Categories
мэдээ улс-төр

Д.Хаянхярвааг МАН-ын бүлгийн даргаас чөлөөлөх санал хүргүүллээ

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өчигдөр үдээс өмнө 11 цагт Ерөнхий сайдын өрөөнд хуралдаж эхэлсэн юм. Тус намын Удирдах зөвлөлийн 33 гишүүнээс 28 нь хуралд оролцсон байна. Хурлын эхэнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцжээ. Ерөнхий сайдын зүгээс УИХын гишүүн Чүлтэмийн Улааныг салбарын сайдаар томилуулахаар санал оруулсныг Удирдах зөвлөлийн гишүүдийн олонх нь дэмжжээ. Ингэснээр УИХын гишүүн Ч.Улаан зургаа дахь удаагаа сайдаар ажиллах боломж бүрдсэн гэсэн үг. Ерөнхий сайд түүний нэрийг УИХд өргөн барьснаар энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар томилно.

Харин үүний дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХын дарга М.Энхболд, бүлгийн дарга Д.Хаянхярваа, Нийслэлийн Засаг дарга С.Батболд нарыг огцруулах саналтай байгаагаа хэлсэн аж. Тэднийг огцруулах үндэслэл нь хангалтгүй ажиллаж байна гэж үзжээ. Харин Удирдах зөвлөлийн зарим гишүүдийн зүгээс ЖДҮХСгаас зээл авсан сайд, УИХын гишүүн, намын удирдлагын багийн зарим хүнд хариуцлага тооцох ёстой гэсэн байна. Түүний зүгээс энэ долоо хоногтоо багтан асуудлаа шийд хэмээн хуралдааныг орхин гарч явжээ. Хариуцлага тооцох асуудлын хүрээнд С.Батболдыг хэлэлцэж олонхын саналаар огцруулахаар болсон юм. Нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд өнгөрөгч онд У.Хүрэлсүх намын дарга болсныхоо дараа намынхаа Удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр томилж өөрийн гэгдэх хүмүүсээ 60 хувьд нь багтаасан талаар намынхан нь хэлдэг. Тэр ч утгаараа У.Хүрэлсүх ялахгүй тулаанд орохгүй гэсэн үг. Тиймээс түүний оруулсан санал дэмжигдэх нь гарцаагүй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайханд “Нийслэлийн Засаг дарга С.Батболд нь Засгийн газрын 20122016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Нийслэлийн иргэдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.2т заасан “Засаг дарга чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй” гэсэн үндэслэлээр түүнийг огцруулах санал хүргүүлж байна” гэсэн албан тоот илгээсэн юм. НИТХ уг саналыг 15 хоногийн дотор хэлэлцэх хуультай.

Улаанбаатар хотын Засаг дарга С.Батболдыг огцруулах санал дэмжигдсэнээр 15 цаг өнгөрч байхад Удирдах зөвлөлийн хурал түр завсарлалаа. Нэг зүйлийг онцлоход 2017 онд МАН-ын дарга У.Хүрэлсүх Улаан-баатар хотын Засаг дарга С.Батболдын ажлыг маш сайн хэмээн үнэлж шагнал гардуулж байсан бол энэ удаа муу ажилласан хэмээн ийнхүү огцруулахаар санал хүргүүлж байгаа нь энэ. Түр завсарлах үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын өрөөнд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд уулзалт зохион байгуулав.

Энэ үеэр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өрөөнөөс УИХ-ын дарга М.Энхболдын өрөө рүү явсан юм. Тэнд ямар яриа өрнөсөн тодорхой бус байна. Удирдах зөвлөлийн хуралдаан 18 цагт Ерөнхий сайдын өрөөнд үргэлжилсэн. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулах У.Хүрэлсүхийн саналыг хүлээн авах эсэхийг хэлэлцлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн даргыг огцруулах асуудлаар нууц санал хураалт явуулахад 16 гишүүн дэмжиж, 12 нь татгалзжээ. Бүлгийн дарга Д.Хаянхярваа Удирдах зөвлөлийн хуралдаанаас гарч ирснийх нь дараа энэ талаар тодруулахад “Зохион байгуулалттай бүлэг хулгайтай тэмцээч ээ гэж санал гаргасны төлөө Удирдах зөвлөлийн хурлын гишүүдийн олонх бүлгийн даргаас огцруулах шийдвэр гаргалаа. Миний хувьд ЖДҮ-ийг хөгжүүлсэн сангийн мөнгөнөөс авсан асуудлыг би зохион бай-гуулалттай бүлэг хэрэг хэмээн үзэж байгаа. Учир нь Засгийн газрыг огцруулахаар үгсэн тохиролцсон, үүний шан харамжинд нь авсан гэж үзэхээс өөр арга алга. Энэ саналыг маш удаан бодсоны эцэст гаргаж тавьсан. Харамсалтай нь бүлгийн даргын ажлаа өгөх саналыг бүлэгт оруулах гэж байгаа юм шиг байна. Бүлэг яаж шийдэхийг мэдэхгүй. Миний хувьд энэ ажлыг өгөхөд харамсаад байх зүйл байхгүй. Харин энэ зохион байгуулалттай бүлэг хэргийг цаашид олон түмэнд хүргэнэ. Бүгдийг нь ил болгоно” гэсэн юм. Мөн “Бүлгийн даргаас огцруулахаар болсон шалтгаан нь ЖДҮХС-гийн мөнгийг хамгаалсан. Бүлгийг хагалсан гэж байна лээ. Бүлгээ хэн хагалсан бэ гэдгийг бүгд мэдэж байгаа” гэлээ. Харин УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг бүлгийн хуралдаанаараа хэлэлцэх ёстой хэмээн үзэж МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өчигдөр 21:40 цагт өндөрлөлөө.

Асуудлыг хэлэлцэж байх үеэр УИХ-ын дарга М.Энхболд “Би МАН-ыг сөрөг хүчнээс эрх баригч болгосон. Надад ажлаа өгөх шалтаг шалтгаан байхгүй. Би хууль зөрчөөгүй. Мөн төрийн тогтвортой байдлын төлөө тууштай ажилласан. Хэрэгтэй цаг үед зугтчихаад, эрх баригч болохоор дарга болоод даналзах шаардлага байхгүй” гэжээ. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Биднийг 60 тэрбумынхан гэж үзэж ажлаа өгөхийг хүсч байгаа юм байна. Тэгвэл 65 тэрбум төгрөг ЖДҮ хөгжүүлэх сангаас бодитойгоор аваад идчихсэн гишүүдэд хэн хариуцлага тооцох вэ. Би ажлаа өгөхөд бэлэн. Ингэлээ гээд чиний засгийн сайд нарын хулгай дарагдахгүй” хэмээн ширүүхэн байр суурь илэрхийлжээ. Харин Улаанбаатар хотын Засаг дарга С.Батболд “2.5 жилийн турш хотыг хөгжүүлэхийн төлөө чадахаараа зүтгэлээ. 30 жилд төрд ажиллахдаа хулгай хийгээгүй. Төрийн мөнгөнд би гар дүрээгүй. Харин энэ ажлыг авсанаас хойш долоо хоног бүрийн пүрэв гаригт над руу довтолсон. Миний нэр хүндийг унагаах гэсэн, сүүлдээ бүр гутаан доромжилсон мэдээллийг зориудаар 2.5 жил түгээсэн. Нэр хаяггүй энэ цахим хуудаснуудыг хуулийн байгууллагаар шалгуулахад бүгд МАН-ын байрнаас байсан. Суудалтайгаа би зууралдахгүй ч гэлээ эхлүүлсэн ажлаа дуусгах нь нийслэлчүүдийн өмнө хүлээсэн үүрэг гэж бодож байна” гэжээ. Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Жижиг дундын зээл авсан МАН ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн албан тушаалын асуудлыг ярих хэрэгтэй” гэж байсан аж.

Э.БОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *