Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хот тогтвортой хөгжлийн зураглалаа гаргалаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-ыг Улаанбаатар хотын түвшинд хэрэгжүүлэх зураглал” баримт бичгийн төслийг боловсруулж, хэлэлцүүлгийг энэ сарын 5-ны өдөр зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт Сангийн яам, Үндэсний хөгжлийн газар, Үндэсний статистикийн хороо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөр, Азийн сан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн дүүрэг, нутгийн захиргааны байгууллага, судлаачид оролцлоо.

Хэлэлцүүлгийг нээж Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Даниела Гашпарикова нар үг хэлсэн ба оролцогч талууд нийслэлийн ТХЗ-ын зорилгууд, тэдгээрийг хэрэгжүүлэх арга зам, бусад орны туршлагын талаар санал солилцлоо.

Энэхүү зураглалыг НЗДТГ-ын захиалгаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Хүний хөгжил судалгаа, сургалтын төвийн баг нийслэлийн холбогдох албан тушаалтнуудтай хамтран боловсруулжээ. Ингэхдээ ТХЗ, Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-тай нийцүүлж, Улаанбаатар хотын хөгжлийг суурь үнэлгээг үндэслэсэн байна. Түүнчлэн Улаанбаатар Аудит ХХК болон бие даасан судлаачид нийслэлийн урт хугацааны хөгжлийн хандлага, зураглалыг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлж, статистикийн тоо мэдээллийн бэлэн байдлын үнэлгээг гүйцэтгэсэн.

‘Тогтвортой хөгжлийн зураглалыг Улаанбаатар хотын түвшинд хэрэгжүүлэх зураглал’-д “Хэнийг ч орхигдуулахгүй” буюу нийгэм дэх тэгш оролцоо, шударга байдал, иргэдийн оролцоог хангах, “Ямар ч газрыг орхигдуулахгүй” буюу бүс нутаг, газар зүйн байршлаас үл хамааран хөгжлийн үр шимийг хүртэх зарчмыг баримталсан.

Улаанбаатар хотод 2017 оны байдлаар Монгол улсын нийт хүн амын 46 хувь нь амьдарч байгаа бол 2030 он гэхэд 58.8 хувьд хүрэх тооцооллыг Үндэсний статистикийн хороо гаргаад байна. Энэхүү өсөн нэмэгдэх хүн амын төвлөрлөөс үүдэх нийгэм, эдийн засаг, байгаль орчны асуудлуудыг урьдчилан харж, ирээдүйн эрсдэлд бэлэн байх, асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн урт хугацааны, бодлогын цогц баримт бичиг боловсруулсан болно. Улаанбаатар хотын ТХЗ-ыг Нийслэлийн ИТХ-аар батална.

‘ТХЗ-ыг Улаанбаатар хотын түвшинд хэрэгжүүлэх зураглал’-ын төсөлд та саналаа Ulaanbaatar.mn 2018 оны 12-р сарын 1-ний өдөр хүртэл энд дарж өгнө үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *