Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз багт байшин шатаж байна гэсэн дуудлага энэ сарын 19-ний өдрийн 11:51 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 11:56 цагт очиж, 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 17 минут ажиллаж унтраасан байна.
Хүйтний улиралд объектын болон ахуйн түймэр гарах магадлал ихэсдэг талаар албаныхан хэлж байна. Тиймээс нийт ард иргэдэд галын аюулгүй байдлыг чанд сахин биелүүлэх, харуул хамгаалалтын сонор сэрэмжийг сайжруулах, тамхи шүдэнзнийхээ галыг бүрэн гүйцэд унтрааж байх, галтай үнс нурмыг ил задгай асгахгүй байхыг анхаарууллаа.
Мөн хялбар шатах шингэнийг буруу ашиглаж орон гэртээ хадгалахгүй байх, гэрийн цахилгаан шугамын ачааллыг хэтрүүлж хэрэглэхгүй байх, зориулалтын бус халаалтын хэрэгслийг ашиглахгүй байх, пийшин зуухны галлагаа болон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт угсралтын дүрэм зааврыг зөрчихгүй байхыг зөвлөж байна.