Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас УИХ-ын нэр бүхий гишүүд, Засгийн газрын сайд нар хувийн компанидаа болон эхнэр, ах дүү хамаатан садандаа тэрбум, тэрбумын зээл авч өгсөн асуудал үргэлжилсээр байна. Нийгэмд багагүй бухимдал төрүүлсэн энэ асуудлыг дагаад АН-ын үед арилжааны банкаар дамжуулдаг байсан зээл яагаад МАН-ын үед ХХААХҮЯ-ны харъяа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан шууд олгодог болсон нь анхаарал татаж байгаа юм. Доорх баримтуудаас харахад Мэргэжлийн Засгийн газар ЖДҮХС-гийн зээлийг арилжааны банкаар дамжуулж олгодог байсныг болиулжээ. Энэ нь УИХ-ын нэр бүхий гишүүдэд “олз” болсон бололтой.