Эрхүү хотын дарга Дмитрий Бердников манай улсад албан айлчлал хийлээ. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга С.Батболд түүнийг хүлээн авч хамтран ажиллах гэрээг шинэчлэн үзэглэлээ. Улаанбаатар, Эрхүү хотууд нь 1996 онд ах дүү найрамдалт хотуудын хэлэлцээрт гарын үсэг зурснаар харилцаа, хамтын ажиллагаа эхэлж байсан түүхтэй. Гэрээг шинэчилснээр боловсрол, хот төлөвлөлт, нийтийн тээврийн чиглэлд хамтран ажиллаж, мэргэжилтэн бэлтгэх боломж нээгдэх гэнэ. Түүнчлэн уламжлалт ноос ноолууран болон мах, махан бүтээгдэхүүнийг Эрхүү хотын зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх аж. Мөн хоёр хотын хооронд аялал жуулчлалын харилцааг хөгжүүлэх шаардлагатай. Улаанбаатар, Байгаль нуур чиглэлийг цааш нь Эрхүү хот руу чиглүүлэх, Эрхүү хотод үйл ажиллагаа явуулж байгаа манай аж ахуй нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх үзүүлэх талаар санал солилцсон байна. Энэ үеэр ОХУ-ын Эрхүү хотын дарга Дмитрий Бердников “Эрхүү хот Монголын үндэсний боловсон хүчнийг бэлтгэх уурхай байж ирсэн. Одоогийн байдлаар 600 орчим оюутан суралцдаг. Мөн бид газар зүйн байршлын хувьд тун таатай, ойрхон байрладаг. Бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд маш сайхан үндэс суурь, таатай нөхцөл бидэнд бий. Үүнийг цаашид хэрхэн ажил болгох вэ гэдэг асуудал байна. Хэд хэдэн боломжтой чиглэл бий гэдгийг харж байна. Тухайлбал аялал жуулчлалын чиглэл бол их боломжтой. Бодит эдийн засгийн чиглэлээр хүнсний чиглэлийг боломжтой гэж үздэг. Мөн ноолуурын чиглэлээр хамтран ажиллах боломж өргөн байна. Зарим нэг борлуулалтын сувгууд нээлттэй болсон. Энэ боломжийг цаашид өргөжүүлэх, чиглүүлэх тал дээр цаашид хамтран ажиллах хэрэгтэй юм” гэлээ.