Categories
мэдээ улс-төр

Байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзлаа

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд, хүлээн авахаас татгалзлаа.

УИХ-ын энэ сарын 2-ны хуралдаанаар ирэх оны төсвийг баталсан. Монгол Улсын 2019 оны төсөв сахилга бат хариуцлагыг эрхэмлээгүй, үр ашиггүй болсон хэмээн үзэж Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан юм. Мөн төсвийн үрэлгэн зардлуудыг танах замаар 500 тэрбум төгрөг гарган, уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх, аж үйлдвэрийн комбинатуудыг санхүүжүүлэх арга хэмжээг төсөвт тусгах шаардлагатайг хоригт онцлон тэмдэглэснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд байнгын хорооны хуралдаанд танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. Тухайлбал, Ерөнхийлөгч төсөвт хориг тавихдаа Засгийн газартай санал солилцсон эсэхийг С.Эрдэнэ гишүүн тодрууллаа. Засгийн газраас ирэх оны төсвийн төслийг өргөн барьсны дараа Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлсэн. Энэ үеэдээ ирэх оны төсөвт тусгах өөрийн саналаа танилцуулж, улмаар УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлсэн гэдгийг З.Энхболд дарга хэллээ.

Тэрбээр, “Төсвийг УИХ-аар хэлэлцэж байх үед Засгийн газар хуралдаж, мал аж ахуйн түүхий эд боловсруулах үйлдвэр барих нь зөв гэдэгт санал нэгдсэн. Улмаар төсөв батлагдсаны дараа хориг тавьж, түүнийг хүлээн авч засвар оруулах замаар асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Ерөнхийлөгч болон Засгийн газар харилцан ойлголцолд хүрсэн” хэмээв. Мөн Ц.Мөнх-Оргил, Н.Оюундарь нарын гишүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн байр суурь илэрхийллээ. 2019 он гарахад цөөн хоног үлдээд байгаа энэ үед хоригийн хүлээн авах нь улс орны эдийн засагт санхүүгийн гацаа үүсч, төрийн албан хаагчид цалингүй болж, ихэнх байгууллагууд үйл ажиллагаа явуулах боломжгүй болно хэмээн тайлбарлав. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзлаа. Уг асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *