Categories
мэдээ нийгэм

​Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хуралдав

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хуралдаж, энэ онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэж, цаашид хийхээр төлөвлөж буй зарим ажлаа зөвшилцлөө.

Иргэдийг аливаа гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчин бүрдүүлэх чиглэлээр тус зөвлөл энэ онд цөөнгүй төсөл, арга хэмжээ хэрэгжүүлсэн. Зөвлөлийн бүрэлдэхүүн дэх газар, байгууллагууд 1078 удаа хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулан 970 удаа хяналтын шалгалт хийж, нийтийн хэв журмыг сахиулсан байна. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийллийг эрт илрүүлж, таслан зогсоох чиглэлээр удаа дараагийн сургалт явуулж, хүчирхийлэл үйлдэгчийг сургалтад хамруулжээ. Тус ажлын үр дүнд хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй, үйлдэх магадлалтай хүмүүсийг бүртгэж, тэдэнд чиглэсэн оновчтой арга хэмжээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн. Үүний хажуугаар эрсдэлтэй орчинд амьдардаг, эцэг, эхийнхээ хараа хяналтаас гадуур хүүхдүүдийг бүртгэж, хяналт тавьж байгаа юм. Мөн хүүхдийг аливаа гэмт, хэрэг зөрчилд өртөхөөс урьтаж, хамгаалах, сургууль, цэцэрлэгийн орчны аюул байдлыг хангахаар эргүүл ажиллуулж, нийтийн эзэмшлийн талбайд гэрэлтүүлэг, камер суурилуулж байна. Энэ мэт ажлын үр дүнд орчин тойрондоо эргүүл ажиллуулдаг сургуулийн тоо нэмэгдэж, 250-д хүрчээ. Холбогдох албаныхны мэдээлснээр “Камержуулалт” аяны хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүд орчин тойрондоо 467 камер шинээр суурилуулсан байна.

Согтууруулах болон мансууруулах бодисын хор хөнөөлийг хүүхэд, залууст таниулж, хэрэглээнээс татгалзуулахын тулд нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийнхөн удаа дараагийн зөвлөгөөн зохион байгуулж, соён гэгээрүүлэхэд анхааран ажиллаж буй. Өсвөр насны охидын хөгжил, хамгаалалд зориулан Налайх дүүрэгт танхим нээсэн бөгөөд ирэх жилүүдэд уг төслөө үлдсэн дүүргүүдэд хэрэгжүүлнэ.

Үүний зэрэгцээ замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ч цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна. Заримаас нь дурдвал, олон нийтийн цагдаа нарыг уг ажилд татан оролцуулснаар хөдөлгөөний ачаалал зарим цэгт багасаж буй үр дүн гарсан. Мөн орон сууцны хотхон, хороолол доторх авто замд хүүхэд осолдох нь багассан байна. Тиймээс урамшуулалт эрүүл, олон нийтийн цагдаа нарын ур чадварыг нэмэгдүүлж, техник хангамжийг нь ирэх онд сайжруулна гэж нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба хэлэв.

Одоогийн байдлаар тус зөвлөл 201.591 иргэнийг сургалтад хамруулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажид төрийн 283, төрийн бус 252 байгууллагыг хамруулаад байна. Мөн уг ажилд 1000 гаруй аж ахуйн нэгжийг татан оруулжээ.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид орчны аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр гаргасан 119 дүгээр тогтоолын хүрээнд төрийн болон төрийн бус бүх байгууллага, иргэдийг татан оролцуулах юм. Мөн ирэх сараас гэмт хэрэг гарч буй шалтгаан, нөхцөлийг судалж, хэрэгжүүлж байгаа арга хэмжээнийхээ үр дүнг улам сайжруулахаар зөвлөлийн гишүүд шийдвэрлэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хуралдлаа

Нийслэлийн
гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2017 оны
анхдугаар хуралдаан Улаанбаатар хотын цагдаагийн газрын нэгдүгээр
байранд олон нийтэд нээлттэй хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа.

Хуралдаанд
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн
дарга, НИТХ-ын дарга Ц.Сандуй, нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр,
Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд
болон зөвлөлийн гишүүд, албаны хүмүүс оролцсон юм.

Анхдугаар
хуралдаанаар Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг
зохицуулах зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны тайланг сонссоноос гадна
2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа.

Энэ
удаагийн хуралдаанаар Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг
зохион байгуулах зөвлөлийн бүрэлдэхүүн Улаанбаатар хотын цагдаагийн
газрын үйл ажиллагаа, өнгөрсөн онд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн
статистик мэдээ, цагдаагийн байгууллагад шинээр нэвтрүүлж буй дэвшилтэд
техник, технологи, орчин үеийн програм хангамж, цаашид иргэдийн аюулгүй
байдлыг хангах зорилгоор хэрэгжүүлэх “Телекамер” хөтөлбөр, “Эргүүл” дэд
хөтөлбөр, “Ухаалаг цагдаа” төслийн 2 дугаар шатанд хэрэгжих ажлуудтай
танилцав.

Хуралдааны
үеэр Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах
зөвлөлийн дарга, НИТХ-ын дарга Ц.Сандуй холбогдох газруудад зарим
чиглэлийг өглөө. Тухайлбал, удахгүй монгол түмний баяр цагаан сар
болохтой холбоотойгоор хүнсний аюулгүй байдлыг ханган ажиллахыг
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт, хөдөө орон нутгаас нийслэлийг
чиглэсэн хөдөлгөөн нэмэгдэхтэй холбоотойгоор замын хөдөлгөөний аюулгүй
байдлыг ханган ажиллахыг Улаанбаатар хотын замын цагдаагийн газарт
даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *