“Бичил уурхайчдын хувьд “нинжа” нар болон хувиараа алт олборлогчдоос ялгарах зүйл нь тэд албажиж нэгдсэн зохион байгуулалтад орж, нөхөрлөлийн хэлбэрт шилжсэнээр хүний эрхийн хувьд эрхээ хамгаалуулах эрх зүйгээр хангагдсан” гэдгийг өнөөдөр “Бишрэл” зочид буудалд болсон “Хүний эрхэд суурилсан бичил уурхай” уулзалт хэлэлцүүлэг дээр онцолж байв.
Үндэсний статистикийн хороо, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төслөөс хийсэн судалгаагаар бичил уурхайн үйл ажиллагаанд оролцож буй эмэгтэйчүүдийн тоо 2012 онд 3915 байсан бол 2016 онд 2301 болж буурчээ. Үүнийг бичил уурхайн ажлын нөхцөл хүнд, өвлийн хүйтэн, зуны халуунд тогтмол ажилладаг зэргээс болж цөөрсөн гэж үзэж байгаа боловч бас зарим бичил уурхай өргөжиж үйл ажиллагаагаа тэлж, зөвхөн алт олборлох бус ногоо тарих, туслах аж ахуй эрхлэх болсонтой холбоотойгоор эмэгтэйчүүд өөр ажилд шилжиж байгаатай ч мөн холбож байна.
Бичил уурхайн үйл ажиллагаанд оролцогчдын статистик мэдээлэл, судалгаанд нийт 12 мянга шахам иргэн хамрагдсанаас 9596 нь бичил уурхайн үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцдог, 2366 иргэн бичил уурхайчдын ам бүлийн гишүүд байна.
Хүний эрхийн Үндэсний комиссоос зохион байгуулсан уулзалт дээр Швейцарын Хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай төсөл”-ийн дэмжлэгтэйгээр 2015-2018 онд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос бичил уурхай дахь хүний эрхийн асуудлаар хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар хэлэлцүүлэг өрнүүлж, цаашдын чиг хандлагын талаар ярилцлаа. Энд төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, ХЭҮК-ын 21 аймаг дахь ажилтнууд, Монголын Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны гишүүд, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцов.