Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

УИХ-ыг тараах яах вэ, тарахаас нь өмнө хийлгэх ёстой хэдэн ажил байна

УИХ-ын нэр хүнд айхавтар уначихлаа. Итгэл хүлээлгэж сонгосон, аятайхан амьдруулах орчин бүрдүүлчих болов уу гэж горьдож харж явсан депутатууд маань төрөө ингэж тална гэдэг бол ёс зүйгүй, хүлээн зөвшөөрөмгүй үзэгдэл хэмээн нийтээрээ шуугьж байна. Үнэн л дээ. Нэг талаас нь харвал олны энэ жигшлийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Нөгөө талаас нь ажвал эрх мэдэл, чадал хүчээ ашиглаж бага хүүтэй зээл авах боломж байхад нүдээ аниад өнгөрөх ёс суртахуунлаг авир хэрийн хүнээс гарахгүй. Хар ухаанаар багцаалдаж, бодит амьдралд буулгаад сэтгэхэд бараг хэн ч нүднийх нь өмнө бэлээхэн гялтганах олз, ашгаас татгалзахгүй. Ийм гоё түүх үлгэрт юм уу, тааруухан зохиолд л гардаг. Хатуу үнэн гэвэл энэ. Коммунист нийгмийн суртал ухуулга дээр ийм утгатай үг, өгүүлбэр өчнөөн харагддаг. Харамсалтай нь уриа лоозон, үлгэр домог амьдралаас хэтэрхий хол тэнгэрийн зүйл. Хүн төрөлхтний төдийгөөс өдий хүрсэн он цагийг харсан ч тэр эрх ямба өндөр хаад ноёд нь шуналаа барьж дийлэлгүй улсаараа баларч унасан түүх өчнөөн. Өнөө цагийн жишээ гэхэд л Венесуэлээс эхлээд хөвөрч буй. Жамын гэж хэлж болох шуналаас үүдсэн эрх мэдэлтнүүдийн ийм авирлалыг хааж, хаших гол хэрэгсэл бол ерөөсөө л нарийн, хатуу, ухаалаг зохицуулалттай хууль, журам. Гэх мэтээр УИХ-ыг шавартай хутгасан ЖДҮ тойрсон элдэв яриа, шүүмж, дүгнэлт өрнүүлж болно. Гэхдээ энэ удаа хөндөх сэдэв маань ЖДҮ биш. ЖДҮ-гээс болж тарахдаа тулж буй парламентын гүйцэтгэх ёстой түүхэн үүрэг. Энэ УИХ-д түүхэн үүргийг нь сануулмаар байна.

Нийгмээрээ жигшиж, нэг хэсэг нь дөгөөж, яаж ийгээд парламентаа тараахаар боллоо гэж бодъё. УИХ-ыг тараах шиг амархан юм үгүй. УИХ тарлаа гэхэд дараагийн парламентын сонгуулийн товыг тогтоох, шинэ УИХ-ын баримтлах хууль, дүрмийг батлах гээд шилээ дарсан өчнөөн ажил бий. Ирэх сонгууль хүртэл жил наймхан сар үлдсэн. Сая хэлсэн тов, хууль, журмыг баталж ядаж суутал өнгөрчих хугацаа. Бараг баталж амжихгүй хугацаа энэ УИХ-д үлдсэн.

Бид 1989 онд хорь гаруйхан настай залууст Монгол Улсын төрийн эрхийг өгч, Монгол төрийг эзгүйдүүлэн зугтааж байсан түүхтэй ард түмэн. Нэг талаас нь харахад шинэ нийгмийг бултаараа сонгосон, ардчилсан хувьсгал ялсан гэх мэт эерэг тайлбарууд бий. Нөгөө талаас нь анзаарвал төрт ёсны түүхийг гажуудуулсан үйл явдал болсон нь бултах аргагүй үнэн. Төв хорооны огцролтыг төрт ёсны гажуудал гээд байна л даа. Залуусын сэтгэлийн хөөрлөөс үүдэж гарсан энэ шийдвэрийг улсын эрх ашиг, төрийн залгамж чанар талаас нь харвал хожсоноосоо алдсан нь их. Мэдээж ардчилал ялсан нь олзуурхан, бахархан дурсах учиртай түүхэн үйл явдал. Үүнтэй хэн ч маргахгүй. Гэхдээ социализмаас капитализм руу үсэрсэн шилжилтийг Монгол төрийг эзэнтэй байлгаж хийх ёстой байсан юм.

Яг энэ өнцгөөс харвал одоогийн УИХ-ыг тарахаас өмнө, буухаас нь урьтаж заавал хийлгэх ёстой хэдэн ажил бий. Хамгийн түрүүнд хийх ажил бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах. Өнөөдөр яриад буй өөрчлөлтүүд ханатай гэж учир мэдэх улс ярьж байна. Ерөнхий сайдад эрх мэдэл өгөх, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох зэрэг шийдлүүд яалт ч үгүй ханатай, ултай гаргалгаанууд. Наад захын жишээ хэлэхэд Ерөнхий сайд мэдэл дутуу учраас том төслүүд явж өгдөггүй том зовлон бий. Гүйцэтгэх засаглалд эрх мэдэл өгчихвөл том төслүүд урагшилна, тэр хэрээр эдийн засаг тэлнэ гэх мэт давуу тал олон. Үүнээс гадна парламентын гишүүдийн тоог нэммээр байна. Өнөөгийн парламент лоббид амархан автах юм. 76 сая ам.доллараар Монгол Улсыг худалдаж авч болохоор байна. Сая гэхэд л Засгийн газрыг хорь гаруйхан сая ам.доллараар худалдаж авсан нь ЖДҮ-ээс тод харагдлаа. Ингэж хардахаас аргагүй баримт нотолгоонууд хөврөөд эхэлчихсэн. Тэгэхээр УИХ-ын гишүүдийг олон болгох эрэлт, хэрэгцээ, хүлээлт үүсчихээд байна. Монгол Улсын хувь заяаг ийм цөөхөн хүн шийдэж таарахгүй.

Хоёрдугаарт, Нийтийн өмчийн хуультай болмоор байна. Өдгөө хууль тогтоож буй УИХ-ын гарцаагүй гүйцэтгэх ёстой түүхэн үүргийн нэг нь энэ. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав төрд татвар хэлбэрээр очдог бүх мөнгө, гадаад дотоодын хандив, тусламж, зээлийг “нийтийн мөнгө” гэж тодорхойлж байгаа. Нийтийн мөнгийг хуульчлах ёстой гэсэн түүний байр суурь бол цагаа олсон санаа. Танхимын ерөнхийлөгчийн санааг бүр энгийнээр тайлбарлая. Төсөв хуулиар зохицуулагддаг. Гэхдээ бас шууд ингэж дүгнэхэд эргэлзээтэй. Төсвөөс 29 санд 2.4 их наяд төгрөг хуваарилдаг гэсэн тоо бий. Гэвч энэ хуваарилалт ямар ч хуулиар зохицуулагддаггүй. Хэдэн тэрбумаар яригддаг гадаад, дотоодын зээл тусламж хандив ч бас хуульгүй. Ингээд харахаар төсвийн бараг тал нь хуульгүй болж таарч байна. Өндөр хөгжилтэй орнуудад олон нийтийн гэсэн тодотголтой бүх мөнгийг зөвхөн хуулиар л зохицуулдаг. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч яг энэ жишгийг улсдаа нэвтрүүлье гээд байгаа юм. Нэг зүйлийг нэмж хэлэхэд төсвийн хөрөнгө оруулалт ирэх жил 1.8 их наяд төгрөгөөр хэмжигдэж буй. Энэ мөнгө концесс тендерийн шугамаар зарцуулагдана. Гэтэл өнөө концесс, тендер нь хяналтгүйгээс гадна яг нарийн зохицуулалттай хуульгүй. Ийм цоорхойнууд УИХ-ын гишүүн, сайд дарга нарын тэрбум тэрбумын идээ уугаа, ЖДҮ-ийн үндэс суурь болдог учраас Нийтийн өмчийн хуулийг даруйхан батлах хэрэгтэй.

Энэ УИХ-ын заавал хийх гурав дахь ажил нь Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах. Жижиг тойргоо томсгохоос эхлээд өөрчлөх, шинэчлэх зүйл багагүй бий. Өнөөгийн УИХ ийм гурван ажил амжуулаад дараагийн сонгуульд ормоор байна. Үндсэн хуулиа өөрчилж, Нийтийн өмчийн хуулийг баталж, Сонгуулийн хуульдаа салхи оруулчихвал л болох гээд байна. Үүний дараа тарна уу, байна уу хамаа алга. Шинээр бүрэлдэх парламентад эрүүл хөрс бүрдүүлж өгч байж иргэдээсээ хоолыг нь булаадаг төрийн түшээдгүй болно. Тэгээгүй цагт 2020 онд бүрдсэн парламент “ЖДҮ юу ч биш байж” гэж толгой сэгсрэхээр бүр том дуулиан, шуугиан тарих нь тов тодорхой асуудал.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *