Нийтийн тээвэр буюу Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо(ТОАҮАХ)-ноос өнөөдөр мэдээлэл хийж, хувийн хэвшлийн 17 компанийн автобусууд үйлчилгээнд явах боломжгүй болж байгаагаа дуулгалаа. Учир нь нийтийн тээврийн компаниуд шатахууны үнийн өсөлтөөс үүдэн алдагдал хүлээсээр байгаа бөгөөд шатахуун нийлүүлэгч компаниуд цаашид зээлээр олгох үнийн дүнгээ өсгөх боломжгүй, зарим нь зээлээр олгохгүй гэдгээ албан бичгээр мэдэгджээ. Тодруулбал, 2015 оноос нийтийн тээвэрт ухаалаг үйлчилгээ нэвтрүүлснээр нийтийн тээврийн санхүүжилтийг “Машин цагийн зардал” хэмээх хэмжүүрээр тооцон олгох болсон бөгөөд энэ мөнгийг 2017 оны есдүгээр сараас 30,672 төгрөг болгосон байдаг. Гэвч өнөөдөр дизель түлшний үнэ 2,390 төгрөг болсноор нэг машин цагийн бодит зардал 39,736 төгрөг болчихоод байгаатул өртгөөсөө хямд санхүүжилтээр үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болж буйг ТОАҮАХ-ны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэн ярилаа. ТОАҮАХ-ны тооцоолсноор 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дээрх 17 компанийн зөвхөн шатахууны үнийн зөрүүнээс хүлээж буй алдагдал 5.12 тэрбум төгрөгт хүрчээ. Үнийн зөрүүнээс үүссэн алдагдал 2018 он гарч, шатахууны үнэ нэмснээс хойш бий болжээ. Ийнхүү алдагдал үүссэн тул Машин цагийн зардлыг шинэчлэн тогтоох Ажлын хэсэг, НИТХ-аас баталсан Журамд өөрчлөлт оруулах Ажлын хэсэг томилогдон өнгөрсөн тавдугаар сард дүгнэлтээ бэлэн болгожээ.