Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Тэмүүжин: Улс төрийн нам, сонгуулийн тогтолцоо, санхүүжилтэд эрс өөрчлөлт хийхгүй бол улсаа цөлмөөд дуусах нь

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.


-Жижиг, дунд үйлдвэрийн сангаас төрийн түшээд зээл авсан нь ил болж ард түмэн ихээхэн бухимдалтай байна. Та энэ нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Жижиг, дунд үйлдвэрийн санг төрийн өндөр албан тушаалтнууд, хууль хяналтын байгууллагын ажилтнууд, аудиттайгаа нийлээд хуваагаад авчихсан тухай асуудал олон нийтийн эгдүүцлийг их төрүүлж байна. Дээр нь тэд иргэд яагаад уурсан бухимдаж буйг ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүй байгаа бололтой. Багахан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээд их биш ч цөөнгүй хүнийг ажлаар хангаад, татвараа төлөөд, ард нь юм үлдвэл амь зуулгаа залгуулчих гээд хичээж байгаа дундаж хэсгийг хамгийн их бухимдуулдаг зүйл бол өндөр хүү байдаг.

Үйлдвэрлэлээ өргөжүүлж, эрэлтийн хөрөнгөө нэмэхийн тулд зээл авахаас өөр аргагүй. Барьцаа хөрөнгө байхгүй бол өндөр хүүтэй мөнгө хүүлэлтэд бүх мөрөөдлөө, хөдөлмөрөө тавиад тууж байна. Зээлийн хүү, түрээс, татвар, авлига гээд бөөн дарамт. Гэтэл тэдний татварын мөнгийг, өөрсдийнх нь нэрээр сайд, гишүүд олноороо зохион байгуулалттайгаар, онц их хэмжээгээр зусалчихаж. Зуслаад зогсохгүй зарим нь хувийн банк, банк бус санхүүгийнхээ байгууллагаар хүүлээд буцаагаад ард түмнээ мөлжчихөж. Гэхдээ хамгийн зэвүүцэм нь тэд буруу зүйл хийснээ ер ойлгохгүй, өөрсдийгөө өмөөрөөстэй.

Толгойд нь хууль цааз, шударга ёсны тухай ойлголт түй ч алга байна. Иргэд нь жилийн 30-40 хувийн хүүтэй мөнгөөр бизнес эрхлэх гэж оролдож байхад хажууд нь гурван хувийн хүүтэй мөнгө авчихаад тэдэнтэй өрсөлдөж, тэднийг хүүлж байна гэдэг шударга бус үйлдэл. Тиймээс хамгийн их бухимдал төрүүлж байгаа сэдэв яалт ч үгүй энэ байна.

-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийг албан тушаал наймаалцах хэрэгсэл болчихсон гэж ярих юм. Ер нь ийм зүйл байдаг юм уу?

-Хоёр төрлийн хардалт, таамаг үнэн болов уу гэж дүгнэж болохуйц үйл явц руу орчихоод байна. Нэгдүгээрт, ЖДҮХС-гаас авсан зээл нь бүгд 950 сая буюу нэг тэрбум орчим төгрөг байгаа. Зээлтэй холбогдсон хүмүүсийг хараад байхад жилийн өмнөх Засгийн газар унасан, мөн байгуулагдсан үйл явдалтай холбоотой байх шиг. У.Хүрэлсүхийн Засгийн газар УИХ дахь өөрийнхөө түншүүдийг урамшуулсан шан харамж,барьцаа маягтай зүйл юм биш үү гэж харагдахаар байна. УИХ-ын гишүүний нэг кноп 950 сая төгрөгөөр үнэлэгдсэн юмдаг уу даа. Хоёрдугаарт, 2016 онд 60 тэрбумын схемээр бүрдсэн УИХ сонгуульд гаргасан зардалаа олж авах, өрөө төлөх, 2020 онд зарах мөнгөө төсвөөс хулгайлах их аяндаа гарцгааж гэж хэлж болохоор байна. Зөвхөн ЖҮДХС гэлтгүй олон сан байгаа. Сая төсөв батлагдахад нэг гишүүн дээр найман тэрбум төгрөг тавигдлаа гэх шүүмж яриа, хэвлэлээр яваад байна лээ. Сонгогчид, татвар төлөгчдөөсөө хулгайлах замаар улс орон удирдана, улс төр хийнэ гэж юу байхав дээ. Нам, улстөрчийн санхүүжилтийн нэг ийм авлигажсан, ашиг сонирхлын зөрчилтэй хэлбэр Монголын ардчиллын хорт хавдар боллоо шүү.

-Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ыг өөрөө тарах шийдвэр гаргах асуудлаар зөвшилцөх саналыг УИХ-ын даргад хүргүүлсэн. УИХ-ын даргын зүгээс энэ саналыг хүлээж аваагүй. Төрийн тэргүүний гаргасан уг саналд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Хамгийн эхлээд дээр дурдсанчлан Засгийн газар УИХ-ын гишүүдээ өөрийн мэдлийн сангуудаараа дамжуулж авлигаддаг юм биш үү гэсэн ойлголт олон нийтэд төрсөн. Ийм авлигажсан Засгийн газар, сайдууд байх нь зөв үү, тэдэнд хариуцлага тооцох ёстой гэх уур амьсгал нийгэмд тархаж эхэлсэн. Гэтэл Ерөнхийлөгч гэнэтхэн л “УИХ тар” гэж хэлээд сөрөг уур амьсгалыг Засгийн газраас холдуулсан. УИХ руу шилжүүлчихсэн хэрэг. Үүнийг “Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Засгийн газрыг авч үлдэхийн тулд УИХ руу нийгмийн бухимдлыг чиглүүлчихлээ”, “У.Хүрэлсүх болон Х.Баттулга гэдэг хоёр хүн нэг нэгийгээ хаацайлж, хамгаалах байдлаар хоршоод байна” гэж тайлбарлах хүмүүс ч байна. Нөгөө талаас, төрийн тэргүүн өөрөө хэлээгүй боловч эргэн тойрных нь хүмүүс ил цагаан, давтамжтайгаар, далайцтай түгээж,зарим талаар шахаж, хүчилж байгаа зүйл бол Ерөнхийлөгчийн засаглалыг бий болгох тухай яриа. УИХ-ыг тараах санаачилга нь онц байдал зарлах санаархлаар өргөжөөд, Үндсэн хуулийн үйлчлэлийг бүрэн зогсоож хүсэлдээ хүрэх нэг алхам уу гэсэн хардалт байна. Монгол Улсыг нэг хүний гар дор захируулах тухай атгаг яриа олон ангит кино мэт үйл явдлаар үргэлжлэхгүй гээд хэлчих зориг одоогоор Х.Баттулгад алга. Уг нь мань хүн хоёр үзүүргүйгээр “Монгол Улс парламентын бүгд найрамдах хэлбэрээрээ цаашид оршино. Манай улсын тусгаар тогтнол, ардчилал, хүний эрхийн баталгаа нь энэ. Тиймээс би үүн дээр хатуу зогсоно. Харин парламентын ардчиллын нэр хүнд, парламентат ёсыг хамгаалахын тулд авлигажсан, хариуцлагагүй, шударга бус, хулгайчдаа өмгөөлдөг, мөнгө хүүлэгч энэ УИХ-ыг тараах ёстой” гэж хэлбэл дөрвөн мөчөө өргөөд дэмжихэд ч бэлэн байна. Үнэндээ ийм олноороо, ийм увайгүйгээр улсаа тонож байгаа хулгайчдаас болж нөгөө талд нь бас адилхан асуудалтай нөхөр хаан болох хүслээ гүйцэлдүүлчих гээд байгаад санаа зовж байна.

-Таны хувьд Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжихгүй байгаа шалтгаан нь юу вэ?

-Бид ойрхны буюу 150 жилийн түүхээ л эргэн харчих хэрэгтэй. Монгол Улсыг нэг толгойтой болгоод тэр нэг толгойг нь өөрийн дураар яаж захирч болдог гэдгийг харуулсан эмгэнэлтэй түүх. 1900-гаад оны эхэнд өөрөө өөрсдийгөө мэдэх гэж оролдсон болгон нь амиа алдсан шүү дээ. Коминтерний нөлөөн дор тогтсон Монгол Улсаар яаж тоглосныг бүгдээрээ л мэдэж байгаа. Хэдэн ч удирдагчаа хойно аваачиж цаазлуулав. Тухайн удирдагч удаан оршин тогтнохын тулд гадны гар хөл болохоос өөр замгүй байсан. Өөрөөрөө байх гэсэн болгон нь өрөөлийн нутагт ясаа тавьсан даа. Хэрвээ бид тусгаар тогтнолынхоо хариуцлагыг нэг хүн, нэг институтэд үүрүүлэх юм бол ямар эмзэг байх нь вэ гэдгийг дээрх жишээ мэдрүүлж байгаа юм. Тэр өнгө одоо ч гэсэн өөрчлөгдөөгүй, болгоомжлох ёстой. 1992 оны Үндсэн хууль бичигчдийн хамгийн том болгоомжлол энэ л байсан. Гадны хүчтэй дарамт, шахалт, тусгаар тогтнолын хариуцлагаа нэг удирдагчид бус төрийн байгууламждаа тараан байршуулах тухай юм. Парламентын бүгд найрамдах улсын зохион байгуулалт сонгосон гадаад шалтгаан энэ. Энэ сонголт одоо ч зөв гэдгийг олон судалгаа харуулдаг. Монголчууд бид хүсэхгүй байсан ч Ерөнхийлөгчийн тогтолцоог дарангуйлагч болгохыг гадныхан үтэр түргэн хийнэ. Дундад Азийн “Стан” орнууд шиг тоглоомын хаан дороо л гараад ирнэ. Тэгээд цаазлаад, цаазлаад явчих байлгүй. Нэг хүний тойрон хүрээлэгчид хуулийн дээр зогсоод тэдэнтэй зөрчилдсөн хүн бүхэн асуудалд унах болно. Энэ нь бидний монголчуудыг, эрх чөлөөнд дуртай үндэснийх хувьд маш аюултай зөрчилдөөнд хүргэх байх даа.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар яригдаж байгаа. Үндсэн хуульд гар хүрэх зөв цаг нь мөн үү?

-Парламентын ардчиллаа сайжруулъя, хүчтэй Ерөнхий сайдтай болъё, парламент шүүх болон Засгийн газар хоорондын хяналт тэнцлийг бүрэн утгаар нь бүрдүүлье, Засгийн газарт ажил хийх бололцоог олгоё гэж бодож байгаа бол Үндсэн хуулийг өөрчлөх л хэрэгтэй. Өнөөдөр Үндсэн хууль өөрчилж болохгүй гэх үг Монгол Улсыг дахиад 40 жил яг ийм хэрүүл дунд байлгах болно. Боломж байвал өөрчлөх л ёстой. Гэхдээ яаж гэдгээ л бодох нь чухал. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломж УИХ-д байгаа. 64 суудалтай намд ийм өөрчлөлтийг хийх улс төрийн эрх мэдэл нь байна. Хүсэл зориг, зөв тийшээгээ явах алсын хараа нь байгаа юу гэдэгт л асуудал бий. Одоо харин хүлээн зөвшөөрөгдөх нэр хүнд нь үгүй болох шив.

-Та твиттертээ одоогийн төрийн тэргүүн өмнөх Ерөнхийлөгчийн зарчмаар яваад байна гэж жиргэсэн байсан. Энэ тухай тодруулаач?

-Манай улсад Ерөнхийлөгч хэн байхаас үл хамаараад уг институци дээр очсон хүн болгон ямар нэгэн байдлаар Ерөнхий сайдын ажлыг булааж, өмнөөс нь хийх гэж оролддог. Засгийн газарт өөрийнхөө тавиулуудыг чихдэг, гүйцэтгэх эрх мэдэл дотор өөрийн дураар тонгочдог, мөнгө санхүү рүү нь хуруу гараа гүн дүрдэг явдал жам юм шиг болчихоод байгаа. Бас өмнөх бүх Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ талд, эсвэл хоёр дахь бүрэн эрх рүүгээ орохоороо Ерөнхийлөгчийн засаглалтай болъё, би дахиад жаахан төрийн толгой дээр сууя гэх зүйлийг эргэн тойрныхоо хүмүүсээр яриулдаг. Харин энэ удаагийн Ерөнхийлөгч жил хүрэхгүй хугацааны дараа ярьж эхэлж байна. Өмнөх Ерөнхийлөгчидтэй адилхан зарчимтай байна гэдэг нь өөр дээрээ эрх мэдэл овоолох шуналтай байгаагаар нь хэлсэн байх. Бүгд л санаагаа гүйцэлдүүлэх зэвсэглэлээр сайн хөөцөлдөцгөөж байсан. Хүн айлгаж, ичээдэг, асуудлыг шийдэхийн тулд хүчирхийлдэг, хуулийн байгууллагын сүр хүчээр далайлгадаг зэвсэглэлийг өөртөө бүрэн авахын тулд хамаг байдгаараа үзэлцдэг байсан. Өмнөх Ерөнхийлөгч Авлигатай тэмцэх газрын даргыг яаж сольсон, шүүх прокурорыг хэрхэн өөрчилсөн тэр арга замаар өнөөдрийнх нь явж байгаа харагдана.

Нэг сонирхолтой зүйл нь өмнөх Ерөнхийлөгч өөрийнхөө дараагийн Ерөнхийлөгчийг М.Энхболд болох байх гэж бодож, тооцон, олон зүйл түүнд нийцэлдүүлсэн л дээ. Тэр хүнд хэрэгтэй боловсон хүчний томилгоонуудыг нь ч хийж өгсөн. Гэхдээ сонгуулийн дүнгээр өөр хүн гарчихсан. Ардчиллын нэг давуу тал нь энэ. Ардчилалд цөөн хэдэн хувь хүмүүсийн тохиролцоогоор улс орны суурь асуудал шийдэгддэггүй. Иргэдийн сонголт том нөлөө үзүүлдэг. Тиймээс заримдаа ордны хуйвалдаан маягтай зүйлүүд иргэдийн сонголтод тас цохигдоно оо. Харамсалтай нь ардчиллын үр шимийг хүртчихээд ардчиллаа устгах гээд зүтгээд байдаг хүн манайд байна даа.

-Хашир улстөрчийн хувьд та өнөөгийн улс төр цаашид хэрхэн үргэлжилнэ гэж харж байгаа вэ?

-Төрийн авлигын үүд болсон улс төрийн нам, сонгуулийн тогтолцоо, санхүүжилтэд эрс өөрчлөлт хийхгүй бол энэ намууд чинь улсаа цөлмөөд дуусах нь. Идэж ууснаа уудлалцсан маргаан нь илүү хурцдах байх. Тал талдаа бүлэг, хувь хүний эрх ашгаа хамгаалах гээд улс төрийн хурцадмал байдал үүсгэвэл түүнийг нь дөрөөлөөд өөр тийшээ алхаж байгаа хэсэгт олз л болох байх.

-Тэгвэл эрх баригчдын дотоод зодоон ямар үр дүнд аваачих вэ?

-Намуудыг, улс төрийг, нийгмийг хагалж хувааж байж, хуваагдсан талцал, зөрчил дундаас нь олз олдог арга барил сүүлийн 10-аад жил хүчтэй явж байна. Зарим талаараа Монголын улс төрд байгаагүй шинэ технологи гарч ирээд байна. Түрүүчийн парламентын бүрэн эрхийн хугацаанд М.Энхболд гэдэг хүн Х.Баттулгаар дамжуулж Ардчилсан намыг хувааж тоглодог байв. Энэ хоёрын тэр түншлэл Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаж, МАНАН-ийн засаг байгуулахад хүргэсэн. Дараа дараагийн олон ч зүйл дээр иймэрхүү юм болж байсан. Сүүлд нь АН, МАН-ын дарга нарын хуйвалдаан сонгуулийн хуулиас пропорционал тогтолцоог Цэцээр хулгайлуулж, улс төрийн авлига, хулгайг цэцэглүүлдэг 76 тойрогтой УИХ-ыг үүсгэсэн дээ. Жамаараа л явж байна. Өнөөдөр Х.Баттулга У.Хүрэлсүхээр дамжуулж МАН-ыг хагалан тоглож, өнөөх 65 нь ээлжээр хулгай хийгээд л сууж байна.

-Засгийн газар огцорч магадгүй нөхцөлд байгаа. Засгийн газрын оршин тогтнох хугацаа одоо бүр нэг жил рүү орж ирж байна гэж халаглах хүмүүс байна л даа. Энэ тухайд?

-Олон нийтийн итгэлийг алдаад, авлигын асуудлуудаа шийдэж чадахгүй бол огцрохоос өөр аргагүй байлгүй дээ. Энэ улс оронд уг нь бодлого ярьж, зөв зарчим сануулж, ажил урагшлуулж, хөгжил авчирдаг нь олон байвал зүгээр сэн. Одоо ч хулгай ярихаас өөр сэдэвгүй болчихлоо доо.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *