Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхий ассамблейн 87 дугаар чуулган АНЭУ-ын Дубай хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр тус байгууллагад шинээр гишүүн улс элсүүлэх асуудлыг хэлэлцэж, Бүгд Найрамдах Вануату Улс нийт гишүүдийн 94.4, Бүгд Найрамдах Кирибати Улс нийт гишүүдийн 96.5 хувийн дэмжсэн санал авснаар Интерполын 193, 194 дэх гишүүн улсаар элсжээ.
Цагдаагийн ерөнхий газрын дарга,цагдаагийн хурандаа С.Баатаржав тэргүүтэй төлөөлөгчид Интерполын чуулганд оролцож байна
Чуулганы хүрээнд Интерполын Гүйцэтгэх хороонд Европ тивийг төлөөлсөн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа ОХУ-ын Интерполын Үндэсний төв товчооны дарга, цагдаагийн хошууч генерал Александр Прокопчук, БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын Тэргүүн дэд дарга бөгөөд БНХАУ-ын Интерполын Үндэсний төв товчооны дарга, хурандаа генерал Дуан Дачи нартай тус тус уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр хоёр орны цагдаагийн байгууллага болон Интерполын “Хослуулан нөхөрлүүлэх” төслийн хүрээнд Үндэсний төв товчоодын хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, гэмт хэргийн талаарх мэдээ, мэдээллийг шуурхай солилцох, хүн худалдаалах, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр алба хаагчдыг сургаж мэргэшүүлэх, техник технологийн дэмжлэг авах талаар санал солилцлоо
Мөн Косово тус олон улсын байгууллагад гишүүнээр элсэх хүсэлт гаргасан асуудлыг хэлэлцэж, хоёр удаа санал хураасан боловч нийт гишүүдийн гуравны хоёрын олонх дэмжээгүй тул Косово Интерполын гишүүн болж чадсангүй. Косово нь Интерполд гишүүнээр элсэх хүсэлтээ анх 2015 онд гаргаж байсан бөгөөд тодорхой шалтгааны улмаас уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийг хэд хэдэн удаа хойшлуулж байсан юм.