Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгчийн хоригийг дахин байнгын хороод руу шилжүүллээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар 2019 оны төсвийн төсөлд Ерөнхийлөгч Х.Баттулгын тавьсан хоригийг хэлэлцэж эхэллээ. Уг асуудлыг үдээс өмнө хэлэлцэх байсан ч ирц бүрдэхгүй байсан учир УИХ дахь Ардчилсан намын бүлэг хоёр цагийн завсарлага авсан юм. Хуралдаанд Ерөнхий сайд болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар оролцож гишүүдийн асуултад хариулт өгөх ёстой ч хуралдаанд оролцсонгүй.

Ерөнхийлөгч төсөлд бүхэлд нь хориг тавьсан байснаа цуцалж хэсэгчилсэн хориг болгож үдээс хойшхи чуулганы хуралдаанд оруулж ирлээ.

Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд “”Монгол Улсын төсөв бол өнөө маргаашийн өчүүхэн эрх ашигт үндэслэх ёсгүй, хэтийн ололт, үр дагавар, эрсдэлийг тооцсон нэгдмэл бодлого, улс орны эдийн засгийн тусгаар тогтнол, хараат бус, бие даасан байдлыг хангах нэгдсэн зорилтын хүрээнд батлагдах ёстой Монгол төрийн бодлого мөн. Монгол Улсын 2019 оны төсвийн талаар Улсын Их Хурлын дарга өөрийн байр суурийг илэрхийлэхдээ Тамгын газрынхаа төсвийн зардлыг 10 хувиар бууруулахаа мэдэгдэж, төсвийн зардлаа 10 хувиар бууруулахыг төрийн бүх шатны байгууллагад уриалсан, энэхүү уриалгыг Ерөнхийлөгчийн хувиар дэмжиж, хэмнэлтийг 15 хувьд хүргэх, хэмнэсэн хөрөнгөөр уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх, тухайлбал 170 мянган ажилсаг малчин өрхийн жил бүр үйлдвэрлэдэг мал аж ахуйн түүхий эдийг боловсруулж экспортлох “аж үйлдвэрийн комбинат”-уудыг санхүүжүүлэх, зураг төсөлгүй хууль зөрчин тусгагдсан барилга байгууламжуудыг төсвөөс хасах, төсвийн байгууллагуудын хэт үрэлгэн зардлуудыг танах, чиг үүрэг нь давхардмал, эрхлэх асуудал нь тодорхойгүй дэд сайд, орлогч дарга гэх мэт албан тушаалуудыг цомхотгох зэрэг тодорхой санал, санаачилгууд гаргасан. Үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүнээс гаргасан маш тодорхой уриалга, санаачилгыг Улсын Их Хурлын гишүүд хүлээн авч, төсвөө чамбайруулахын оронд зураг төсөлгүй барилга, арга хэмжээг нэмэх, “гишүүний мөнгө”-ийг 5 тэрбумаас 8 тэрбум хүртэл өсгөх, Улсын Их Хурлын даргын төсвийг 15 орчим хувиар нэмэгдүүлэх зэргээр улам дордуулж, 42 гишүүний ирцтэйгээр хуралдан, 26 гишүүний саналаар улс орны “хөгжих эсвэл хямрах”-ын үндэс болдог төрийн чухал бодлогыг нэн хариуцлагагүй баталж байгаа нь Улсын Их Хурлын өнөөгийн бүрэлдэхүүний үйл ажиллагаанд эргэлзэх хандлагыг улам лавшруулж, улс төр, нийгэм, эдийн засгийн хямралыг бодитой болгох ноцтой үр дагаварт хүргэхээр байна. Түүнчлэн төсөв батлахад Улсын Их Хурлын 33 гишүүн оролцоогүй, батлагдсан төсөвт хууль зөрчсөн, улс орны хөгжлийн бодлогод нийцээгүй олон асуудал тусгагдсан зэрэг нь “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн Үндсэн хуулийн үзэл санаа, зохицуулалтыг бүрэн зөрчигдсөн гэж дүгнэхэд хүргэж байна.Тиймээс төсвийн бодлогоо эргэн харж, улс орны эрх ашгийг дээдэлсэн, сахилга бат хариуцлагыг эрхэмлэсэн, хэмнэлттэй, үр ашигтай төсөв батлах, хууль зөрчсөн, улс орны хөгжлийн бодлого, зорилтод нийцэхгүй дараах асуудлуудыг засах зайлшгүй шаардлага байгааг Улсын Их Хуралд дахин сануулж, хориг тавихаас өөр аргагүйд хүрч байна” гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулах УИХ-ын гишүүд “Ерөнхийлөгч шинэ нөхцөл байдал үүссэн учраас тавьсан хоригтоо тодотгол хийж болох уу. Энэ асуудал нь маш ойлгомжгүй байдлыг бий болгож байна” гэж шүүмжиллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *