Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс хоёр их наяд төгрөгөөр өсчээ

ҮСХ-ноос өчигдөр оны эхний арван сарын нийгэм, эдийн засгийн статистик мэдээг танилцууллаа. Тайлант хугацаанд эдийн засгийн сайн үзүүлэлтүүд давамгайлжээ. Жишээлбэл, татварын сард эхний арван сард 1.6 их наяд төгрөгөөр нэмэгдсэн бол үр тариа өнгөрсөн онтой харьцуулахад 80 хувиар нэмэгджээ.

ДНБ 3.1 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭЖ 23.5 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ

ДНБ эхний есөн сард урьдчилсан гүйцэтгэлээр 23.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.1 их наяд төгрөгөөр өслөө. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 73.7 тэрбум төгрөгөөр өслөө. Mөнгөний нийлүүлэлт 2018 оны аравдугаар сарын эцэст 18.3 их наяд төгрөгт хүрч нэмэгдэв. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2018 оны аравдугаар сарын эцэст 16.4 их наяд төгрөгт хүрчээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2018 оны аравдугаар сарын эцэст хоёр их наяд төгрөгт хүрч нийт зээлийн өрийн үлдэгдлийн 12 хувийг эзэлж байна.

Эхний арван сард 231.1 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 474.2 сая ширхэг үнэт цаас арилжсан нь өмнөх оны мөн үеэс гүйлгээ 1.2 их наяд төгрөгөөр буурч, арилжсан үнэт цаас 403.5 сая ширхгээр өссөн байна. Төгрөгийн америк доллартай харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2018 оны аравдугаар сард 2564 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.3 хувиар суларсан байна. Төгрөгийн юаньтай харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2018 оны аравдугаар сард 370.53 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар чангарчээ. Төгрөгийн рубльтэй харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2018 оны аравдугаар сард 38.95 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.6 хувиар чангарч, өмнөх сараас 5.2 хувиар суларсан байна.

ЭХНИЙ АРВАН САРД ТАТВАРЫН ОРЛОГО 1.6 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ДАВЖ БИЕЛЛЭЭ

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ эхний арван сард 8.3 их наяд төгрөг, зарлага 7.2 их наяд төгрөгт хүрлээ. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2017 оны эхний арван сард 669.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байсан бол энэ оны эхний арван сард 341.9 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Татварын нийт орлого 6.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.6 их наяд төгрөгөөр өссөн байна. Үүнд нэмэгдсэн өртгийн албан татвар, нийгмийн даатгалын орлого, онцгой албан татвар өссөн нь голлон нөлөөлжээ. Улсын нэгдсэн төсвийн орлогын 81.3 хувийг татварын орлого, 9.7 хувийг татварын бус орлого, 6.8 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 2.3 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байна.

ГАДААД ХУДАЛДААНЫ НИЙТ БАРАА ЭРГЭЛТ 2.1 ТЭРБУМ ДОЛЛАРААР ӨСЧЭЭ

Манай улс энэ оны эхний арван сард 153 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 11 тэрбум америк доллар, үүнээс экспорт 5.9 тэрбум америк доллар, импорт 4.9 тэрбум америк долларт хүрлээ. Экспорт 662 сая америк долларт, импорт 524 сая америк долларт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс экспорт 56 сая, импорт 140 сая америк доллараар тус тус өссөн гэсэн үг юм. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.1 тэрбум америк доллараар өслөө. Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 95.3 хувийг эзэлж байгаа бол импортын 66.8 хувийг эрдэс бүтээгдэхүүн, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна..

ЯМААНЫ АРЬС 27 МЯНГАН ТӨГРӨГТ ХҮРЧ, ХОНИНЫ АРЬС 500 ТӨГРӨГ БОЛТЛОО БУУЖЭЭ

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээгээр үхрийн хоёр метрээс дээш урттай ширний дундаж үнэ Ховд аймагт хамгийн бага буюу таван мянган төгрөг, Сэлэнгэ аймагт хамгийн их буюу 20 мянган төгрөг байна. Адууны ширний дундаж үнэ Ховд, Архангай, Дорнод, Өмнөговь, Сэлэнгэ аймагт хамгийн бага буюу таван мянган төгрөг, Хэнтий аймагт хамгийн их буюу 12 мянган төгрөг, бусад аймагт 6-10 мянган төгрөг байна. Хонины ноостой арьсны дундаж үнэ Дархан-Уул, Хэнтий аймагт хамгийн бага буюу 500 төгрөг, Увс, Архангай, Говьсүмбэр, Төв аймагт хамгийн их буюу 2.5 мянган төгрөг, бусад аймагт 1.5-2 мянган төгрөг байна. Ямааны ноолууртай арьсны үнэ Дорнод аймагт хамгийн бага буюу 15 мянган төгрөг, Дундговь, Өмнөговь аймагт хамгийн их буюу 27 мянган төгрөг, бусад аймагт 20-26 мянган төгрөг байна. Ямааны нэг килограмм цагаан ноолуурын үнэ Дорнод аймагт хамгийн бага буюу 30 мянган төгрөг, Говь-Алтай аймагт хамгийн их буюу 91 мянган төгрөг байна. Малын зах зээлийн дундаж үнийн мэдээгээр нас гүйцсэн эр хонины дундаж үнэ Улаанбаатар хотод хамгийн их буюу 170.0 мянган төгрөг, Дорнод аймагт хамгийн бага буюу 108.1 мянган төгрөг байна. Нас гүйцсэн эр ямааны дундаж үнэ Өмнөговь аймагт хамгийн их буюу 113.7 мянган төгрөг, Дорнод аймагт хамгийн бага буюу 73.6 мянган төгрөг байна. Ат Өмнөговь аймагт хамгийн их буюу 1.2 сая төгрөг, Сүхбаатар аймагт хамгийн бага буюу 700 мянган төгрөг, Соёолон үрээ Баян-Өлгий аймагт хамгийн их буюу 991.7 мянган төгрөг, Улаанбаатар хотод хамгийн бага буюу 450 мянган төгрөг, Хязаалан шар Өмнөговь аймагт хамгийн их буюу нэг сая төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 575 мянган төгрөгний үнэтэй байна.

ҮР ТАРИА 80 ХУВИАР НЭМЭГДЛЭЭ

Ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэмжээнд энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний байдлаар 416.3 мянган тонн үр тариа, 166.6 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо хурааж, 1.1 сая тонн өвс хадлан, 36.5 мянган тонн гар тэжээл, 4.6 мянган тонн дарш бэлтгэсэн байна. Өмнөх онтой харьцуулахад хадлан 24, үр тариа 80, төмс 45, хүнсний ногоо 18 хувиар нэмэгдэв.

АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН НИЙТ ҮЙЛДВЭРЛЭЛ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС ХОЁР ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ӨСЛӨӨ

Аж үйлдвэрийн салбар урьдчилсан гүйцэтгэлээр 12.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс хоёр их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 1.4 их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 1.1 их наяд төгрөг, металлын хүдэр олборлолт 139.2 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлөв. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 14.8 их наяд төгрөгт хүрч, 10.2 их наяд төгрөг буюу 68.6 хувийг гадаад зах зээлд борлуулжээ.

Барилга угсралт, их засварын ажлын хэмжээ оны эхний есөн сард 2.9 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүнээс 82 хувийг дотоодын, 18 хувийг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэсэн байна. Барилга угсралт, их засварын ажлын хэмжээ өмнөх оны мөн үеэс 37 тэрбум төгрөгөөр өсөв. Дотоодын барилгын байгууллагын гүйцэтгэсэн ажлын хэмжээ 143.7 тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч гадаадын барилгын байгууллагын гүйцэтгэсэн ажлын хэмжээ 180.8 тэрбум төгрөгөөр өссөн байна. Барилга угсралт, их засварын ажлын 32.8 хувийг орон сууцны барилга, 36.6 хувийг орон сууцны бус барилга, 28.4 хувийг инженерийн барилга, байгууламж, 2.2 хувийг их засварын ажил эзэлжээ.

ТӨМӨР ЗАМААР ЗОРЧИГЧИД 50 ГАРУЙ МЯНГААР БУУРЧ, АГААРЫН ТЭЭВРЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД 85 МЯНГААР ӨСЧЭЭ

Төмөр замаар 21.1 сая тонн, зорчигчид давхардсан тоогоор 2.2 сая хүн болж, өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 2.6 сая тонноор өсч, зорчигчид 53.7 мянгаар буурсан байна. Төмөр замын тээврийн салбарын орлого 504.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 70.1 тэрбум төгрөгөөр өсжээ. Агаарын тээврээр тээсэн ачаа 2.6 мянган тонн, зорчигчид давхардсан тоогоор 793.8 мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 72 тонн, зорчигчид 85.7 мянган хүнээр өсжээ.

УЛСЫН ХЭМЖЭЭНД 110 МЯНГАН ХҮҮХЭД АСАРСАН, 70 МЯНГАН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД БАЙНА

Энэ оны эхний арван сард улсын хэмжээнд ажиллах хүч болох 15-аас дээш насны хүн ам 1.3 сая болж өслөө. Үүнээс 721 мянга нь эрэгтэй, 610 мянга нь эмэгтэйчүүд байна. Ажиллах хүчний 811 мянга нь хот, суурин газарт, 519 мянга нь хөдөө орон нутагт амьдардаг. Өмнөх оны мөн үеэс ажиллагчид 48 мянгаар өсч, ажилгүй иргэдийн тоо 26 мянгаар буурсан байна. Эдийн засгийн идэвхгүй нийт хүн амын 282 мянга нь тэтгэврийнхэн болон өндөр настан, 217 мянга нь суралцагчид, 110 мянга нь хүүхэд асарсан, 80 мянга нь гэрийн ажилтай, 70 мянга нь хөгжлийн бэрхшээлтэй, 22 мянга нь өвчтэй байсан бол 56 мянга нь бусад шалтгааны улмаас эдийн засгийн идэвхгүй байсан аж. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад эхний сард 11 мянган хүн шинээр бүртгүүлжээ.

ХАЛАМЖ, ХӨНГӨЛӨЛТӨД 368 МЯНГАН ИРГЭД ХАМРАГДАЖ 82 ТЭРБУМ ТӨГРӨГ ГАРГАЖЭЭ

Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого эхний арван сард 1.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 212 тэрбум төгрөгөөр, зарлага 1.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 205 тэрбум төгрөгөөр тус тус өслөө. Нийгмийн даатгалын сангийн орлого 212 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд тэтгэврийн даатгалын сангийн орлого 186 тэрбум төгрөгөөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого 48 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Нийгмийн халамжийн үйлчилгээ, хөнгөлөлтөд 368 мянган хүн хамрагдсан байна. Нийгмийн халамжийн үйлчилгээ болон хөнгөлөлтөд 82 тэрбум төгрөг олгожээ. Эхний арван сард 18 хүртэлх насны 912 мянган хүүхдэд 167 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгожээ.

ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС 829 ХҮН АМИА АЛДАВ

Улсын хэмжээнд 31 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 18 хувиар өсжээ. Гэмт хэргийн тоо өсөхөд залилан, хөрөнгө завших, хүчингийн хэргүүд өссөн нь нөлөөлсөн байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 150 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 33 тэрбум төгрөг болж байна. Мөн 7.7 мянган хүн гэмтэж, 829 хүн нас барав. Гэмт хэргийн улмаас хохирсон нийт иргэд 28 мянгад хүрлээ. Үүнээс 1.4 мянга нь 18 хүртэлх насны хүүхэд, 12 мянга нь эмэгтэйчүүд байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн хэрэг 866 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс таваар буурч, малын хулгай 820 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 61- ээр өссөн байна. Улсын хэмжээнд 68 мянган хүн эрүүлжүүлэгдэж, есөн мянган хүн баривчлагдав.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *