Замын цагдаагийн баруун урд уулзварын гүүрэн гарцын барилгын ажил 43 хувьтай явагдаж байна. Одоогоор гүүрийн инженерийн шугам сүлжээний ажил хийгдээд байгаа аж. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр гүүрийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.
Тэрбээр “Гүүрийн ажилтай холбоотой асуудлуудтай газар дээр нь танилцлаа. Аж ахуйн нэгж байгууллагуудын газар чөлөөлөлттэй холбоотой асуудал байгаа. Бас Сангийн яамтай холбоотой асуудал бий. БНХАУ-ын талаас Монголоос гаргах хөрөнгийг энэ ондоо багтаан шийдэж өгөөч гэсэн хүсэлт ирсэн. Хятадын тал санхүүжилтийн 95 хувийг гаргасан. Харин манай улсаас гаргах таван хувийн санхүүжилт төсвийн гүйцэтгэлтэй холбоотойгоор хоцордог. Үүнийг гүйцээж өгөөч гэсэн саналыг Хятадын талаас тавьж байгаа” хэмээн ярьжээ.
Гүүрийн барилгын ажлыг арванхоёрдугаар сарын 15-ны өдөр зогсоож, 2019 оны гуравдугаар сараас дахин эхлэх юм байна. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй энэхүү гүүрийг 2019 оны аравдугаар сарын нэгэнд ашиглалтад оруулах ажээ.