Categories
мэдээ цаг-үе

Э.Ганбат: Өвчтөн өвдөж, шаналж, зовохгүй байх эрхтэй

ЭМЯ, ДЭМБ-тай хамтран зохион байгуулсан “Эрүүл мэндийн тусламжийн чанар, аюулгүй байдал, ёс зүй” үндэсний чуулган өчигдөр боллоо. Чуулганаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, өвчтөний аюулгүй байдал, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг сайжруулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлж олон улсын жишигт хүргэхийн тулд үйл ажиллагаагаа хэрхэн чиглүүлэх талаар мэргэжилтнүүд хэлэлцэв.

Энэ үеэр Монголын анагаах ухааны эрх зүйн хорооны ерөнхийлөгч, эмч, өмгөөлөгч Э.Ганбат “Өвчтөний эрх ба эмнэлгийн тусламж, үйлчилгээ” сэдэвт илтгэл тавьсан юм. Түүнтэй анагаах ухааны эрх зүйн өнөөгийн байдлын талаар ярилцлаа.


-Анагаах ухааны эрх зүй гэж юуг хэлээд байна вэ?

-Энэ бол дэлхий нийтийн нэр томьёо. Өвчтөн, үйлчлүүлэгчийн эрхийн асуудал, эмнэлгийн мэргэжилтний эрх, эрүүл мэндийн талаарх төрийн бүх хууль тогтоомжуудыг нийлүүлээд анагаах ухааны эрх зүй гэдэг. Үүнийг Монголд системчилэн хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Гэхдээ ёс зүйтэйгээ хамт хөгжүүлэх юм. Харин манайх дан ёс зүйгээ баримтлаад явчихсан. Тийм ч учраас эрүүл мэндийн хууль тогтоомжууд дандаа алдаа, оноотой, олон улсын хэм хэмжээнүүдийг бүрэн тусгаагүй байдаг. Иргэний аюулгүй байх бүх эрхийг хангахын тулд төрөөс юу хийх ёстой вэ, эрүүл мэндийн салбарт юуг анхаарах вэ гэдэг тал дээр анагаах ухааны эрх зүйг хөгжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр иргэдийн эрүүл мэндээ хамгаалах, эмнэлгийн тусламж авах эрхийг бусад орны түвшинтэй зэрэгцэх хэмжээний сайн байлгая гэвэл төрөөс цогц арга хэмжээ авах ёстой. Ингэхдээ юун түрүүнд төрийн үйл ажиллагааны асуудал гарч ирнэ. Олон улсын гэрээ, конвенциор хүлээсэн үүргээ биелүүлэх хэрэгтэй. Мөн эрүүл мэндийн салбарын тогтолцоог ДЭМБ-ын зөвлөмж, зааврын дагуу сайжруулах зорилтот ажлыг зайлшгүй хийх. Үүний зэрэгцээ өвчтөн, иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн чадамж, төрлүүдийг хуульд тусгах явдал юм.

-Аливаа асуудалд эмч, эмнэлгийн байгууллагыг буруутгадаг хандлага манайд давамгайлдаг. Энэ талаар таны бодол?

-Европт өвчтөний 19 эрх байхад, манайд долоон эрхийг товчхон заагаад өгчихсөн. Бусад эрхүүд хуульд тусгагдаагүй. Тэгэхээр эдгээр олон эрхийг тусгаснаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа ажилтнуудын хүний эрхийг хангах талын сургалт, дадлыг сайжруулах зайлшгүй шаардлагатай болно. Дээр нь үндэсний аюулгүй байдлыг хангах асуудал нь дан ганц эмнэлгийн мэргэжилтнийх биш. Өвчтөн, үйлчлүүлэгч өөрөөс нь хамаараад аюулгүй байдлын эрсдэл бий болохыг үгүйсгэхгүй. Үүнийг орхигдуулж болохгүй. Мэдээж зарим тохиолдолд 100 хувь эмнэлэг, эмнэлгийн мэргэжилтнээс хамаарсан эрсдэл үүссэн байж болно. Зарим тохиолдолд үйлчлүүлэгчтэй хамааралтай эрсдэл үүсч болно. Тэгэхээр энэ бүгдийг хууль эрх зүйн хүрээнд зөв шийдвэрлэх хэрэгтэй. Үүнд иргэн бүрийн оролцоо чухал. Энэ бүгдийг цогцоор нь авч үзсэнээр зөв замд нь оруулж хөгжүүлнэ. Түүнээс биш эмнэлгийн мэргэжилтнүүд үүнийг 100 хувь дангаараа шийдэх ёсгүй. Жишээ нь, эмнэлэг доторх дотоод халдвар гэж байдаг. Эмнэлгийг ариутгасан ч гэлээ орж, гарах иргэд гутлын улавч өмсөхгүй, олуулаа эргэлтээр орох зэрэг хүндрэл гаргадаг. Эмнэлгийн орчин нөхцөл гэхэд эргэн тойронд шороо, тоос ихтэй байдаг. Тэгэхээр эмнэлэг барихдаа хүртэл орчин тойронд нь ногоон байгууламжтай байхаар төлөвлөдөг байх ёстой. Гэтэл манайд эмнэлгийн талбайг нь өөр хүн аваад байшин барьчихсан байх жишээтэй. Энэ бүх зүйл өвчтөний аюулгүй байдалд нөлөөлж байдаг. Энэ нөлөөллийг эмнэлгийнхэн муу гэсэн утгаар ярьж, хэлж ойлгодог. Үүнээс үүдэн бие даасан, ажил үүргээ гүйцэтгэж байгаа мэргэжилтнүүдийн нэр хүнд болон сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх хандлага бий болсон. Тусламж үзүүлэх бололцоотой гэмтэлтэй хүнд эмч нар бүх бололцоогоороо ажиллаад түргэн тусламж үзүүлж чаддаггүй. Эмчлэх бололцоотой байтал цаг хугацаа алдаж, хүний амь нас эрсдэхэд эмнэлгийн буруу болдог.

-Үүнийг хэрхэн арилгах вэ?

-Төр үүнийг хангах үүрэгтэй. Жишээ нь, түргэний онгоцоор хангаж болно. Нарийн хэлбэл, үүнд чинь мөнгө цаас, алдагдал ярихгүй шүү дээ. Бидний хөрш ОХУ-ын Буриад улс гэхэд өнгөрсөн жил нисдэг тэргээр нийтдээ 700 гаруй алслагдсан дуудлагад явж, 200 гаруй хүний амь насыг аварсан. Нисдэг тэргээ эмнэлгийн тусгай тоног, төхөөрөмжөөр тоноглож, баг гаргаж ажилласан байдаг. Москвад гэхэд эмнэлгийн түргэн тусламжийн онгоц буух 30 буудалтай. 24 цагаар онгоцоор үйлчлэх эмнэлэг ажилладаг. Энэ бол хүний аюулгүй байдал, өвчтөний эрхийн асуудалтай холбоотой. Тэгээд энэ төсөв мөнгө, хүмүүсийн яриад байгаа эрсдэлд нөлөөлж байгаа хүчин зүйлд мөнгө, санхүү, эдийн засгийн бүх юмс орж байгаа. Гэтэл өнөөдөр үүнийг зөвхөн эмнэлэг дээр үйлчилгээ үзүүлж байгаа хүн, мэргэжилтнүүдэд тохдог. Энэ буруу. Мэдээж эмнэлгийн мэргэжилтнүүдийн хууль зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх асуудал чухал.

-Эмнэлгийн ажилтнуудын эрх зүйн боловсролыг хэрхэн дээшлүүлэх вэ. Гадны орнуудын туршлагаас ярихгүй юу?

-Монголын аль ч анагаахын их, дээд сургуульд анагаах ухааны эрх зүй, эрүүл мэндийн салбар, хүний эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй холбоотой эрх зүйн хичээл ордоггүй. Тэгэхэд бусад орнуудад ийм тусгай тэнхимтэй байдаг. Тэнхим нь анагаах ухааны эрх зүйн бүх хичээлүүдээ ордог. Энэ байдлыг хөгжүүлж, эрх зүйн талаасаа сайжруулж байж хүний эрх зүйг хангана. Монгол Улсын бүх хүн эрүүл мэндийн эрх зүйн харилцаанд оролцдог. Зарим нь эрх зүйн харилцаанд оролцдоггүй байх жишээтэй. Гаалийн эрх зүйн харилцаанд гаалиар нэвтрэх үед л оролцоно. Бусад үед оролцохгүй. Тэгвэл иргэн бүр эрүүл мэндийн харилцаанд оролцдог. Яагаад гэвэл бүгд эрүүл мэндийн даатгуулагч. Өвдсөн үедээ ч, өвдөөгүй үедээ ч оролцогч байдаг. Даатгалын шинэ хуулиар би өвдөөгүй байлаа гэхэд миний даатгалаар гэр бүлийн маань хэн нэгэн эмчилгээ хийлгэх боломжтой болсон. Тэгэхээр би оролцогч байгаа биз дээ. Ийм том харилцаа учраас улс орон хүний эрүүл мэндэд онцгой анхаарахгүйгээр бусад эрх, эх орны хөгжил цэцэглэлтийн талаар ярих нь нэг талдаа өрөөсгөл. Учир нь энэ бүхэн иргэдийн эрүүл байхаас эхэлдэг.

-Европт өвчтөний 19 эрх байхад, манайд долоон эрх байдаг гэж та хэллээ. Манайд байдаггүй тэдгээр эрхүүдээс жишээ болгож хэлэхгүй юу?

-Жишээлбэл, Европт өвдөлтөө намдаалгах эрх гэж бий. Энэ бол ямар ч өвчинд хамаарна. Иргэн хүн, эмчлүүлэгч нь өвдөлтөө намдаалгах эрхтэй. Өвдөлтөд шаналж, зовох ёсгүй. Манайд зөвхөн хавдартай хүнд морфин тариаг хийх хуультай. Бусад хүнд өвдөлт намдаах эрхийг хуульчлаагүй. Эмнэлэг хийвэл хийнэ, хийхгүй бол хийхгүй. Ийм л үзэмжийн асуудлаар явж ирсэн. Оношилчихсон бол өвдөлтийг намдааж болно. Оношлохоос өмнө өвчин намдаах эм хэрэглэх эсэх ойлголт нь өөр л дөө. Өвчин намдаах эм хэрэглэчихвэл өвчний шинж тэмдэг өөрчлөгдөх учир онош алдагдана гэдэг. Гэтэл одоо үед техник, технологи хангалттай хөгжсөн учир шинж тэмдгүүдийг компьютероор оношилж болно. Өвдөлт намдсан учраас оношилж чадахгүй байна гэдэг асуудал байхгүй болж эхэлсэн.

-Эмнэлгийн эмчилгээний стандарт олон нийтэд ил биш. Энэ нь ямар үр дагавартай вэ?

-Стандартын асуудал их бүдүүлэг байгаа юм. Мэргэжлийн газар нь боловсруулчихаад байхад Стандарт, хэмжил зүйн газраас баталдаг. Ингэж гаргасан стандартыг мэргэжлийн байгууллагууд нь мөнгө төлж, худалдаж авдаг. Тэгсэн хэрнээ эмч нарыг стандартаар ажилласангүй, иргэдийг мэдээллээр хангадаггүй гэдэг. Жишээ нь, би хамрын хөндийгөө угаалгахаар боллоо гэж бодъё. Иргэн бүр яаж угаадгийг нь мэдэхгүй. Эмч л угаая гэсэн, энд нэг өвчин байх шиг байна гэж л ойлгодог. Тэгэхээр өвчтөнд ямар стандартаар яаж угаадгийг ил болгох хэрэгтэй. Тэгвэл иргэд цахимаар ороод тэр стандартыг нь мэдэх ёстой юм. Тэгээд хамрын хөндий угаахдаа уруулыг дээш сөхөж, цаадах ясыг нь цоолоод хамрын хөндийг нээж угаадаг гэдгийг мэдээд авчихна. Үүнээс гадна гарч болох хүндрэлийг мэддэг болчихвол түүнээс урьдчилан сэргийлэхэд эмчтэйгээ хамт зүтгэнэ шүү дээ. Энэ чинь жолооны дүрэм шиг интернэтэд бэлэн байх ёстой зүйл. ОХУ гэхэд л эмчилгээнийхээ стандартыг нээлттэй болгочихсон.

-Мөнгөөр худалдаж авдаг гэдгийг тодруулахгүй юу?

-Та жишээ нь чих, хамар, хоолойн шинэ эмч байлаа гэхэд эмчилгээнийхээ стандартыг худалдаж авахаас өөр аргагүй. Нэг мэргэжлийн эмчид 20-30 стандарт байна. Өвчин бүрт л стандарт бий шүү дээ. Тэр бүгдийг чинь худалдаж авна гэсэн үг. Оюуны өмчид стандарт хамаарахгүй. Гэхдээ “Стандартчилал, техникийг зохицуулах, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулиар эмчилгээний стандартыг зардаг юм.

Э.ЯНЖМАА

One reply on “Э.Ганбат: Өвчтөн өвдөж, шаналж, зовохгүй байх эрхтэй”

Сайн байна уу?Энэ Ганбат эмчтэй яаж холбогдох вэ?Дугаарыг нь олж өгч туслаач?says:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *