэ. Ингэж л Сарваацуцахын хөндийд далбагар бүрх духдуулсан адуучин бололгүй, ардынхаа сэтгэл зүрхийг цэнгэн жаргаасан найрагч болж дээ, миний багш.

Гэтэл цаг хугацааны дараа, бурхны зураг төөрөг байсан чиг уу, молхи надад багшийнхаа дууг сонсох хувь тохиосон юм. Наян найман он шиг санагдана. Таван нас хүрч буй айлын том хүү надад аав минь эмээл төхөөрч өгч, морь унуулж сургалаа. Зургадугаар сарын аравдаар Хөшөөтийн голын минь адаг Тээг толгойн өвөрт багийн өдөрлөг болов. Ээж дээл хийж өгч, дөрвөн талтай тоорцгон малгай өмсгөлөө. Шинэ дээлтэй сүрхий амьтан морь унаж, аавыгаа даган багийн өдөрлөгт очлоо. Нутгийн ах нар, өвгөд хөгшид Бага Ноов, бага Ноов гээд явуулдаггүй шүү. Аавын хүү том эр болсныг амихандаа өхөөрдөө байлгүй. Ус нутгийн түмэн аавыг минь Норов гэхээсээ Адуучин Ноов гэнэ. Тэрхүү өдөрлөгийн үеэр аймгийн театрын уран бүтээлчид ирж улаан буланд урлагийн тоглолт үзүүлсэн. Нэрийг нь үл мэдэх дуучин залуу Мөөгөн хүрээ шөнөдөө дүүрмээр

Мөнгөн бороо намираад байна уу даа

Мөнхийн сарны мөнгөн гэгээнд

Миний л хонгор үзэгдээд байна уу даа хэмээн дуулах нь тэр ээ. Ингэж миний бие анх морин дэл дээр гаран, аргамаг хүлгийн хатираанд аавыгаа даган орчлонгийн сайхныг мэдэрч, чухамхүү эр хүн гэсэндээ голынхоо салхийг залгилан хийморь сэргэн явахдаа багшийнхаа дууг сонссон азтай нэгэн. Тэр жилийн хавар хангайн тэлмэгэр сайхан нуруу Бөхөн шарын тэргүүн дээр гарчихаад бууж явахдаа эл бяцхан дурсамжийг сөхөхөд Цоодол багш жигтэйхэн уярч Савхан хувингаа сарнаар тосоод

Сайхан хураас дээжийг нь авъя уу даа

Санасан чамайгаа хүрээд ирэхлээр

Сарны туяатай цайгаа чаная уу даа

Хөгшин тоорой шөнөдөө навчилмаар

Хөшгин бороо зүсрээд байна уу даа

Хөөрхөн оддын цагаан туяанд

Миний л хонгор харагдаад байна уу даа… хэмээн Идэр голын цээлхэн хонгор хөндийд дуулж явсан сан. Аливаа юм гэдэг учиртай байдаг юм билээ. Миний хүүгийн багшийн дуу гээд ээж минь Хөшөөтийн голын найран дээр Мөнгөн бороо-г асгаруулахыг сонсоод уйлмаар чиг болдог доо. Эл дууны үг, аялгуунаас сарны садарсан цагаан туяа асгарч, амраг хайрын ариун гэгээн бүхнийг амсуулах шиг болдог. Ай юу ч гэхэв дээ.

2

Манжааг гэнэт саналаа. Хүүхдээс өндөргүй өөртөө томдсон ээтэн монгол гутал, элбэгдсэн дээлтэй Манжаа минь. Түүнийг өдий олон жилийн хойно сэтгэлийн олон гуу жалга нэгжин дурсах юм гэж санасан ч биш дээ. Манжаагийн уг нэр нь Манал. Гэвч миний л мэдэхийн толгойтой болгон Манжаа Манжаа гэцгээдэг байлаа. Навсгар жаахан Манжаа элбэгдсэн дээл, томдсон гуталтайгаа зогсож байх нь модоор зорсон монгол шатрын ноёнорхуу бас ч хэвлүү гээд уншихад эрхгүй инээмсэглэл нүүрэнд тодорч, сэтгэл бүлээсээд ирдэг. Багшийнхаа Манжаад би ямар их хайртай билээ. Миний ойр дотны хүн шиг санагддаг юм. Манайх засгийн их адуутай ная ерэн гүү сааж, хүүхдүүд нь тусад орох нь байтугай нялхаараа байхад Майдар гэж хөгшин дүү бид хоёрыг ар өвөртөө үүрч дүүрч өсгөснийг санах юм. Майдар гуай бас л хээ шаагүй, амьтны инээд барсан хүн. Илүү гэрт борцолсон маханд утаа тавьж байгаа нь энэ гээд баахан аргал хөрзөн овоолж орхиод том гэрийн сүүдэр бараадаад хэвтэнэ. Нөгөө утаа май нь хэрээс хэтэрч гэрийн цаваг, ноолорсон шар эсгийд гал авалцан шатаж байхад Майдар гуай мэдсэн юмгүй, энэ чинь юун утаа вэ гэсэн шиг уужимхан суух энүүхэнд. Манжааг уншихаар Майдар гуай санаанд ороод бүдэг бадагхан дүр, хэнд ч гэмгүй номхон дөлгөөн уйлган харц нь үзэгдэх шиг болно.

Айл саахалтынхан Манжааг Манжаа гэвч хүндэлж хүлцээд байгаа биш, марзганан ахайлж гуайлаад байсан даг аа. Сайн уу Манжаа, таны наад нүүр ам яачихаа вэ. Саарал ухнанаасаа дээргүй харагдаж байх чинь. Очиж очиж ийм өмхий тос нүүрэндээ нялаад байхдаа яадаг юм бэ, та гэнэ. Манжаа аминдаа арга бодсон юм байх, хамууны тос хамаг нүүрээрээ түрхээд гоо сайхны тос хэрэглэсэн хүүхнүүдээс дутуугүй сэтгэл дүүрэн муу мод толгойгоо сорж хөхөж сууна. Уг нь Манжаа мод толгой дээрээ буухаар эр биш сэн дээ. Сайхан гаанстай байсан хүн. Маналын цагаан гэж нарийхан цагаан соруултай эрчүүл үнэ хаяж авах гэхээр зардаггүй, эцгээс үлдсэн юм ч гэдэггүй бүр өвөг дээдсийн юм үрж болохгүй гэсээр байгаад сумын төвөөс урагш айлын найранд очоод буцахдаа Төхөмийн дэрсэнд хаяад гаансгүй болж амарсан хүн хэмээн бүр сэтгэл рүү оруулж ирээд Манжаагаа түлхээд орчихно. Холоос хүн ирж аян замын сонин сайхан дуулгах шиг, божир борхон бидэнд богцноосоо чихэр бурам гаргаж ирээд аманд хүлхүүлэх шиг багшийн минь Манжаа тэргүүт элгэн халуун хүмүүс сэтгэлд ороод ирэхээр цээж дүүрээд явчихдаг билээ.

Хонины муухан мөлжсөн тойгорхуу хоовон толгойтой, үсээ ямагт тонгоргоор үргээлгэж, нэг талын шазуураа зууж ярих тул ээзгий үмхчихсэн юм шиг нэг хацар нь бумбайж буузгар дээрээ буузайгаад, ярих гэж удаан зуурч өгнө дөө. Тэгж явж зуураа хочтой болсон гээд ёстой нэг дурайтал зурах нь бий. Явах гэж зогсдог, ярих гэж зуурдаг агуу их Манжаагаас аваад Цоодол багшийн олон чиг зохиолынх нь дүрийг тодотгож яаж барах билээ. Зөвхөн дуулийнх нь дүрүүд гэхэд Бүрэнгийн хонхорт байтугай бүх Монгол даяар багтахааргүй л юм болно. Сэтгэлийн хөөрлөөр даваадуулж ч байгаа юм биш. Үнэн л тэр юм. Уужуу Дондог, Тэмээ Самдан, Тэнэг, Харамчийнхан, Ороо Эрэнцэн, Буруу Довдон бүгд л монгол зоны танил, нутаг нутагт нь байдаг дотно хүмүүс шиг санагддаг нь гайхмаар. Манжаагаас гадна Дунгаа гэж бас бий. Шажинбадрахын Дунгаа хэзээний хэвлүү эр аж. Хэдэн жил өмссөн юм хэзээ өмссөн юм, ерөөсөө энэ Дунгаагийн жаахан биений нэг хэсэг юм шиг гурав нугалсан цэнхэр бүрх ар шилэн дээр нь дэлбийхдээ дэлбийж, хийсэхдээ хийсээд салахгүй. Бас хөөргөж өмссөн дээлийн нь хормой жаал хүүхдийнх шиг оготор, шинэ сайхнаа байг гэхэд хуучны нүнжигтэй сайн наамлын тамтаг гэсэндээ эзэндээ сүр янз маяг нэмнэ үү гэхээс доош татахгүй ээтэн монгол гутал нь Дунгаагийн тухай бодсон хүний санаанд эхлээд ордог байна. За бүсийг ч нэг бүсэлдэг байж дээ. Хуучин, ялигүй хиртэй ч байхаа ядахгүй шар дурдан бүс ороож мөнгөн цохилууртай тамхины хавтагаа бүсэндээ ёс мэт хавчуулна. Тэр жаахан биенд нь баймгүй том дуутай. Шажинбадрахаасаа гарсан Дунгаа Далантүрүү, Дулааны голын айлуудаар исгэрэн өнөөх том дуугаараа Эрээ хэ борруу харцага минь уу хө гэж дуулан давхиж явдаг санжээ гээд уншихаар эрхгүй хоёр нүд нулимстаж, гэнэтийн баяр хөөрт умбаж, Далантүрүүний голд тоос татуулан яваа Дунгаагийн Эр бор харцага-ын аялгуу чихнээ сонсдоно. Ингэж л амьдын жаргал, амьдралын сайхныг бэлэглээд байгаа Хөеө, Хонины боол, Шар тэмээний нутаг-аас яаж салах билээ. Нулимс холоос харагдахгүй гэж эрдэнэ цогцлоосон судар байна. За тэгээд Талынбулагийн вант улс гэж аймаар юм бий дээ, базарваань.

Өнгөрөгч хавар юм, Талынбулагийн вант улс-аа гардаж авах гээд багш минь амихандаа баярлан том жижиг хоёр шавиа гэртээ дуудлаа шүү. Цоодолын том шавь бол үнэхээр том. Багшийн хэлдгээр ланжгар амьтан. Цэцэн ханы Жүмпэрэлийн Саруулбуян шүү дээ. Өөрийгөө Бурхан Халдуны урианхан гэж хэлэх дуртай эл эрхэм исгэлэн залуу наснаасаа их утга соёлын төлөө зүтгэж, дөчөөд ном хэвлүүлсэн гэхээр юу болох билээ. Би чинь агуу их Цэндийн Дамдинсүрэн, Амгаагийн Лувсандэндэв нарын хуучцуултай нэг цалингийн цэсэнд нэр бичигдэж явсан хүн шүү гэж нэгэнтээ хуучилсан сан. Хүрээд очтол Саруул ах ирчихсэн лүглийж сууна. Багш архи дарс, Цэвэлмаа эгч хоол унд болчихсон сууна. Сэлэнгэ пресс-ийн хэдийгээ хүлээн суухдаа бид жаргалтай байлаа. Тэртээ далаад оны эхээр Нутгийн зургаан өнгө-өө Явуу багшаараа өлгийдүүлэн энгэртээ наасан багш минь энэ амьдралд хичнээн номын ард гарч байгаа билээ.

Саруул талын ногоо, Алаглан харагдах уулс, Тогоруун цуваа, Алганы хээ, Он жил, Миний муусайн найз нар, Сөгдөж айлтгая, Зуун уулын цэцэг, Сарваацуцахын талаас тэргүүт яруу найргийн номууд, дээрээс нь миний дээр өгүүлсэнчлэн Хөеө тэргүүт хөрөг нийтлэл, үргэлжилсэн үгийн бүтээлүүд, мөн Алсаас залсан аршаан буюу яриа байхгүй сайхан орчуулгын номуудыг нэрлэж таарна. Готовын Аким абугайн Уяраан хайлгагч ертөнцийн их мэргэдийн бүтээлээс дуун хөрвүүлж түмэн олондоо уншуулна гэгч эгэл нэг явдал бус, дуун хөрвүүлж байгаа зохиолчийнхоо булгиад байгаа судсыг онохын эрдэм гэж дуу алдсаны хаагуур нь ч гарах билээ.

3

Гурван жилийн өмнө дөрвөн уул шиг дөрвөн дүнжгэр боть гарган бахдалтай нь аргагүй амсхийж суусан багш миньТалынбулагийн вант улс-аа хүлээж авах гээд жаахан хүүхэд адил хөл алдан байгаа нь бүхий л насаараа шинэ номын шим шүүсийг амталж ирснийх биз ээ. Талынбулагаа хурганы хүүхэд зүүрмэглээд бүсээ гээчихсэн юм шиг нарийхан булаг гэж яриан завсраа хэлсэн нь алмааз адил талстан цацраад явчихсан. Мөн гоё хэлж байгаа юм шүү золиг чинь гэж багшийнхаа өөдөөс хараад баярласаан, би. Тэрхүү вант улс-аа бүр холбооны бүгд найрамдах улс гэж томорч байна. Цоодолын бүгд найрамдах улсын түшмэдүүд гэвэл яриа байхгүй До.Цэнджав, С.Байгалсайхан, Т.Баасансүрэн, Г.Аким, Ж.Саруулбуян энэ хэд орно. Тэгээд муусайн найз нар нь болох Урианхай, Бадарч, Сүрэнжав, Дашням…гээд орж таарна. Банхар Пүүжээгээ, өнөө барам шиг Дамбаагаа, Долгорын Нямаа, Санжийн Пүрэвийгээ манай хүн байгаа гэж бодоод, улсынхаа харьяат л гэж үзнэ.

Богд хаант засгийн үед адуугаараа улсдаа айргийн тавд орж байсан Бүрэнгээс нь, дэлдэн чихт хонин тогоонууд гал дээрээс сална гэж үгүй, цагаанд суугаастай хөлс алдсан бүрхээр тогоон дээрээс ховхорноо номгүй, улаа бутарсан өвгөд гэрийн хоймор эзэгнэх Бүрэнгийнх нь намраас, Талынбулагийн вант улс-аас нь ардын зохиолч Дөнгөтийн Цоодолыг нэгээхэн хоромд салгаж үзэхийн нөхцөлгүй. Тэгж л ус нутагтайгаа, уртын дууч Ажаатайгаа нэгэн цул болсон хүн. Ажаа минь сайхан гэгч дуулдаг байсан. Бүрэнгийнхээ хонхрыг дүүртэл дуулдаг байлаа. Нутаг залгаа Өнжүүл, Дэлгэрхаан, Дундговийн Эрдэнэдалай гээд л Ажаагийн минь дуу шингээгүй уул ус ховор. Түмний эх, Амбан сэцэн хааны хүлэг гэсэн дуунуудыг ихэвчлэн дуулдаг байлаа. Хэд хоног найрласан ч дуу дахиж дуулдаггүй хүн байж дээ гэх ярианаас Дөнгөт Ажаагийнх нь дүр төрх бууж, уужим цээлхэн уянгат хоолой нь ханьсаад ирдэг. Ажаагаа дагаж айлын найр хэсч явахдаа хожим олон чиг зохиолынхоо санаа сэдлийг ургуулж олсон байдаг.

Харамчийнхны дууль нь их алдаршсан шүү дээ. …Унахын учиргүй хоёр сайхан хархүү ургахын улаан нарнаар хоёулаа унасан гэдэг юм. Хамгийн хүнд цагт эх орон танаасаа харамчийнхан амиа бас харамласангүй гэх төгсгөлийнх нь мөрүүдийг уншихад хоолойд нэг юм тороод ирдэг. Дуулийг ингэж л амьдралтай, үнэн, утга төгс урлаж гаршсан хүн л дээ. Чойжилжавын Билигсайхан доктор Монгол найргийн тамгатай түшээ хэмээн зарлахдаа дуулиудыг нь онцолсон санагдана. Тэгвэл Харамчийнхнаа Ажаатайгаа явж байгаад олсон гэдэг. Нэг муу засаатай үрээ нь хэдэн байдас хөөгөөд алга болчихож л дээ. Эрдэнэдалайд сураг нь гарсан байна. Эрдэнэдалай, Бүрэн хоёр Булгуудын хярын ар, өвөрт байгаа хоёр сум. Тэр жил багшийн ардын цолны цайллага дээр Раш гуай Цоодол бид хоёр, нэг хонхрынх гэж хэлсэн нь учиртай л үг. Эрдэнэдалай чухамүү айраг адууны орон. Олон ч айлаар орсон нь мэдээж. Ажаа нь аанай л Түмний эх-ээ тавиад салдаггүй. Дундаа хоёр том зэл татсан айлууд адуу мал нь багшраастай байсан. Ухаандаа, тэндээс л нэг юм олсон гэдэг. Харамчийнхан гэж хэлж буй нь өнөө айлууд чинь дандаа л айраг сөгнөчихсөн. Жаалхан хүү би цайгаа санаж яваа. Айргаар сайн хоолшихгүй байдаг. Дээр нь өнөө айлын чинь бүдүүн хүрэн хүүхнүүд огт гутал өмсөхгүй юм. Хүүхдүүд нь ч хөл нүцгэн. Хүмүүс найрлаж байтал нэг авгай учиргүй уйллаа. Хүү минь амьд байсан бол өдийд ингээд найрлаж байхгүй юу гээд л. Хүүгээ дайнд алдсан эх юм байна. Энэ явдлыг бодож би Харамчийнхны дуулиа бичсэн гэв. Голомтны Жангар гэж багшийн бас нэг гоёхон дурдатгал бий. Түүний гол дүр Гонгор хатир жороо улаан шаргал морьд унадаг цэцэн цэлмэг залуу. Энэ Гонгор буюу Голомтны Жангар багшийг минь шооч, хэнийг ч гэсэн оносон үгээр цэцэн цэлмэг шоглохын үлгэрийн үзүүлсэн болов уу. Дүрэлзсэн алаг нүд, адуун цагаан шүдтэй, эр цээжний өтгөн хүдэр дуутай мань эр мэдээж Бүрэнгийнх нь найрын бас нэгэн дууч. Цаана нь Нарангийн Тэрбиш гэж алдарт ерөөлч байсныг мартах учиргүй. Халх даяар цуутай Тэрбиш гуайг ерөөл айлтгахыг биеэрээ мэдэрч өссөн хүн нь Цоодол багш мөн юм. Өнөөх Жангарыг найран дээр орж ирээд төдхөн нийлэн Арханхан хөвчийн унага нь агсанхан болоод жороо доо. Амраг жаахан түүнийхээ аашинд нь болоод мордлоо гэж тасхийхэд нь тулга тогоо айргийн хул ханхийж, таанын айрганд шалчийж гүйцсэн найрчны хөлчүү дорхноо гарчих шиг болоод олон хүний нулимс зэрэг зэрэг цийлдэг байсан гэх.

Мөлжсөн яс шиг Жамц

Мөргөдөг бух шиг Чүлтэм

Бүдүүн хошного шиг Даржаа

Нарийн гэдэс шиг Халдиа

Тэнэх нь хэтэрсэн Агаруу

Тэнэг нь хэтэрсэн Ёндон

Айрагны борви шиг Балжин

Алтны үртэс шиг Сугар…гээд тоочиход нь алив юмыг сайн ухахгүй бяцхан би хүртэл онож хэлсэн үгэнд нь аргагүй биширч явсан сан. Алтны үртэс шиг Сугар гэдэг нь нээрээ л нэг үс нь хүртэл шар, шав шар хүн. Бүдүүн хошного шиг Даржаа гэдэг нь оймсны түрий хүртэл эргэчихсэн далбаж явдаг сал сул эр тэгж хэлүүлэхээс өөр яахсан бэ. Нисч бууж явсан эрх зоргоороо тэр хархүү миний хувьд бол голомтыг минь балласан бус бяцхан авьяасны минь үрийг ээн төлжүүлж өгсөн нутгийн олон авьяастны нэг юм гэж өөртөө наалдуулан хэлж билээ. Ар халхын сэргэлэн Дугжаа буюу Самбажавын Дугаржав гэж золбоотой хөгшин Еэ гэгээн минь, Хар барам чинь гээд урсгахаар ёстой нэг буйлуулж өгнө. Тэр жил Бүрэндээ очоод Дэрсэнхашаатад ганц гэрээр хэдэн гүүгээ барьчихсан, уралдаанд үрээ сойчихсон, сэргэлэн алаг нүд нь цоолгоноод урьдынхаараа байх Дугжаагийнхаа гадаа буусан гэдэг. Дугжаагаа яриулах гэж, цааш нь жаахан явуулах гэж Цо аваргын хорхой нь хүрч очсон нь тэр л дээ. Еэ гэгээн минь Дөнгөөгийн маань хүү мөн үү. Саяхан л хурдны морь унаж явсан юм сан. Хэдийдээ ар нуруундаа цүнхтэй, алаг нүдэндээ цонхтой, алба даягийн хүн болчих нь энэ вэ гэж угтаад, ах нь яахав хуц ухна аятай хонь ямааны сүүл хараад л, хувин сав аятай айраг архи горьдоод л салгалж явна хэмээн угтсан гэдэг. Үгүй ээ, мөн цэцтэй эр байгаа биз.

Донхор хэмээн алдаршсан хочноосоо эхлээд эрийн нь хэц мэдэгдэх Дамбачүлтэм, Алтан аягат хаан буюу Жамсрангийн Самбуугийн багын найз тэнэг Зундуй, Их толгой Чимиддорж буюу Буваа, Тарвагатын энгэрт хамтдаа хадлан хадаж, үүл урагшаа нүүсэн намрын зэвэргэн өдөр хуучин майхныхаа гадаа багшийг сургуульд нь үдэж далласаар хоцорсон ноорхой дээлтэй Балжаа… энэ хэдэн өвгөдөөс нь, Ажнай, Өндөр магнай, Талынтолгой, Шаргатолгой, Улаантолгой, Баян-Уул, Цахиурт, Арслан гээд чухамхүү өөрийнх нь хэлснээр бурхны тэмээ туйлахдаа талаар нэг том бага мөнгөн аяга тараан хаяж тэр бүгд нь хөмөрч тогтсон юм шиг бөмбийсөн олон ухаа толгодоос нь би энэхэн насандаа сэтгэлээ салгаж чадахгүй ээ. Цоодол гэдэг Бүрэнгийн, Талынбулагийн вант улс-ын нээж барагдахгүй, туулж барахгүй ертөнц ажгуу.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *