Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Инвест Монголиа”-д оролцсон хөрөнгө оруулагчид засгийн тогтворгүй бодлогыг шүүмжлэв

“Эдийн засаг сайн муу, төр засаг хямарсан, хямраагүй ямар ч үед таслахгүйгээр зохион байгуулсаар өнөөг хүрсэн арга хэмжээний нэг нь “Инвест Монголиа”. Япон хүн нэг барьж авсан юмаа уйгагүйгээр хийдгийн жишээ л дээ. Өнөө жил өмнөх онуудад яригдаж байсан асуудлууд яг хэвээрээ нь анзаарагдлаа. Дахиад л юу болоод байгаа тухай хүмүүст дэлгэрэнгүй ярьсан арга хэмжээ болж өнгөрлөө. Яг өдийд засгаа огцруулах уу, үгүй юу гэсэн яриа ид өрнөж байна. Төр засгийнхан хуйгаараа нийтийн хөрөнгийг завшсаар ирснийг илрүүлчихлээ. ЖДҮХС-г тойрсон үйл явдал дэндүү харамсалтай, итгэл эвдсэн хэрэг болсон ч том утгаараа Монгол бол ардчилсан улс гэдгийг харуулсан нотолгоо. Тэгэхээр дараагийн төр засаг ийм алдаа хийхгүй байх. Хувийн хэвшилдээ илүү боломж өгөх болов уу” хэмээн “Дефакто” институтийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан ярилаа. Тэрээр Токиод энэ сарын 19-нд болсон “Инвест Монголиа”-д Монголын талаас оролцогчдын нэг юм. 300 гаруй хүн бүртгүүлснээс 250 гаруй нь зорьж ирсэн өнөө жилийн “Инвест Монголиа”-д Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ирэх байсан ч тодорхой шалтгааны улмаас оролцох боломжгүйд хүрсэн гэх мэдээллийг зохион байгуулагчдаас авлаа. Ер нь өмнөх жилүүдийн арга хэмжээнд төр засгийн төлөөлөл өндөр ач холбогдол өгч оролцохдоо хойрго ханддаг тухай чуулганыг сонирхохоор ирсэн монгол залуус ярьж байв.

Энэ өдөр “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал П.Ганхүү Монголын эдийн засаг, уул уурхайн салбарын тухай тойм илтгэл тавьсан бол Үндэсний хөгжлийн газрын Удирдах зөвлөлийн дарга Б.Баярсайхан бизнес, эдийн засгийн ямар ч арга хэмжээнд тавьдаг “Хөрөнгө оруулалтын орчин” сэдэвтэй илтгэлээ тавьсан юм.Николас Эдвардс Инвестмент компанийн захирал Ник Эдвардс “УИХ, Засгийн газрын тогтворгүй бодлого хөрөнгө оруулагчдын анхааралд байна. Байсхийгээд хуулиа өөрчлөөд байвал хөрөнгө оруулалт татахад хэцүү. Ийм нөхцөлд хэчнээн таатай нөхцөлтэй ашигтай төсөл байгаад ч хэрэгжих боломжгүй. Засгийн газрын төлөөлөл энэ удаагийн арга хэмжээнд идэвхтэй оролцсонгүй” хэмээн онцоллоо. Засгийн газраас сайдын хэмжээний өндөр оролцоогүй өрнөсөн “Инвест Монголиа”-д илтгэл тавьсан төрийнхний хувьд үдээс хойших хуралдаанд оролцсонгүй. Ямар ч форум, арга хэмжээний төгсгөлд хөрөнгө оруулагчид санаа оноогоо нэгтгэж хүргэдэг онцлогтой. Энэ удаа хөрөнгө оруулагчид өөр зуураа санаа шийдлээ хуваалцаад тарцгаасан юм.

Д.ЖАРГАЛСАЙХАН: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТЧИХААД АМЛАСНААСАА БУЦАЖ БОЛОХГҮЙ

Эдийн засагч Д.Жаргалсайханаас хөрөнгө оруулагчид ямар асуудалд илүүтэй анхаарч, санаа зовниж байгаа тухай тодруулахад “Бодлогын тогтворгүй орчинд санаа зовж байна. Миний сая онцолдог сэргээгдэх эрчим хүчний асуудалд санаа оноо хэлж байна. Монголын төр сэргээгдэх эрчим хүчийг тодорхой үнээр авна гэж хуульдаа тусгачихаад баахан хөрөнгө оруулагч мөнгөө бариад ороод ирэхээр уучлаарай, бид цаашид цахилгаан авч чадахгүй нь гэж хэлнэ гэдэг бол бодлогын алдаа. Хөрөнгө оруулагчид эрчим хүчний салбарт татаас өгнө гэдэг маш буруу гэж ярьж байна. Энэ салбар хөрөнгө оруулалтгүйгээс болж дампуурч байгаа нь үнэн. Хуучин, элэгдсэн хэдэн станцаа сэргээнэ гэдэг байж боломгүй зүйл гэж байна. Ингэж ярихаас аргагүй л дээ. Тэгэхээр энэ хүмүүсийн дуу хоолойг сонсох хэрэгтэй” гэсэн хариу өгөв.

Чуулганд оролцсон хөрөнгө оруулагчдын 90 орчим хувь нь япончууд байсан юм. “Инвест Монголиа”-г зургаан жилийн турш Токиод болон Монголд зохион байгуулж буй Маса Игатагийн сэтгэгдлийг сонслоо. Тэрээр “Манай чуулганд оролцдог хөрөнгө оруулагчид жил бүр Монголын улс төрийн тогтвортой эсэх тал дээр анхаарал хандуулдаг. Харамсалтай нь жил ирэх бүр улс төрийн тогтворгүй байдал улам эрчимжээд байна. Тийм учраас хөрөнгө оруулагчид том хөрөнгө оруулалтаас татгалзаад эхэлчихлээ. Улс төрийн нөлөө оролцоо их учраас том мөнгө хийхээс болгоомжлох нь аргагүй л дээ.Салбар салбарын хүмүүс оролцлоо. Банк санхүү, үл хөдлөхийн салбарынхан ирлээ. Интернэтэд суурилсан бизнесийн боломжуудыг судалж байгаа нь анзаарагдлаа. Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх тал дээр япончуудад өндөр сонирхол байна” хэмээн ярив.

ШАР АЙРАГ УУДАГ ҮХЭР, УСАН ДЭЭР УРГАДАГ НАРИЙН НОГОО

Чуулга уулзалтын үеэр Японы хөрөнгө оруулагчид болон наран улсад бизнес эхлүүлээд амжилттай яваа монголчуудаас чихэнд чимэгтэй олон санал гарч байсан юм.

Японы хөдөлмөрийн зах зээл барилгачин, сувилагч, буудлын үйлчилгээ гэх мэт биеийн хүч шаардсан салбартаа ажилчдаар ангаж эхэлжээ. Насжилт нэмэгдсэн, хөдөлмөрийн насны залуус нь хүч шаардсан хөдөлмөрөөс зугтаж технологийн чигийн өндөр мэргэшил шаардсан ажил руу тэмүүлэх хандлага давамгайлах болж. Ийм шалтгаанаар гаднаас ажиллах хүч авах хэрэгцээ тулгамдсан асуудал нь болчихож. Монголоос эрэлттэй салбарт оюутнууд дадлагажигчаар ажиллуулах, төгссөн хойноо шалгуурт нь тэнцвэл шууд үндсэн ажилтан авч эхэлжээ. Энэ чиглэлд зуучилж ажилладаг компани ирэх оноос эрэлттэй салбаруудад 35 хүртэл насныхныг ажиллуулах талд төсөл хэрэгжүүлэх гэнэ. Япон хэлтэй, эрэлттэй салбарт нь мэргэжил эзэмшсэн бол таван жилийн дараа визийн илүү хөнгөлөлттэй нөхцөлөөр арлын орныг зорих боломж ч яригдаж байгаа юм байна.

Монгол үхрийн үнэлгээг 20 дахин өсгөх боломжтой. Японы вагүй үүлдрийн үхрийг Монголд үржүүлэх бизнес санаа анхаарал татав. Шар айраг ууж, тусгай тэжээл идэж, сонгодог хөгжим сонсч, нэг хэвийн температуртай орчинд тухалдаг энэ үүлдрийн үхрийн мах дэлхийд хамгийн тансаг зэрэглэлд ордог гэнэ. Стресстээгүй малын мах гэдэг утгаараа хаана ч өндөр үнээр экспортлох боломжтой юм байна. Хөрсгүйгээр ногоо ургуулах төслийг хэсэг монгол залуус тун удахгүй эх орондоо хэрэгжүүлэх тухай мэдээ ч дуулдлаа. Хүлэмжийн нөхцөлд усан дээр төрөл бүрийн нарийн ногоо тарьж ургуулах арга Японд дэлгэрээд байгаа аж. Шинэ технологийн олзуурхмаар шийдлүүд ч өчнөөн сонсогдов. Уул уурхайд усны хэрэглээ олны анхаарлын төвд байдаг. Уснаас элдэв бодис, бохирдлыг нь ялгаад авчихдаг технологийн патентыг авсан хүн “Инвест Монголиа”-г зориод иржээ. Уснаас тос гаргадаг технологийг ч Монголд нэвтрүүлэх боломжтой тухай яриа энэ үеэр өрнөсөн юм. Зүүн хойд Азийн орнуудыг Монголоос сэргээгдэх эрчим хүчээр хангах Азийн супер сүлжээ төсөл хэрэгжвэл манай улсыг технологийн том төв болно гэсэн хүлээлт хөрөнгө оруулагчдад төрсөн нь анзаарагдаж байлаа. Уг төсөл хэрэгжвэл Японд хэрэгжиж буй шинэ технологиудыг Монголын бүх салбарт хэрэгжүүлж, нутагшуулахад асуудалгүй гэсэн хүлээлт үүсчээ. “Инвест Монголиа”-гийн зохион байгуулагч Маса Игата “Монголын хувьд нар, салхины байгалийн цэвэр энергийг ашиглаж эрчим хүч үйлдвэрлэх бүрэн боломжтой. Газар зүйн тийм давуу тал бий. Үүнийгээ ашиглаж чадвал дотоодоо төдийгүй, хоёр хөршөө, цаашлаад зүүн хойд Азийн улсуудыг хангах бүрэн боломжтой. Софтбанк ойролцоогоор 30 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн. Саудын Арабад100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Гучин сая ам.долларын хажууд хамаагүй их мөнгө. Энэ хөтөлбөр хэрэгжээд амжилт олвол Японы зүгээс нэмж хөрөнгө оруулалт хийх боломж мэдээж байгаа” хэмээн ярьсан бол Д.Жаргалсайхан “Монголоос харьцангуй бага зардлаар хамгийн том экспорт хийх агуу боломж бол нар, салхины эрчим хүчийг Азийн сүлжээнд оруулж Японд экспортлох. Энэ боломжийн тухай ярьсан нь Инвест Монголиа-гийн бас нэг онцлог байлаа. Японы том компаниудын нэг Софтбанк энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийгээд эхэлчихсэн. Энэ компани Азийн супер сүлжээг 2020 он гэхэд хийчихнэ гэж ярьж байна. Товчхондоо Инвест Монголиа хөрөнгө оруулалтын чуулган Монголд ямар их боломж байгааг харуулсан үйл явдал боллоо” гэж ярилаа. Харин Монголын Бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайхан “өнөөдрийн хувьд Японы Софтбанк, Шарп зэрэг тэргүүлэх компаниуд Монголын сэргээгдэх эрчим хүчний зах зээлд хэдийнэ 200 гаруй сая долларын хөрөнгө оруулаад явж буй. Монголд боломж өндөр гэдгийг эдгээр компаниудын хөрөнгө оруулалтын хэмжээ баталж байна. Гагцхүү Монголд энэ салбарын бодлого, хуулийн орчин тогтвортой байгаасай гэж хүсч байна. Байнга өөрчлөгдвөл зардал нэмэгдэх эрсдэлтэй, улмаар хөрөнгө оруулалт ашиггүй болж, сонирхол буурна гэж тэд ярилаа” хэмээн онцолсон юм.

ИТГЭЛ ТӨРҮҮЛСЭН АЗИЙН СУПЕР СҮЛЖЭЭ

“Инвест Монголиа”-гийн үеэр Япон, Монголын эдийн засгийн харилцааны төлөв, хөрөнгө оруулагчдыг татахын тулд хийх алхмууд, улс төрийн эрсдэл, бодлогын тогтворгүй орчны эрсдэл, хөрөнгийн зах зээлийн хамтын ажиллагааны хэтийн ирээдүй, хөрөнгийн зах зээл дэх Японы хөрөнгө оруулагчдын боломжууд, хөдөө аж ахуйн салбар дахь бизнес боломж, хууль эрх зүйн шинэчлэл, санал болгох чухал шийдлүүд гэх мэт сэдэв дор хэлэлцүүлгүүд өрнөсөн юм.Түрүү жилүүдэд ч энэ сэдвүүдийн дор хэлэлцүүлэг өрнүүлж байв. Өнгөрсөн жилүүдэд онцгойлж хөндөөгүй сэдэв нь Япон, Орос, Хятад, Өмнөд болон Хойд Солонгосыг холбох Азийн супер сүлжээ төсөл байлаа. Тусгай салбар хуралдаан зарлаж ярьсан энэ төслийг Японы хөрөнгө оруулагчид яагаад сонирхож буйг өмнө цухас тайлбарласан. Зүүн хойд Азийн эрчим хүчний хамтын ажиллагаа, нэгдсэн сүлжээний тусгай хуралдааныг Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайхан даргалж явууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ талаар гаргасан санаачилгыг Японы бизнесүүд сонирхож, дэмжиж байгаа нь анзаарагдав. Монголын талын хийж буй судалгааны урьдчилсан үр дүнг хөрөнгө оруулагчид сонссон юм. Японы сэргээгдэх эрчим хүчний хүрээлэнгийн гүйцэтгэх зөвлөлийн дарга Томас Кабергер, “RSB энержи” корпорацийн ерөнхий захирал, Софтбанк группийн гүйцэтгэх захирал Шингеки Мива нар супер сүлжээг онцолсон хуралдааны гол оролцогчдын нэг байлаа.

Зүүн хойд Азийн бүс нутгийнхний хамтрах энэ төслийн тухайд Монгол, Япон, Хятад, Орос, Солонгосын хооронд удахгүй улс төрийн итгэл, ойлголцол бий болж, бизнесийн хамтын ажиллагаа эхэлнэ гэдэг итгэл Японы бизнес эрхлэгчдэд байгаа нь хэлсэн үг, тавьсан илтгэлээс нь тод харагдаж байсан юм. 2020 оны Токиогийн олимп гэхэд энэ төслийн эхний шатыг эхлүүлнэ хэмээн зарим компаниуд илтгэлдээ дурдлаа.

Б.Бямбасайхан “Монголчууд Японы технологи, стандартад итгэж, дассан. Made in Japan гэдэг бол чанарын баталгаа болчихсон. Эрчим хүчний шинэ технологийн үйлдвэрийг Японоос Монголд нэвтрүүлэх талаар хөрөнгө оруулалтын чуулганаар хэлэлцлээ. Японы компаниуд энэ талаар сонирхож байна. Японы банк санхүүгийн байгууллагууд ч мөн сонирхож байгаа нь илт анзаарагдлаа.Хэдийгээр манай улсад өнөөдөр хөрөнгө оруулалтын орчин хүнд, улс төрийн тогтворгүй байдалтай байгаа ч, урт хугацаандаа нар салхины эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгож, бүс нутгийн зах зээлд нийлүүлэх нь Монгол болон бусад орнуудад ашигтай хэмээн Японы мэргэжлийн хүмүүс үзэж байна. Бүс нутгийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн зах зээлийг бий болгож, таван улсын хамтарсан компани байгуулж, хөрөнгө оруулалт хийх сонирхолтойгоо Японы компаниуд илэрхийлж байна. Монгол Улсыг энэ талаар цаашид манлайлан оролцохыг уриаллаа” гэж онцолсон юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *